Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах “Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээний хамгийн хүнд сорилт болох марш, гүйлтийн тэмцээн сугалааны дагуу Булган, Завхан, Архангай, Өвөрхангай аймгуудын тасгийн гараагаар эхэллээ.
Дөрвөн аймгийн тамирчин сурагчдын бичиг баримт, бусад хэрэгслийг бүрэн эсэхийг цэгийн ахлах шүүгч, шүүгч нар шалгасны дараа багууд 15 минутын зайтай гараанаас гарцгаав.
Өдгөө дээрх тасгууд гараанаас гарснаар 6 км замыг туулна. Ингэхдээ гүйлтийн явцад 7 цэгт буюу гранат шидэлт, саадын зурвас, буудлагын дасгал, тактикийн ажиллагаа, эмнэлгийн болон холбооны норматив, цэргийн байр зүйн норматив, химийн нормативын дасгалыг багаараа гүйцэтгэж байна.
Гараа, барианы ахлах шүүгчээр Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Л.Жамбалсүрэн, шүүгчээр ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир,спортын тасгийн мэргэжилтэн, хошууч З.Бат-Оргил, ХЗЦК-ын Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн хэлтсийн Биеийн тамир, спортын офицер, дэд хурандаа С.Энхтайван нар ажиллаж байна.
21 аймаг, 9 дүүргийн шилдэг тасгуудын марш гүйлтийн тэмцээнийг үзэхээр орон нутгийн иргэд, сурагчдын ар гэрийн төлөөлөл хүрэлцэн ирж, урам зоригоор тамирчдыг дэмжсээр байна.
Ташрамд онцлоход, тэмцээн зохион байгуулах ажлын хэсгийнхэн уралдааны цэгүүдэд холбоо мэдээлэл, хяналтын камерыг бүрэн суурилуулсан ба сурагчдын эцэг эх, аймаг, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабынхан, бусад баг тамирчдад цэгүүд дэх дасгалын гүйцэтгэлийг дэлгэцээр шууд үзэх боломжийг олголоо гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.