“Чихэрлэг ундааны онцгой татварын эрүүл мэнд, эдийн засгийн ач холбогдол” сэдвээр уулзалт, хэлэлцүүлэг боллоо
Уг хэлэлцүүлэг нь чихэрлэг ундаанд татвар ногдуулснаар эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн ач холбогдлыг бодлого боловсруулагч нарт танилцуулах, дэмжлэг авах зорилготой юм.
Монгол Улс халдварт бус өвчний тархалтаараа Номхон далайн бүсийн орнуудаас долдугаар байранд орж байгаа аж. Манай орны хүн амын нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 55 хувийг зүрх судасны эмгэгийн өвчлөл эзэлж, жил бүр дунджаар 57 тэрбум төгрөгийг зөвхөн энэ өвчнийг эмчлэхэд зориулж байгаа юм.
Сургуулийн сурагчдын дөрвөн хүүхэд тутмын нэг, тав хүртэлх насны найман хүүхдийн нэг нь илүүдэл жин, таргалалттай байгаа нь анхаарал татахцуйц байгаа юм. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гишүүн орнууддаа чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулах замаар илүүдэл жин, таргалалттай үр дүнтэйгээр тэмцэхийг зөвлөмж болгосон байдаг. Монгол Улсад чихэрлэг ундааны борлуулалтанд үндэсний үйлдвэрүүд давамгайлж, сүүлийн таван жилд тус бүтээгдэхүүний үйлдвэрлэл 30 хувиар, жимсний шүүстэй харьцуулахад хийжүүлсэн ундааны үйлдвэрлэл эрс өсчээ.
Монгол Улсад чихэрлэг ундаанд 20 хувийн онцгой татвар ногдуулахад татварын орлого жилд 98 орчим тэрбум төгрөг байх ба улсын төсвийг 91 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой байгаа аж. Мөн жилд нэг хүнд ногдох энэ төрлийн ундааны хэрэглээг 23 орчим хувиар бууруулах ач холбогдолтойг АШУҮИС-ийн НЭМС-ийн багш, судлаачид тооцож гаргасан байна.
Д.ХУЛАН