Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний эсрэг яаралтай дархлаажуулалтын сарын аяныг орон даяар энэ сарын 18-наас эхлүүлсэн билээ. Энэхүү дархлаажуулалтын аян орон нутгуудад үргэлжилсээр байна. Тухайлбал,
Завхан аймгийн хэмжээнд дархлаажуулалтын аяны хүрээнд 24 сумын 12,866 өрхийн 245,200 толгой үхэр, 144 гахайг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулахаар 60 ажлын хэсэг, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын бүрэлдэхүүнтэй хяналтын дөрвөн ажлын хэсэг ажиллаж байна.
Архангай аймгийн 19 суманд 70 ажлын хэсэг гарч нийт 326 (их эмч 47, бага эмч 49, туслах 82, багын дарга 78, жолооч) хүнтэй ажиллаж байгаа юм. Аймгийн онцгой комиссоос шүлхийн дархлаажуулалтын ажлыг удирдан чиглүүлэх, хяналт тавих үүрэг бүхий есөн ажлын хэсэг гарчээ.
Дархан-Уул аймагт дархлаажуулалт хийхээр 15 ажлын хэсэгт 82 хүн ажиллаж байна. Үүнд, 15 малын эмч, Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас туслах ажилтан 52 хүнийг өдрийн 56 мянган төгрөгөөр цалинжуулан ажиллаж байгаа аж. Нийт 50,900 үхэр, 3,864 гахай урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ.
Сэлэнгэ аймагт тус аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн шуурхай хуралдааныг зарлан хуралдуулж шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын явц, нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцан цаашид салбар хоорондын уялдаа холбоог сайтар ханган дархлаажуулалтыг богино хугацаанд үр дүнтэй хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч хамтран ажиллаж байгаа гэдгийг мэдээллээ.