Categories
мэдээ цаг-үе

Дөрвөн үеэрээ төрд зүтгэж яваа Э.Содномжамцынх

Дөрвөн үеэрээ төрд зүтгэж яваа Э.Содномжамцыг “Танайд өнжье” булангийнхаа зочноор урьсан юм. Өвөөгийнх нь аав хуучнаар Сайн ноён хан аймгийн Дайчин вангийн хошууны хошуу ноёны зөвлөхөөр ажиллаж явсан, өвөө, аав хоёр нь сумын дарга байсан гэх түүхийг сонсоод гэрт нь өнжих хүсэлт тавьсан юм. Э.Содномжамц төрийн албанд хамгийн бага албан тушаалаас яамны төрийн нарийн бичгийн дарга хүртэл албыг хашсан намтартай. Төрд зүтгэсэн жил нь хорь гаруйгаар тоологдоно.

Оны өмнөхөн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын албаа хүлээлгэж өгчээ. Товчхондоо мерит зарчмаар төрд зүтгэж яваа цөөхөн хүмүүсийн нэг. Төрийн хар хүн гэсэн тодотголд жижигдэхгүй хүмүүсийн нэг гэж ойр тойрныхон нь үнэлдэг юм билээ.

Өнжихөөр товлосон өдрийнхөө өглөө утас цохитол “Өө би та нарыг өдөр тийшээ ярих байх гэж бодож байсан юм. Би одоо аавындаа байна. Энд хүрээд ирэх үү. Тэгээд манайх руу явъя” гэж байна. Заасан хаягийг нь удаж төдсөнгүй олоод очив. Аавынх нь ХӨСҮТ-ийн хойд талд орших орон сууцанд амьдардаг юм байна. Гуч орчим насны бүсгүй хаалга нээж өглөө. Ах дүү нараараа цугласан бололтой ид бужигнаж байна. Зочны өрөөний хоймрын буйданд аавтайгаа зэрэгцэж тухалсан Э.Содномжамц биднийг хараад шалавхийн өндийнгөө “Манайхан аавындаа үе үе цугладаг юм. Тэр үе таарчихлаа” гэж инээмсэглэн хэлээд ширээнээ урив. Чанасан мах, ногоотой шөл, чихэр жимс, сүүтэй цай өрсөн ширээнээ суусны дараа аавтай нь хууч дэлгэлээ. Яриа хөөрөө сайтай буурал юм. Хөнгөн хошигнолоор чимсэн хууч яриаг нь сонсоод суухаар цаг өнгөрснийг ч анзаарсангүй. Баянхонгор аймагт насаараа намын удирдах алба, сумын дарга, сумын ИТХ-ыг алба хашсан энэ буурал 2008 онд Улаанбаатарт иржээ. Байсхийгээд л “Манай Эрдэнэцогт сум чинь” гэж ирээд хууч дэлгэнэ. Ерээд оны шилжилтийн хэцүү үед сумын даргын албыг хашиж явжээ.

“Таныг Эрдэнэ-Очир дарга гэхээр Баянхонгорынхон анддаггүй юм билээ. Шилжилтийн хэцүү үед сум удирдах амаргүй биз” гэхэд “Төсөв мөнгө хүрэлцэхгүй хэцүү цаг байлаа. Гэхдээ ямар ч байсан цалингаа архиар тавиагүй ээ” гээд хөгжилтэй инээв. Тэр үед сумын дарга нар цалингаа тавьж чадахгүй аргаа барахдаа хөлс мөнгөнийх нь оронд иргэддээ архи хүртэл тарааж байжээ. Эрдэнэцогт сум Эрдэнэ-Очир гуайг даргалж байх үед өдөртөө үсрээд дөрвөн цаг л мотор асаадаг байж. Мотор асаана гэдэг нь цахилгаан өгч байгаа хэрэг л дээ. Өдөрт дөрөвхөн цаг цахилгаантай өнждөг сумынхнаа 24 цаг гэрэлтэй амьдруулах гэж чадахаараа хөөцөлдөж ажил болгож байснаа ярив. Эрдэнэ-Очир гуай нийгмийн ухааны багшийн мэргэжилтэй гэнэ. Багшилж явсан залуугийн өдрүүдээ дурсах дуртай нь илт. Байсхийгээд л багшилж явсан өдрүүдийнхээ сайхан дурсамжуудыг хөврүүлнэ.

Эрдэнэ-Очир гуайгаас хошуу ноёнд зөвлөж явсан Жамъян өвөөгийнх нь тухай сонирхоход “Өвөө минь тайж хүн байсан юм. Одоогоор бол сэхээтэн хүн гэж ойлгож болох байх. Хошуу ноёныхоо ойр шадарлаж явсан юм билээ. Өнөө цагийнхаар бол Засгийн газрын референт хавьцаа алба юм болов уу” гэж инээмсэглэн хэлэхэд Э.Содномжамц “Аавын яриан дээр нэмээд хэлэхэд миний өвөөгийн аавд “Пайтан” цол олгож байсан юм билээ. Энэ цолны учир утгыг Т.Галсан, С.Дулам зэрэг мундаг хүмүүсээс асууж сурч нэлээд явсан л даа. Сүүлд Баянхонгорынхоо Аюуш гэж хүнээс учрыг нь дуулсан. Өвөөг хошуу ноёндоо зөвлөж явах тэр цагт Ламын гэгээний хошуу их баяжиж хөрөнгөжиж, зөвхөн тэмээ нь гэхэд л нэг бум хүрч л дээ. Нэг бум гэдэг нь 100 мянган тэмээ гэсэн үг. Тэмээг нь бум хүрлээ гээд хошуу нутгийг нь пайтан цолоор шагнасан гэдэг. Хошуу нутагтаа хөрөнгөтэй, буянтай, ард түмэндээ их хүндлэгдсэн маш цөөхөн хүнийг “Пайтан” цолоор шагнаж байж. Тэр хүмүүсийн нэг нь өвөөгийн минь аав” хэмээн ярив. Сайн ноён хаан аймгийн Дайчин вангийн хошуу гэдэгт одоогийн Баянхонгор аймгийн Баян-Овоо, Галуут хавьцаах нутаг хамарч байж.

Эрдэнэ-Очир гуай охиныхоо аягалж өгсөн сүү тунарсан цайг оочлонгоо “Өвөө нь зургаан хүүхэдтэй. Содномжамц миний ганц хүү. Миний хүү чинь хоёр ой хүрээгүй нялх жаахандаа өвөө, эмээдээ очсон юм. Би Зөвлөлт холбоот улсын Москва хотын Комсомолын дээд сургуульд, ээж нь санхүүгийн техникумд сурахаар явсан болохоор өвөөгийн хүүхэд болсон хэрэг. Тавын бидон даахгүй жаахандаа л өглөө эрт босч эмээдээ цай чанаж өгч байсан хүү дээ” гээд хүд хүд инээв. Аавынхаа яриаг инээмсэглэн чагнаж суусан Содномжамц “Би чинь өвөөгийнхөө мэргэжлийг эзэмшсэн хүн байгаа юм. Миний өвөө Цэдэндорж гэж санхүүч хүн байлаа. Хоёр гараараа зэрэг сампинддагаараа гайхагддаг хүн байлаа шүү дээ. Хоёр хүн хоёр талдаа суулгачихаад нэгэнд нь жаахан аяархан, нөгөөд нь арай чанга дууд гэж хэлээд сампиндчихна. Нутгийнхан нь өвөөг махан машин гэж цоллодог байсан юм. Уншаад дуусахад хэлсэн бүхнийг нь хуучин монгол бичгээр жирийтэл биччихдэг хүн байж билээ. Алтангэрэл гэх мэт хуучны судруудыг мөн ч олныг хуучин монгол бичгээр хуулж бичсэн дээ. Зарим судар нь өнөө ч бидэнд бий. Өвөө шинэ үсэгтээ ч мундаг хүн байсан. Нутгийнхан нь өвөөг зорьж ирж өргөдөл бичүүлнэ. Одоо эргээд бодох нь ээ өргөдөл бичүүлэх гэж ирсэн хүн өвөөгийнд өдөржин өнждөг байжээ. Өвөө өчнөөн зүйл асууна, өнөө хүн байдаг бүхнээ тоочно. Тэгж тэгж оройхон хэрд өргөдлийг бичиж өгнө дөө. Өвөөгөөр өргөдөл бичүүлсэн ямар ч хүний хэрэг бүтчихдэг байсан шүү” гэж өвөөгөө дурсав. Э.Содномжамц “Өвөө Эрдэнэцогт сумын дарга байсан. Аав ч бас сумынхаа даргаар ажилласнаа сая танд ярилаа. Би тэтгэвэрт гарахынхаа өмнө Эрдэнэцогт сумандаа очоод дарга хийвэл гурван үе дамжих гээд байгаа биз” гэж хэлээд хөгжилтэй инээв.

