Categories
мэдээ соёл-урлаг

“Дөрвөн улирлын дуу” нэртэй Япон зургийн үзэсгэлэн нээгдлээ

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей арвин их сан хөмрөгөөсөө үзэгч болон судлаачдад зориулан цуврал үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаад гадаад урлагийн сан хөмрөгөөс Японы модон барын бүтээлүүдээс бүрдсэн ”Дөрвөн улирлын дуу” нэртэй үзэсгэлэнг каталогийн хамт үзэгчдэд сонирхуулахаар болжээ.

Энэхүү үзэсгэлэнг Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан нээсэн бөгөөд нээлтийн ёслолд Японы Элчин Сайдын Яамны Соёл Боловсрол хэлтсийн дарга Ямамато Кейго Хирошимо тэргүүтэй зочид оролцлоо.

Эдгээр бүтээлүүд нь репродукц хэлбэрээр хадгалагдаж байгаа ба үзэсгэлэнд Японы модон барын урлагийн төлөөлөгчид болох 40 гаруй уран бүтээлчдийн зургууд байгаагаас XIX зуунд Дорнын Японы уламжлалт урлагийг дэлхийд таниулсан барын их мастерууд Китагава Утамаро (1753-1806), Сузуки Харунобу (1717/24-1770)зэрэг нэртэй бүтээлчдийн бүтээлүүд шигтгээ нь гэнэ.

Эдгээр барын бүтээлүүд аж байдлын, байгалийн сэдвээс гадна тухайн ард түмний гоо сайхныг илэрхийлэгч эмэгтэйчүүдийн дүрийг голчилж бүтээсэн нь нэн сонирхолтой. Эмэгтэйчүүдийн сэдэвт цуврал бар зургуудад “Үнэнчийн тэмцээн”, “Бүсгүйн өдөр ба цаг мөчүүд”, “Хайр дурлалын сонгомол дуунууд” гэх зэрэг нэртэй өрнөлгүй бэсрэг дүрийн бүтээлүүд олон бий.

Сонирхуулахад, Япон улсаас 50 жилийн өмнө эдгээр бүтээлүүдийг бэлэглэсэн бөгөөд 5 жилийн дараа хоёр улс албан ёсны дипломат харилцаа тогтоож байсан гэнэ. Үзэсгэлэн нэг сарын хугацаатай үзэгчдийн хүртээл болох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *