Categories
гадаад мэдээ

Дүрвэгсдийг буцаах хууль батлав

Грекийн парламент тус улсад ирж буй цагаач дүрвэгсдийг Турк руу буцаах
тухай хууль баталжээ. Энэ хууль нь Европыг зорьсон асар олон дүрвэгсдийн
давалгааг зогсоох зорилготой Европын холбоо, Туркийн саяхан гарын үсэг
зурсан гэрээний нэг хэсэг ажээ.

Ирэх даваа гаригаас Грекийн хилээс буцсан цагаач, дүрвэгсдийг Турк
хүлээн авч эхлэх юм. Гэвч дотоод, гадааддаа улс төрийн хямралтай Турк
улс тэдгээр дүрвэгсдийг хүлээж авах ямар ч бэлтгэлгүйгээс дүрвэгсэд их
санасан газар есөн шөнө хоосон хононо гэдэгтэй адил зүйл болох вий гэж
хүмүүнлэгийн, хүний эрхийн олон улсын байгууллагууд анхааруулжээ.
Дүрвэгсдийн асуудлаар ЕХ, Турк харилцан тохиролцсон гэрээ байгуулсны
дараа Грек цагаач, дүрвэгсдийн тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах
шаардлага тулгарсан бөгөөд парламентын 300 гишүүний 169 нь нэмэлт
өөрчлөлт оруулахыг дэмжсэн байна.

Өнгөрсөн жил нэг сая гаруй цагаач дүрвэгч Турк, Грекээр дамжин хөлөг
онгоцоор Европ руу гарсан бөгөөд дүрвэгсдийн дамжин өнгөрөх болсон Грек
дүрвэгсдийн хямралд хамгийн их өртсөн. Европын орнууд дүрвэгсдээс нүүр
буруулж, хилээ хаахад Грекийн хил дээр түгжигдсэн дүрвэгсдийн хуарангууд
олноор бий болсон юм. ЕХ, Туркийн харилцан тохиролцсон гэрээний дагуу
Грек рүү хууль бусаар гарсан цагаач, дүрвэгсдийг ирэх даваа гаригаас
эхлэн Турк руу буцаах юм.

Харин дүрвэгсдийг хүлээж авсныхаа хариуд Туркт Европын холбоо
хүмүүнлэгийн тусламж олгохоор болж, улс төрийн олон асуудал дээр найр
тавьсан билээ.

Гэвч дүрвэгсдийг хүлээж авахад ердөө хоёр өдөр үлдээд байгаа ч Турк ямар ч бэлтгэлгүй байгаа ажээ.

Туркийн хилийн Дикили хотын бүртгэлийн төвд дүрвэгсдийг хүлээн авч
бүртгэхээр төлөвлөж байгаа ч тэнд одоо хоосон байгаа гэнэ. Хотын оршин
суугчид тус хотод дүрвэгсдийн хуаран байгуулахыг эхнээсээ эсэргүүцэж
эхэлсэн бөгөөд дүрвэгсдийг зөвхөн түр хугацаагаар байрлуулна гэж байгаа
ажээ.

Хүний эрхийн олон улсын байгууллага Эмнести интернэшнл Туркийг
дүрвэгсдийг Сири рүү хүчээр буцааж байгаа тухай мэдээлсэн юм. Харин Турк
үүний хариуд мэдэгдэл хийгээгүй байна. Сирид иргэний дайн дэгдсэнээс
хойш 2.7 сая хүн Турк руу дүрвэн гарсан гэсэн тоо гарчээ. Тэр дүрвэгчид
одоо хоёр орны хилийн ойролцоо дүрвэгсдийн хуаранд амьдарч байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *