Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал 15:30 цагт эхэллээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Амархүү болон түүний менежер Б.Гандаваа нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Уг хуралд яллагдагчаар Б.Амархүү, Б.Гандаваа, хохирогчоор Н.Чойжилсүрэн, өмгөөлөгчөөр А.Ганбат, Ц.Туяа, Н.Энхцэцэг, улсын яллагчаар С.Эрдэнэтуяа нар оролцож байна. Шүүгчдэгч Б.Амархүү, Б.Гандаваа нарыг Эрүүгийн хуулийн 11.4.1, 11.6.1-д зааснаар буруутгаж, яллагдагчаар татсан юм.
Эрүүгийн хуулийн 11.4.1-д “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”.
Мөн хуулийн 11.6.1-д “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ.