Categories
мэдээ нийгэм

Дундговьчууд багийн зохион байгуулалтаа төв, хөдөөгөөр нь хоршуулжээ

Бусад аймагт жишээ болохуйц шинэлэг хэлбэрийн баг зохион байгуулалтыг Дундговьчууд туршиж байна. Эднийх 66 багийнхаа 24-ийг холимог буюу өөрсдийнх нь нэрлэснээр “нарны цацраг” хэлбэрээр зохион байгуулжээ. Сумын төвийн айл өрхүүдийг хөдөөгийн багуудад хувааж харъяалуулсан энэ холимог зохион байгуулалтын үр дүнд төрийн байгууллагууд хүчээ тарамддаггүй бол төв, хөдөөгийн айл өрхүүд нь мал, бизнесээрээ хорших давуу боломжтой гэж Дундговь аймгийн ЗДТГ-ын дарга О.Чулуунбат хэллээ. Хамгийн гол үр дүн бол сум, багийн ажлын чиг үүрэг давхардахгүй, багийн төв бүрийг албан контортой болгох, тохижуулах, техник хэрэгслээр хангахад зарцуулдаг төсөв хэмнэгдсэн гэнэ. Санаа авах үүн шиг ажлууд багуудад ч байна. Адаацаг сумын Өвөр-Урт багийн Засаг дарга Д.Сүнжидмаа багийн айл бүрээ “Өрхийн тооцооны дэвтэр”-тэй болгожээ. Энэ дэвтэрт малын тоо, ахуйн орлого зарлага, төрд төлсөн татвараа хүртэл тооцоолж болдог байна. Сайнцагаан сумын Арвижих багийн Засаг дарга Л.Батбаяр сонирхлын гурван бүлэг байгуулсан нь үр дүн өгчээ. Төрийн олон төрлийн халамжид хамрагддаг иргэдээс голдуу бүрдүүлсэн энэ бүлгүүд тохижилт цэвэрлэгээ, урлаг соёлын болон аяллын хөтөлбөр хариуцан зохион байгуулдаг бөгөөд энэ нь хөдөөгийн иргэдийн идэвхийг сэргээхээс гадна төсөв хөрөнгө шаардсан ажлыг төрөөс дэмжлэг авалгүй хийх гарц болдог гэнэ.
Дундговь аймаг 2009 онд “Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр” баталж, хөтөлбөрийн хүрээнд жишиг баг бий болгох, төрийн үйлчилгээг цахимжуулах, багийг чадавхижуулах чиглэлээр дорвитой ажлууд хийсэн талаар аймгийн Засаг дарга С.Сүхбаатар танилцуулсан юм. Тухайлбал, төлбөр зардлынх нь талыг аймгаас гарган багийн Засаг дарга нараа төрийн удирдлагын чиглэлээр эчнээгээр сургаж мэргэшүүлснээр Дундговь аймгийн багийн Засаг дарга нар бүгд дипломын болон бакалаврын дээд боловсролтой болжээ. Боловсрол, мэргэжлийн түвшин ахихын хэрээр ажлын арга барил нь дээшилж, илүү үр дүнтэй ажиллах болсон гэж аймгийн удирдлагууд дүгнэж байна. ЗГХЭГ-аас анх удаа засаг захиргааны анхан шатны нэгжийн үгийг сонсч байгаа “Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлэг Дундговь аймагт болох үеэр тэд ийнхүү туршлагаа хуваалцсан юм.
Хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, төвөөс алслагдсан байдлаас хамаарч орон нутгийн төсвийг тооцоолон олгодог. 40 мянган хүн амтай, газар нутгийн хэмжээгээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн 4,5%-ийг эзэлдэг,нийслэлээс 280 км-т байрладаг Дундговь аймагт харьцангуй бага төсөв хуваарилагддаг. Хуваарилагдсан төсвөө хамгийн үр дүнтэй зарцуулдаг аймгийн нэг хэдий ч дорвитой бүтээн байгуулалт хийж чадахгүй байна, Сум хөгжүүлэх сангаар дамжуулж ирсэн төсвийг зарцуулах зөвлөлд багийн Засаг дарга нар багтдаггүй учраас анхан шатны саналыг тусгахгүй байна. Иргэний бүртгэлтэй холбоотой хууль журмаа шинэчлэхгүй бол улсын статистик зөрүүлсэн хуурамч өрхийн асуудал шийдэгдэхгүй нь, өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны аргачлал буруу байгаагаас мянгат малчин айл хүртэл ядуу ангилалд багтаж, энэ нь цаашлаад хөдөөгийнхөнд чиглэсэн төрийн бодлогод алдаа гарахад хүргэж байна. Нутаг дэвсгэрийн зохион байгуулалтаас хамаарч Дундговийн зүүн бүсийн иргэд өөрийн баг, сумаасаа биш Говьсүмбэрээс төрийн үйлчилгээ авах нь хялбар боллоо, хөдөөгийн багууд төр-иргэн хоёрыг улам холдуулдаг тул явуулын, эсвэл төв-хөдөөгийн холимог багтай болговол дээр, уул уурхайн нөлөөгөөр Өмнөговь аймгийн малчид Дундговь аймгийн малын бэлчээр лүү түрсээр байна гэх мэт санал, шүүмжийг Дундговийнхон хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *