Шинэ оны эхний өдрөөс гурван төрлийн татвар нэмэгдэнэ. Үүний дотор Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай нэмэгдүүлэх бөгөөд цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар дөрвөн шатлал бүхий татвар ногдуулах юм. 1.5 сая төгрөг хүртэлх цалинтай бол одооных шигээ 10 хувийг нь татварт өгдгөөрөө өгнө. Харин 1.5-2.5 сая төгрөгийн цалинтай бол 15 хувь, 2.5-3.5 сая төгрөгийн цалинтай бол 20 хувь, 3.5 саяас дээш цалинтай бол 25 хувийг тус тус Хувь хүний орлогын албан татварт суутгуулахаар болж байгаа юм. Ингэснээр 10-15.4 хувийн татварын ачаалал иргэдийн нуруун дээр очиж байна. Татварын энэ бодлогыг харахад яалт ч үгүй Монголын нийгмийн дунд давхаргыг дуусгах, доод давхарга руу нь уусгах гэсэн бодлого яваад байгаа юм.
Үнэндээ нийгмийг дээд давхарга нь биш дунд давхарга нь чирдэг. Аливаа нийгмийн дунд давхаргын нийгэмд эзлэх хувь аль болох их байхын хэрээр эдийн засгийн өсөлт нэмэгддэг. Нийгмийн дунд давхаргын өсөлт эдийн засгийн өсөлттэй шууд хамааралтай гэсэн үг. Дундаж давхаргын айлуудын хэрэглээ их, хэрэглээний нэр төрөл нь олон учраас худалдан авалт их хийдэг болохоор ямар ч бизнест түлхэц болдог эерэг нөлөөтэй. Тийм ч учраас дундаж давхаргыг баялаг бүтээгчид, баялаг бүтээхийг өдөөгчид гэдэг. Түүнчлэн нийт хадгаламжийн дийлэнхийг энэ давхаргынхан бүрдүүлдэг болохоор тухайн улсын санхүүгийн аюулгүй байдлыг барьж байдаг гол хүмүүс. Мөн дундаж давхаргынхан эрүүл мэнддээ ихэд анхаарч, боловсролд ихээхэн ач холбогдол өгдөг нийгмийг хүчирхэг, эрүүл байхад нөлөөлдөг гол үндэс нь гэж үздэг. Гэтэл 2018 оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх ХХОАТ нь өнгөц харвал “баячууд”-ын хөрөнгөнөөс хумслаад улсдаа оруулаад эргээд ядуусаа тэжээх гэж байгаа мэт ташаа сэтгэгдэл төрүүлж байгаа юм. Дундаж давхаргынхныг хэзээ ч баячууд гэдэггүй юм л даа, уг нь. Үнэндээ уг татвар нь Монголын хүн амын дийлэнх хувийг эзэлж байгаа ядууст огтоос хамаагүй юм. Ерөөсөө дундаж давхаргынхныг мөлжих, татварын дарамтад оруулж хөлийг нь сульдааж сөхрөөгөөд эцэст нь Монголыг дундаж давхаргагүй болгох л хахир бодлогыг эхлүүлж байгаа юм. Одоогийн байдлаар та бидний дунд 1.5 саяас дээш төгрөгийн цалин авдаг иргэд гэвэл үнэндээ гялайсан, гялгардуухан манай дунд давхаргынхан л байна шүү дээ. Тэд нийт хүн амын 35 хувийг эзэлж байгаа гэх боловч сүүлийн жилүүдэд хувийн бизнесүүд дампуурч, олон компани үүдээ барьсантайгаа холбоотой хувь нь буурсаар байгаа юм. Тэгтэл 3.5 сая байтугай, сард хэдэн төгрөгийн цалин авдгаа ч мэддэггүй, орлого, ашгийнхаа хэмжээг мэддэггүй маш олон баячууд Монголоор дүүрэн л байна даг. Тэднээс татвар авах, татвараар жигдлэх татварын бодлого алга л байна. Баячуудаас татвар аваад ядуусыгаа харж үзмээр юм, энэ үед. Үгүй яахав тэд бизнес эрхэлж байгаа болохоор аж ахуйн нэгжийн татвараа төлдөг байх. Гэхдээ 10 хувийн татвараа төлчихдөг юмаа гэхэд орлого нь нэмэгдээд татварын шатлал нь өсөөд ирэхээр 25 хувийн татварыг төлөхгүй байхын тулд компаниа хэдэн хэсэг болгож салгаж, задалж татвараас яаж л бол яаж зугтаах түм буман аргатай. Тэр томчуулынхаа орлоготой яг таг тооцоо бодож чадахгүй байж 1.5 саяхан төгрөгтэй дундчуулыг уг нь оролдохгүй байвал зүйгээрсэн.
Дунд давхаргыг дэмжинэ, нийгмийн дунд давхаргын хүрээг тэлнэ гэж бүгд л ярьдаг хэрнээ ингэж татвараар дарамталж нийгэмд эзлэх хувь хэмжээг нь бууруулахаар зүтгэсэн нь хэний санаа, хэний сэдсэн ажил вэ.
Сарын 1.5 сая төгрөгийн цалинтай иргэн 170 мянган төгрөгийг, 2.5 сая төгрөгийн цалинтай бол 330 мянгыг, 3.5 саяас дээш цалинтай бол 615 мянган төгрөгийг тус тус татвар өгнө гэсэн үг.
Сүүлийн мэдээгээр 900 мянга орчим татвар төлөгч бүртгэлтэй байгаа бөгөөд нийт татвар төлөгчдийн 95 орчим хувь нь 10-аас бага хувиар татвар төлөх юм. Үлдсэн таван хувь нь буюу дунд давхаргынхан татварын шатлалд хамрагдаж 10 хувиас их татвар төлөхөөр байгаа нь харамсалтай. Дундаж давхаргынхнаа ингэж дарамталж шим шүүсийг нь сорж, доод давхарга руу “өшиглөсөн”-ийнхөө үр дүнд 2018 онд татвараас 51.5 тэрбум төгрөг олно гэж үзэж байгаа юм.
Хүн амын дунд явуулсан судалгаагаар уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.2 сая төгрөг байгаа юм. Гэтэл эл салбарт ажиллаж байгаа иргэдийн хувьд мэргэжлээс шалтгаалах өвчин, хүнд нөхцөл, гэр орноосоо жилийн ихэнх хугацаанд хол байдаг гэдэг шалтгаануудын дэргэд тэр авч байгаа цалин нь үнэндээ хангалтгүй. Уурхайчид ирэх оноос хэрэгжиж эхэлж байгаа уг татварыг эсэргүүцэж өөрсдийнх нь эрхийг зөрчиж, ялгаварлан гадуурхаж байгаа гэдгийг сошиалаар илэрхийлж байна. Үнэндээ Монголын нийт өрхийн тавхан хувь буюу 43.3 мянган нь л 2.1 саяас дээш төгрөгийн орлоготой. Тэр орлогыг нь өрхийн гишүүдийнх нь тоонд хуваавал ямар тоо гарахыг та бид мэднэ.
Харсаар байж бүхэл бүтэн нэгэн чухал давхаргыг устгах гэсэн энэ татварын бодлогыг хэрэгжүүлэхээс нь өмнө зогсоож, эргэж харах нь зүйтэй. Ажил төрөл хийж гэр орноо тэжээж, ахан дүүсээ өөд нь татдаг анхиатай нэгнээ бид хэзээнээс хайрлаж хүндлээд аль болох дараа болохгүйсэн гэж хичээдэг. Гэтэл энэхүү татварын хуулиар бол тэр анхиатай, арчаатай, толгой сийрэг нэгнээ ажлаас нь гаргаад ам бүлээрээ, бөөнөөрөө гэрийн мухар сахиж утаа баагиулсан ажилгүй хэдэн юм л болчих гээд байна даг. Дэмжиж дээшлүүлж, хамтаараа жаргалтай амьдрахын оронд бүгдийг нь ядуусын давхаргад харьяалуулах гээд байгаа нь яавч монгол хүнээс гарах ухаан биш ээ.