Categories
мэдээ нийгэм

Дундговь аймгийн уяач Н.Энхзул: Эрлийз, монгол морины ялгааг мэдэхгүй хот газрын юмнуудаар уяачдын холбоо дүүрсний гор гарч байна

Жил бүрийн наадмаар хурдан морины уралдааны эргэн тойронд бага гэлтгүй маргаан дэгддэг. Энэ жилийн наадмын хурдан морины уралдаан шүдлэн насаар эхэллээ. Уралдааны өмнө хүүхдэдээ хамгаалалтын хувцас бүрэн өмсгөөгүй, эрлийз морьтой гэсэн шалтгаанаар 137 үрээг хасж 91-хэн үрээ төрийн наадамдаа тоосоо өргөлөө. Монголын морин спорт уяачдын холбооноос тавьж буй шаардлага энэ жилийн хувьд арай хатуу байв уу эсвэл учачдын маань наадмын бэлтгэл дутуу байв уу ямартай ч нэлээд маргаан дагууллаа. Монгол үрээг нь эрлийз гээд хасчихсанд гомдолтой байгаагаа олон уяач илэрхийлж байсан юм. Энэ үеэр Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Нармандахын Энхзултай цөөн хором ярилцлаа.

Сайхан наадаж байна уу? Таны үрээ ямар шалтгаанаар хасагдчихваа?

– Миний үрээг яагаад хассаныг ойлгосонгүй.Гайхаад барахааргүй л юм болоод байна. Морь шүдэлж байх үед би хашааны хойноос дурандаж байсан юм. Тэгэхэд миний хонгор үрээний сэрвээг хэмжиж үзэлгүй, унаач хүүхдийг маань мориноос нь буулгачихсан. Яваад очтол морь шүдэлдэг хашаан дотор 137 үрээг уралдуулахгүй гээд аваад үлдчихсэн, тусгай хамгаалалтаар хамгаалчихсан байсан. Дотор нь миний хонгор үрээ бас хасагдчихсан байх юм. Яав ийв, юу болов гэхэд бидний хэнийх нь ч үгийг юман чинээ тоогоогүй, хашаа руу ойртуулаа ч үгүй. Эрлийз, монгол морь хоорондоо ямар ялгаатайг ялгаж мэдэхгүй хот газрын юмнуудаар уяачдын холбоо дүүрсний гор гарч байна. Тэд уяач хүн ямар их хөдөлмөр зарцуулж байж морио давхиулдгийг ойлгохгүй л дээ. Хязаалан насны айргийн таван үрээн дотор ганцхан монгол үрээ ирлээ. Тэр нь айргийн тавд хурдалсан, манай галын үрээ. Эхний дөрвөн үрээ бүгд эрлийз. Үүнийг ганцхан би мэдээд хэлж байгаа юм биш. Наадамчид, ялангуяа уяачид бүгд мэдэж байгаа. Гэтэл ийм (хүрээ үрээ рүүгээ заав) үрээг хасчих юм даа. Морь огт мэддэггүй хүн ч монгол үрээ мөн байна гээд хэлнэ дээ. Гэтэл энэ морины комиссынхон тийм хүмүүсээс долоон дор юм байна. Баян, эрх мэдэлтэй хүмүүсийн морь эрлийз байсан ч хамаагүй монгол морьдтой уралдаад, айраг түрүү авч болдог. Ядуу ардын хүүгийн морь хэн ч харсан монгол байхад уралдаж болдоггүй яачихсан наадам юм бол доо.

Унаач хүүхдийн чинь хамгаалалтын хувцас, хэрэглэл дутуу байсан юм болов уу?

-Иж бүрэн хувцастай байсан.

Түрүүн уяачдын комисс дээр морио хөтлөөд очиж байсан. Морио яагаад хасагдсаныг тодруулж чадав уу? Юу гэж байх юм?

-Би энэ жил анх удаагаа наадамд оролцож байна. Ганцхан хонгорүрээтэйгээ л ирсэн. Гэтэл өнгө үзэмж харсан хэдхэн хүний балгаар үрээгээ уралдуулж чадсангүй. Надад айраг түрүү авах гэхээсээ илүү төрийн наадамд хүлгийнхээ тоосыг нь харчихъя л гэсэн бодол байсан. Гэтэл үнэхээр эвгүй сэтгэгдэлтэй үлдчихлээ. Би түрүүн морины комиссын зарим хүмүүстэй уулзаад “Та нар яагаад миний үрээг хасчихсан юм бэ. Би та нарт харуулах гээд хөтлөөд ирлээ. Яг юунаас нь болоод хасчихсан юм бэ, эрлийз гэх ямар үндэслэл байгааг нь хэлчих” гэсэн. Тэд ямар ч хариулт хэлэлгүй гэр рүүгээ орчихсон. Нэг нь “би хариуцлагыг нь хүлээнэ” ч гэх шиг балай юм хэлнэ лээ. Уяач хүний бүтэн жилийн хөдөлмөрийг үгүй хийснээ ойлгож байгаа юм уу. Олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагынхны өмнө үрээнийхээ сэрвээг хэмжүүлмээр байна. Энд манай Дундговь аймгийн гурван үрээ хасагдчихсан байна. Морины комиссынхон гарч ирээд “Чиний үрээг ийм үндэслэлээр хассан” гээд худлаа ч хамаагүй тайлбар хэлчихвэл миний сэтгэл жаахан ч атугай тайвширна. Яагаад хасагдсаныг нь мэдэхгүй ингээд байж байх надад үнэхээр гомдолтой байна. Сэрвээний өндрөөр хасагдсан бол эсвэл үнэхээр эрлийз байсан бол би юу ч ярихгүй. Ингэж явах утгагүй шүү дээ. Баяр наадмын хууль дүрмийг хүндэлнэ. Гэтэл өнөө цагт миний хонгор үрээ шиг ийм цэвэр монгол үрээ ховорхон доо.