Э.Содномжамцын ээж санхүүч мэргэжилтэй хүн аж. Байсхийгээд хүүгийнхээ тухай бахархсан өнгөтэй дурсамж яриа дэлгэнэ. Содномжамц сурагч байхдаа ангийнхаа улаан бүчгүй хүүд галстукаа тайлж өгчихөөд ээжтэйгээ дэлгүүр орж улаан бүч авч байж. Ээж нь хүүдээ шинэ улаан бүч авч өгсөн үеэ “Манай ангийн хүүхдийг багш загнаад болохоор нь өрөвдөөд өгчихсөн юм аа ээжээ гээд ирэхэд нь би их баярлаж билээ. Миний хүү зөөлөн, хүнлэг сайн хүн болох нь ээ гэж олзуурхсан шүү” хэмээн дурсав.

Аавынд нь хоёр цаг хэртэй саатсаны дараа Э.Содномжамцынх руу явлаа. Түгжрээ багатай, сэлүүхэн замаар жирийлгэсээр “Маршал таун” хотхонд ирэв. Тусдаа гарсан хүү охин нь аавындаа иржээ. Хоёр ой хүрсэн болов уу гэмээр жаахан хүү, ой дөнгөж хүрч яваа гэмээр сөөсгөр охин зочны өрөөний хивсэн дээр тоглож сууна. Өвөөгийн амины ач, зээ хоёр үе үе ирдэг хүндтэй зочид нь гэнэ. Гэрийн эзэн орж ирэнгүүтээ л зээ охиноо өвөр дээрээ суулгаж, ач хүүгийнхээ толгойг өхөөрдөн илэв. Э.Содномжамц “Миний зээ чинь өвөөдөө амь шүү дээ. Заримдаа бүр ээждээ очихгүй өвөөдөө эрхэлдэг юм” гэж байна. Гэрийн эзэгтэй В.Цэнд ширээ дүүрэн хоол унд, чихэр жимс бэлджээ. Э.Содномжамц “Манай хүн математикийн багш, эрх зүйч мэргэжилтэй. Багшилж байгаад хүүхдийн байцаагч болсон юм. Хоёр жилийн өмнө тэтгэвэрт гараад, одоо хүүхдүүдтэйгээ хувийн компаниа ажиллуулж яваа” гэж гэргийгээ танилцуулав.

Эхнэрийнхээ аягалсан цайг оочлонгоо “Түрүүн аавынд байхдаа төрсөн сумаа хэлээгүй юм байна. Би Баянхонгорын Баян-Овоо суманд төрсөн хүн. Аав Галуут суманд, ээж Баян-Овоо, Баацагаан сумдын зааг дээр төрсөн” хэмээн нутаг усаа сонирхууллаа. Эднийх таван хүүхэдтэй аж. Хоёр том нь хувийн бизнестээ хүч сорьж яваа бол гурав дахь охин нь хойд хөршид гадаад харилцааны чиглэлээр суралцдаг юм байна. Өнөөхөндөө гэртээ ирж амжаагүй, Эрдэнэтэд хөл хорионд ороод байгаа гэнэ. Биднийг очдог өдөр охин нь карантинаас гарах байсан ч хөл хориог долоо хоногоор хойшлуулсан мэдээ аав, ээжид нь иржээ. Хоёр бага нь дунд сургуулийн сурагч аж.

Гэрийн эзэнтэй дэлгэсэн хууч сүүлдээ төрийн алба тойрсон асуудлууд руу оров. Төрд ажилладаг хүмүүс сонгуульд өрсөлдөх боломж бүрдвэл төрийн албаныхны цалин хөлс, ахмадуудын тэтгэвэр гэх мэт амьдралд хэрэгтэй олон шийдвэр гарч эхэлнэ, төрийн албаны цалин хөлсөнд анхаарвал хувийн хэвшлээ дэмжиж байгаа нэг гарц, эрэлтийг нь дэмжиж байж хувийн хэвшлийнхэн орлоготой аж төрөх учраас төрийнхөн, тэтгэврийнхнээ дэмжихээс аргагүй, нийслэл өнгөрсөн өвөл дарга, цэрэггүй хөдөлж байж утаагаа багасгаж чадсан, цаашдаа ч шийдэх асуудал нийслэлд олон байна гэх мэт яриа хөөрөө бидний дунд өрнөлөө. Малчдыг орлогожуулах, хөдөөгийнхнийг дажгүй амьдруулах гол гарц нь орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгтэй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд зээлийн хүүг буулгах ёстой, зээлийн хүүг буулгая гэвэл хадгаламжийн хүүнээс татвар авах гэх мэт гарцыг эрж хайхаас аргагүй гэх мэт ажил хэрэгч яриа ч багагүй хугацаанд өрнөв. Хэдэн цаг хүртэл ажилладаг байсныг нь сонирхоход “Шөнийн хоёр хүртэл бичиг цаастай ноцолдоод суух энүүхэнд. Бичиг баримтуудад гарын үсэг зурахгүй бол аж ахуйн нэгжүүдийн ажил зогсоно. Цаана нь өчнөөн хүний амьдрал яригдаж байхад төрийн албаны хүнд чөлөөтэй суух, амрах эрх байхгүй шүү дээ” гэж хэлээд инээмсэглэв. Эхнэр нь хажуугаас “Бид чинь хоёулаа төрийн албаны хүмүүс. Цаг наргүй ч гэлээ түмний төлөө ажиллах сайхан шүү” гэж байна. Содномжамц аавынхаа “Дарга бол арга гэсэн үг юм, ямар ч хүнд асуудлаас арга гарц хайж болох чадвартай байж л бусдыг удирдана. Түүнээс биш уурлаж загнаж ажилчдадаа стресс өгдөг хүнийг дарга гэхгүй. Ингэвэл ярга болчихно” гэсэн сургаалийг амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээж яваагаа ажил ярих зуураа хавчуулав.

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд боссон япон стандартын эмнэлгийн бүтээн байгуулалтад олон хүн олзуурхжээ. Дэлхийн түвшний нарийн шинжилгээг эх орондоо өгөхөөс эхлээд олон давуу талыг монголчуудад өгсөн энэ эмнэлгийн санхүүжилтийг хайж, эрж, шийдсэн гол хүн нь Э.Содномжамц юм байна. АШУҮИСД-д хоёр удаа томилогдож ажиллахдаа амжуулсан том ажил нь энэ гэнэ. Тэрээр “Эмнэлэг, сургууль, багш ажилчдын орон сууц, оюутны дотуур байр, номын сан, спорт заал, хичээлийн байрууд, зогсоол зам талбайтай гээд бүгдийг төлөвлөсөн. Монголын анхны их сургуулийн цогцолбор болох юм. Ажлын явц 70, 80 хувьтай яваа. Олон шөнийн нойроо хассаны хүчинд үр дүн нь гарсанд баярлаж суугаа” гэлээ. Сувилагч нарын 95 хувь нь гэр хороололд амьдардагт эмзэглэж явдгаа хуваалцсан Содномжамц коронавирусийн цар тахлын үед онцгой сайн ажиллаж байгаа хэмээн ажиллаж явсан салбарынхнаа магтав. Хувийн хэвшлийнхнээ уриалж санхүүжилт босговол дажгүй мөнгө цугларна гэсэн санал ч хэлээд амжив. Тэрээр саяхан ХӨСҮТ-д ариутгалын уусмал гэх мэт хэрэгтэй зүйлсийг нь хандивлажээ.

Гэрийн эзэн шашны чигийн ном унших дуртай гэнэ. Номын санд тэр чигийн ном нэлээд харагдав. Нутгийнхаа Их Богд уулын зургийг зочны өрөөний ханандаа залжээ.

Дундговийн хүүхэн хутагтын эмээл, хазаар, ташуурыг нэг өрөөндөө хүндэтгэлтэйгээр байрлуулсан нь орж ирсэн хэний ч нүдэнд содон тусахаар юм. Содномжамц ээжийнхээ аавын зургийг бурханчилж залсан шалтгаанаа “Өвөөгийн дүрийн дээхнэ байгаа энэ зүйл бол нанжвандан. Миний өвөөгийн үзэж байсан Дүйнхорын номны хураангуй тарни байгаа юм. Гачин лам гэж манай нутгийн хувилгаан бий. Тэр хүн ингэж зохиомжилж, Тулгаа гэдэг хүн бүтээсэн” хэмээн тайлбарлалаа. Гэрийн эзэн өвөөгийнхөө хөргийг ажиж зогссоноо “Миний өвөө Сэр-Одын Дамдинсүрэн гэж хүн байлаа. Хүүхэд байхад сонин юм их ярьдаг байжээ, одоо эргээд бодоход. Шашин талын ном сонирхдог маань өвөөгөөс улбаатай. Өвөө нэг шөнө тэнгэр өөд заагаад “Тэр цувсан гурван одыг харж байна уу. Дунд талын одны дээхнэ жижигхэн од үзэгдэнэ үү” гэж асуулаа. Тийм байна гэсэн чинь “Тэр од энэ гурван одноос өнгөрч байж бороо хур орж, зун цаг дэлгэр болох учиртай юм. Гэтэл тэр хавиас гарч чадахгүй бараг хоёр сар болчихлоо” гэж билээ. Бас нэг удаа би “Өвөө йог, бясалгалаар хичээллэсэн хүн газраас тохой хөндийрдөг гэх юм. Дээр үед тийм чадалтай лам байсан уу” гэж асуухад “Мэсний тарнийг тоонд нь гүйцээгээд уншчихад мэс хүнийг дийлэхгүй болно. Гүртэн хүмүүсийн биеийг сураар баглаж байж гүртэн буулгадаг байлаа. Тэгэхгүй бол шувуу шиг нисээд алга болчих гээд байдаг юм. Тэгэхээр тохой хэртэй хөндийрөх амархан байлгүй яахав” гэж билээ. Энэ мэт олон сайхан дурсамж бий” хэмээн хууч дэлгэв.

Биднийг гарахын өмнөхөн гэрийн эзэн охиноороо нөгөө өрөөнөөсөө аргал авчруулж дунд хэмжээний сангийн бойпорт уугиулангаа “Хааяа аргалын утаа үнэрлэхээр нутагтаа очсон мэт сайхан мэдрэмж төрдөг шүү. Би ер нь их хөдөөсөг хүн. Зав л гарвал салхинд гарахыг боддог. Миний хамгийн үнэтэй өв хөрөнгө бол өвөөгийн минь гэр. 16 хүүхэд өсгөсөн буянтай буурлуудынхаа гэрийг зундаа барьдаг. Дөрвөн жил тутам болдог ургийн баяртаа аваад очихоор манайхан өвөөгийн гэрийг хамгийн дээд талд нь барь гээд сүйд болно шүү дээ” хэмээв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *