Баянзүрх дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд 32 хүн бие даан нэр дэвшихээр хүсэлтээ дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлжээ. Хуулийн хугацаанд баримт бичгээ бүрдүүлж өгөөгүй гэдэг үндэслэлээр нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан аж.Энэ талаар бие даагчдын төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Сонгуулийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт “Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. Бие даан нэрээ дэвшүүлэгч нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ” хэмээн заасан байдаг. Дүүргийн сонгуулийн хороо дээрх хуулийн заалтыг талаар дутуу мэдээлэл өгснөөс болж бие даагчид сонгогдох эрхээ эдэлж чадахгүйд хүрчээ.
Энэ талаар бие даан нэр дэвшигч Б.Батбаяр хэлэхдээ “Нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 31-ээр дуусгавар болно гэж хуульд заасан байгаа. Нэр дэвшүүлэх ажиллагаанд юу байх ёстой вэ? гэдгийг дүүргийн сонгуулийн хороо анхнаасаа тайлбарлах ёстой байсан. Гэсэн ч тодорхой мэдээлэл өгөөгүй” гэлээ.