Таны үрээ ямар угшилтай вэ?

-Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат аймгийн алдарт уяач Даваацэрэн ахын цэгээн азарганы төл. Өнгөрсөн жил Дундговь аймгийн тэгш ой, Дунд говь аймгийн баруун бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Саяхан нэг бэсрэг наадамд түрүүлчихээд ирсэн. Энэ жилийн наадамд тун дээгүүр давхина даа гэж горьдож байтал ийм юм болчихлоо.

Дундговь аймгаас төрийн наадамдаа зорьж ирээд морио уралдуулж ёадаагүй гэхээр…?

350 км-ын цаанаас зорьж ирлээ. Энэ улаан гантай жил үрээнийхээ уяа сойлгыг тааруулах гэж ямар их хөдөлмөрлөснийг энэ дээд албан тушаалтай хүмүүс ойлгохгүй байна. Мал мэдэхгүй ганцхан ийм нөхрийн балгаар өөрийнхөө бүтэн жилийн хөдөлмөрийг сүйтгүүлсэндээ гомдолтой байна. Монгол наадам мань мэтийн эгэл ардын биш, мөнгөтэй хүмүүсийн наадам болчихжээ. Түрүүн шүдлэн насны морьд мордохын өмнө мандаттай нөхөр очоод л, шүдэлдэг хашаан дотроос санасан морио хөтөлж гаргаад, хасчихаж байна лээ. Морины комиссын хүн биш шүү дээ. Би тэгэхийг нь дурангаар харсан. Үүнийг юу гэж ойлгох вэ.

Таны үрээ огт эрлийз хольцгүй биз дээ?

-Жинхэнэ монгол адуу. Би хүрэн үрээнийхээ удам судрыг гурван үеэр нь мэднэ. Надтай хамт яваа манай нутгийн уяачид, нутгийн ард олон бүгдээрээ мэднэ дээ. Энэ хавар “Хангарьдын хурд”-д миний хонгор үрээ мордсон. Эрлийз энэ тэр гэж ямар ч хэл ам гараагүй шүү дээ. Угаасаа монгол морь юм чинь.

Цаашдаа эрлийзийг нь эрлийзтэй, монголыг монголтой нь уралдуулдаг болохын тулд маны бодлоор яах ёстой вэ?

-Морь мэддэг, ялгаж таньдаг хүмүүсийг морины комисст ажиллуулах хэрэгтэй. Шинжлэх ухаан хөгжсөн өнөө үед сэрвээг нь хэмжээд, хийц галбирыг нь нүдэн баримжаагаар харж байгаад хасах эсэхээ шийддэг ийм бүдүүлэг байдлаасаа ангижрах цаг нь болсон. Мориноос цусны шинжилгээ авчихаж болно шүү дээ.

Шүдлэн насанд монгол үрээнүүд айрагдсан уу?

-Үнэхээр үйлдэрлэг байдал талаас нь харвал андашгүй эрлийз үрээнүүд байна лээ.

Морины комиссынхон дорвитой хариу хэлэхгүй бол та яая гэж бодож байна?

-Наадам нэгээр дуусах биш дээ. Дараа дараагийн наадамд уяачдын хөдөлмөрийг битгий ингэж салхинд хийсгээрэй гэж захья. Үнэндээ өөр хэлэх үг алга. Хэлээд ч нохой хуцаж байгаа чинээ тоох хүн алга, Морины комист.

Та аймгийн наадмаас хэдэн түрүү, айраг аваад байгаа вэ?

-Би энэ жилийн цагаан сарын босгон дээр Аймгийн алдарт уяач цол авсан. Одоогоор аймгийн наадмаас дөрвөн түрүү, арван айраг хүртээд байна даа.

Дараа жил улсын наадамдаа ирж оролцох уу?

-Яг тодорхой хэлж чадахгүй нь ээ.Хаа холоос төрийн наадмаа зорьж ирэх сайхан л юм. Даан ч энэ жил маш их урам хугарлаа. Хэдхэн хүний үзэмжээр өөрийнхөө хөдөлмөрийг ингэж тоглуулж байхаар төрж өссөн орон нутагтаа наадах шиг жаргал байхгүй юм биш үү. Ядаж л миний морьдыг цэвэр монгол цустай гэдгийг нутаг усныхан маань бүгд андахгүй сайн мэднэ дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *