Categories
мэдээ нийгэм

“Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг татан буулгажээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо.

Уг хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэн бөгөөд “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг татан буулгасан байна.

Анх Улаанбаатар хотод Агаарын дүүжин тээврийг нэвтрүүлнэ хэмээн УОК-ын дарга С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга байх үедээ танилцуулахдаа “2021 оны зургаадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3,4 дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно” хэмээн хэлж байв. Дээрх төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй байх талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралд мэдээлж байсан.

Улмаар 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулсан.

Түүнээс хойш сар орчмын дараа төслийн гүйцэтгэгч компани болох Пома групп рүү 16.2 тэрбум төгрөг Эжис рэйл ХХК-руу 6.1 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлсэн мэдээлэл “Шилэн данс” системд байршсан байдаг.

Өнөөдрийн хуралдаанаар,

  • Нийслэлийн өмчийн бүртгэлээс Баянгол дүүргийн 25 дугаар хорооны “Май таун” орон сууцны хорооллын 108 дугаар байрны 181 тоотод байрлах 67.9 мкв талбайтай гурван өрөө сууцыг хаслаа.
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга шинээр барихаар болсонтой холбогдуулан тус төвийн балансад бүртгэлтэй хоёр барилга, байгууламжийг төрийн өмчид шилжүүллээ.
  • Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн балансад бүртгэлтэй барилгыг 89 дүгээр сургуулийн балансад шилжүүллээ.
  • Улс, нийслэлийн хөрөнгө оруулалт болон төрийн өмчийн концессын “зураг төсөл боловсруулах, буулгах, барих, шилжүүлэх” төрлөөр Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 4 барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа.
  • “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК-ийг байгуулахыг дэмжсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *