Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Дүнжингарав-2015” уралдааны их насанд Х.Цогтсайханы хар морь түрүүллээ

Жил бүрийн хаврын тэргүүн сард зохион байгуулдаг “Дүнжингарав-2015” төвийн бүсийн уралдаан өнгөрсөн бямба гаригт Хүй долоон худагийн Цагаан хөтөлд боллоо. Газар, газрын хурдан хүлэг шандас сорьдог “Дүнжингарав” азарга, их нас, соёолон, эрлийз дээд насны дөрвөн ангилалд болсон. Хурдан морины уралдаан үзэж хийморио сэргээх гэсэн моринд дуртай түмэн олон үндэсний хувцсаараа гоён цуглажээ. Замын цагдаа нар аль хэдийнэ ирчихсэн автомашины хөдөлгөөнд зохицуулалт хийж байлаа. Бас хуушуурын гэрүүд гарчихсан халуун хоол, цайгаар үйлчилж байв. Хуушуурын гэрийн гадаа нэг хүн зогсоод “Энэ жилийн хамгийн эхний наадмын хуушуураа идээрэй. 1000 төгрөг шүү” гэж орилох ажээ.

“Дүнжингарав-2015” уралдаан өмнөх жилүүдэд голдуу хоёр өдөр үргэлжилдэг байв. Уралдааны эхний өдөр эрлийз насны морьд, дараагийн өдөр монгол адуу уралддаг байлаа. Харин энэ жил шинийн 4-нд болохоор товлогдоод байсан уралдаан цаг агаараас шалтгаалан шинийн 10 буюу хоёрдугаар сарын 28 хүртэл хойшлоод байв. Ингэж хойшилсон нь “Сэлэнгэ хурд-2015” хангайн бүсийн, “Хутагтын хурд-2015” говийн бүсийн уралдаанаас ганцхан өдрийн өмнө болж таарлаа. Тиймээс дөрвөн насны уралдааныг нэг өдөрт багтаан уралдуулсан юм. Ингэж нэг өдөр уралдуулсан нь цаг зав хэмнээд, үзэгч олонд таатай байна гэж наадамчин олон ярьж байв.

“Дүнжингарав-2015” уралдаан эрлийз дээд насныхаар эхэлсэн. Энэ насанд 74 хурдан хүлэг шандас сорьсноос Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Н.Даш-Өлзийн зээрд азарга тод магнай боллоо. Н.Даш-Өлзий уяачийн тухайд сүүлийн хоёр жил одтой сайхан наадаж байгаа. Өнгөрсөн жилийн сар шинийн босгон дээр алдарт уяач болж байсан бол өнөө жил манлай уяач цолтой болсон. Түүний зээрд азарга өнгөрсөн жилийн Дүнжингаравт түрүүлж байсан бөгөөд уяа сойлгыг нь алдарт уяач Т.Батцоож тааруулжээ. Аман хүзүүнд Орхон аймгийн уяач н.Бямбажаргалын хээр үрээ хурдалсан. Хээр үрээгаймгийн алдарт уяач Х.Баярсайхан уяжээ. Айргийн гуравт Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, аймгийн алдарт уяач н.Барсүрэнгийн хээр азарга хурдлав. Хээр азарга өнгөрсөн жилийн “Дүнжингарав”-аар айргийн тавд хурдалж байсан. Энэ жил мөн айрагдсанаар улс, бүийн уралдаанд тав дахь удаагаа айрагдаж байгаа юм байна. Дөрөвт, Булган аймгийн Баяннуур сумын харьяат аймгийн алдарт уяач Ч.Содномын хар үрээ, тавд Монгол Улсын манлай уяач П.Мэндбаярын хонгор морь тус, тус айрагдаж торгон жолоо өргүүллээ.

Азарганы уралдаанд 148 хурдан хүлэг уралдахад Монгол Улсын тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн сөөнгө зээрд азарга түрүүлж торгон жолоо өргүүлсэн. Улс, бүсийн наадамд олон удаа уралдаж түрүү, айраг авч байсан сөөнгө зээрдийг морь сонирхогчид андахгүй. 2012 оны төвийн бүсэд эрлийз дээд насанд айрагдаж байсан. 2013 оны Эрдэнэтийн хаврын бүсийн эрлийз дээд насанд мөн айрагдаж байлаа. Өнгөрсөн жилийн Дүнжингараваар л гэхэд эрлийз дээд насанд уралдаад наймд давхисан. Харин энэ жил монгол адуунд уралдаж түрүүлсэн нь олон хүний анхаарлыг татсан юм. Зохион байгуулах комиссынхон сэрвээний өндрийг хэмжиж үзээд зөвшөөрсний үндсэн дээр сөөнгө зээрд монгол азарганы ангилалд уралджээ. Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, аймгийн алдарт уяач Т.Болдбаатарын халиун азарга хурдалсан. Халиун азарга 2011 онд шүдлэндээ Хөвсгөл, Өвөрхангай аймгийн ойн наадамд айрагдаж, 2013 оны зүүн бүсийн наадамд давхар уяагаар түрүүлж байсан. “Дүнжингарав-2013”, Эрдэнэтийн хаврын бүсэд айрагдаж байсан халиун азаргыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат аймгийн алдарт уяач Мөнх-Эрдэнэ уяж хурдлуулжээ. Айргийн гуравт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, аймгийн алдарт уяач Х.Түмэнбаярын хонгор азарга хурдаллаа. Хонгор азарга дааган насандаа Өмнөговь аймгийн 80 жилийн уралдаан болон Говьшанхын наадамд түрүүлж байсан түүхтэй. Дөрөвт, Орхон аймгийн харьяат, Монгол Улсын алдарт уяач Д.Дэлгэрбаярын хонгор азарга, тавд Орхон аймгийн харьяат Г.Баярцогтын хүрэн азарга тус, тус хурдаллаа.

Их насанд хамгийн олон буюу 191 хурдан хүлэг тоосоо өргөхөд Төв аймгийн Баян сумын харьяат аймгийн алдарт уяач Х.Цогтсайханы хар морь түрүүллээ. Х.Цогтсайхан удам дамжсан уяач гэдгийг морь сонирхогчид мэднэ. Анх 2006 онд Төв аймгийн Баянцагаан, Дундговийн Цагаандэлгэр сумын наадамд хүрэн азаргаа аман хүзүүдүүлж байснаас хойш улс, бүсийн наадамд олон түрүү, айраг аваад байгаа. Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Н.Зоригтын хул морь, айргийн гуравт Булган аймгийн Могод сумын харьяат аймгийн алдарт уяач Н.Базаргарьдын хонгор халзан морь хурдаллаа. Дөрөвт, Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат, аймгийн алдарт уяач Адъяагийн Мөнхбаярын хавчиг загал морь хурдаллаа. Загал морь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Дагвадоржийн унаган адуу билээ. Айргийн тавд Монгол улсын манлай уяач Г.Баттөмөрийн бор морь тус, тус хурдаллаа.

Соёолонд 160 гаруй хурдан хүлэг шандас сорьсон. Торгон жолоог Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Бадраагийн хар үрээ өргүүлэв. Хар үрээг Монгол улсын тод манлай уяач Агваансамдангийн Батсүх уяж, хурдлуулжээ. Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Д.Хишигжаргалын цагаан үрээ хурдлав. Айргийн гуравт өнгөрсөн сар шинийн босгон дээр манлай уяач болсон О.Батбилэгийн зээрд үрээ, дөрөвт Төв аймгийн Угтаалцайдам сумын Баттөрийн халиун үрээ, тавд Дашдоржийн үрээ тус, тус хурдаллаа.

“Дүнжингарав” уралдааны үеэр нийт дөрвөн насны морь уралдахад 11 хүүхэд мориноос унасан юм. Мориноос унасан хүүхдүүдэд эмнэлгийнхэн үзлэг хийхэд ямар нэгэн ноцтойбэртэл гэмтэл байсангүй.Бас хүүхдийн эрхийн байгууллагын төлөөлөл уралдааны үеэр аюулгүй байдлын хяналт тавин ажиллаж байсан юм.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *