Categories
амьдралын-өнгө мэдээ

Дундговь аймаг: Газрын доройтол, цөлжилтийн нөхцөл байдлыг судлан зураглал гаргана

2021 оны зургадугаар сараас 10 дугаар сарын 20-ныг хүртэл таван сарын хугацаанд Дундговь аймагт газрын доройтол, цөлжилтийн үнэлгээ зураглал гаргах судалгааны ажил хийхээр боллоо.

Тус аймгийн нийт нутгаар цөлжилт нүүрлэж, байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэн, бэлчээрийн хомсдол үүссэн тул аймгийн ХХААГ-аас санаачилга гаргасны үндсэн дээр ус судлаач, доктор, профессор Д.Чандмань төсөл боловсруулж, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас дэмжин санхүүжүүлэхээр болжээ.

Судалгааны ажлыг хэрэгжүүлэхэд ХХААХҮЯ, Дундговь аймгийн ЗДТГ, аймгийн ХХААГ ургамал судлал, хөрс судлал, ус цаг уур, уур амьсгал судлаач, ойжуулалт нөхөн сэргээлт зэрэг салбарын 12 эрдэмтэн судлаачид хамтран ажиллах ажээ.

Энэхүү судалгааны хүрээнд цөлжилтийн шалтгааныг тодруулж, байгаль, цаг уурын өөрчлөлтийг тодорхойлон, бэлчээрийн даацыг тооцон, үнэлгээ өгөх ба дараах үр дүнг гаргахаар төлөвлөсөн байна. Тодруулбал:

1.Аймгийн 15 суманд бэлчээрийн хөрс, ургамлын өнөөгийн төлөв байдлыг тодорхойлж, бэлчээрийн төрлийн зураглал, хөрсний шинж чанарын зураглалыг шинэчлэн зохиох,

2.Сум бүрээр бэлчээрийн хөрс ба ургамлан нөмөргийн доройтлын зураг гаргах,

3.Аймгийн хэмжээнд цөлжилтийн зургийг шинэчлэн зохиох,

4.Гадаргын ус буюу гол, горхи, булаг шанд, гүний ус, энгийн уурхайн болон гүн өрмийн худгийн байршлын зургийг гаргах,

5.Байгаль цаг уурын (олон жилийн дундаж мэдээгээр) өөрчлөлтийг илрүүлэн үнэлгээ өгнө.

6.Сум бүрээр талхлагдан доройтсон газрын байршлыг тогтоож, нөхөн сэргээх, бэлчээр сайжруулалт хийх зөвлөмж гаргах,

7.Байгаль хамгааллын менементийн төлөвлөгөөг ойрын (5 жил) болон дунд (10-15- жилээр) хугацааны төлөвлөлт хийх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *