Америкийн “Warner Bros. Pictures”, “Legendary Pictures” компанийн шинжлэх ухааны, уран зөгнөлт “Dune” уран сайхны кино нээлтээ хийснээсээ хойших хоёр дахь долоо хоногтоо 15.53 сая ам.долларын орлого олсноор Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг дахин тэргүүлжээ.
Ингэснээр нээлтээ хийсэн эхний 10 хоногтоо Хойд Америкийн зах зээлээс 69.4 сая ам.долларын орлого олжээ. Франц, Канад гаралтай найруулагч Дени Вильнёвын бүтээсэн “Dune” кино нийт 165 сая ам.долларын өртгөөр бүтсэн бөгөөд шинжлэх ухааны, уран зөгнөлт бүтээлүүдийн дундаа дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг, Америкийн зохиолч Франк Хербертийн 1965 онд бичсэн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээжээ.
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд “Dune” хилийн чанадаас 21.4 сая ам.долларын орлого олсноор нийт орлогынх нь хэмжээ 292.1 сая ам.долларт хүрсэн байна. Тухайлбал, Хятадын кино зах зээлийн платформ болох “Maoyan”-ы мэдээллээр, “Dune” 10 хоногт 212 сая юанийн /33.1 сая орчим ам.доллар/ орлого олжээ. Тус киноны дараагийн анги 2023 оны 10 дугаар сард нээлтээ хийх төлөвтэй байна.
Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтын хоёрдугаарт “Universal”, “Blumhouse” компаниудын бүтээл “Halloween Kills” 8.5 сая ам.долларын орлоготойгоор жагсжээ. Энэхүү киноны хувьд гурван долоо хоногийн хугацаанд нийт 115.11 сая ам.долларын орлого олоод байна. Америкийн найруулагч Дэвид Гордон Гриний бүтээсэн уг кино нь 2018 онд нээлтээ хийн 250 сая ам.долларын орлого олсон “Halloween” киноны үргэлжлэл юм.
Жагсаалтын гуравдугаар байрт Жеймс Бондын цувралын шинэ анги болох “No Time to Die” /7.81 сая ам.доллар/ бичигдсэн бол “Funimation” компанийн “My Hero Academia: World Heroes’ Mission” /6.4 сая ам.доллар/, “Sony” компанийн “Venom: Let There Be Carnage” /5.75 сая ам.доллар/ кинонууд удаалсан байна.