Categories
мэдээ цаг-үе

Дугуйн олгойн дээр хавтан бэхэлчихээд Хурхын голоор аялж байсан ангийнхан


Монгол Улсын төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн нэрэмжит Хэнтий аймгийн Биндэр сумын арван жилийн дунд сургуулийн 47 дугаар төгсөлтийн хамт олныг “Нэг ангийнхан” буландаа онцолж байна.

Арвин түүхтэй энэ сургуулиас төрсөн алдартнууд олон. Москвагийн олимпийн наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин Цэндийн Дамдин агсан, хөдөлмөрийн баатар н.Шириндэв, гавьяат жүжигчин Д.Ичинхорлоо нарын олон алдартнууд энэ сургуульд боловсорч амжилтын их аяндаа мордож байсан түүхтэй.

Тэртээ шинэ мянган гарч байхад л дөнгөж сургуульд орж байсан жаахан хүүхдүүд өнөөдөр өөр өөрсдийн эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж явна. А.Мөрөн, Б.Бадамгарав, Б.Жаргалмаа, Га.Ганцэцэг, Н.Мөнжаргал, Долгор нарын шилдэг багш нарын сэтгэл зүтгэлийн үр дүнд бэлтгэсэн шавь нар нь салбар бүрт л гялалзаж байна.

Энэ хамт олны төлөөллөөс дэлхийд данстай тамирчин, шилдэг барилгын инженер, архитектур, эмч, их сургуулийн багш, дасгалжуулагч, нар төрсөн. Түүнчлэн эх орны хилээ хамгаалж буй цэргүүд, төрийн албанд ажиллаж буй залуус ч бий.

Бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээр хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин С.Батцэцэгийг “дээш нь харуулж” байсан цөөхөн тамирчдын нэг олон улсын хэмжээний мастер Зоригтын Болортунгалаг энэ ангийнх. Алдарт бөх Иван Яриганы нэрэмжит олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд түрүүлж төрийн дууллаа эгшиглүүлж байсан энэ охин дэлхийд нэрээ дуурсгасан шилдэг тамирчин юм. Мөн З.Тунгалагбаатар, Э.Асралт, Т.Баярмаа нар спорт аяллын улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан гавьяатай.


АЯЛАГЧ АНГИЙНХАН

Байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн араараа модтой Биндэръяа нутгийн хүн зон байгальтайгаа уялдаатай аж төрдөг. Энэ ангийнхан ч тийм. Сургуулийн газарзүйн багш Г.Үржинсүх хүүхдүүдийг ширээний ард суулгаж, номын хуудас эргүүлэхээс илүү сум орон нутагтай нь танилцуулж, эх байгалиа хайрлаж хамгаалах сэтгэхүйг хүүхдүүдийн ухамсарт суулгахыг илүү үздэг байжээ. Энэ ч утгаараа ангийнхныг аялалд авч явдаг байж. Явганаар аялж байгалийн сайхантай танилцдаг байсан хамт олон сүүлдээ завьтай аялдаг болжээ. Тухайн үед зориулалтын завь байсангүй. Том дугуйны олгойн дээр хавтан бэхэлж уяад л, урт шургаагаар сэлүүр хийж Хурхын голын дагуу хэд хоног аялж байсан дурсамж энэ хамт олонд бий. Хүүхдүүдийн хүсэл сонирхлыг үнэлсэн АНУ-ын жуулчид 10 хүн сууж аялах зориулалттай рафтинг завь дурсгаж байсан нь одоо хэр нь сургуульд хадгалагддаг юм билээ. Аяллын завьтай болсон ангийнхан өргөн Ононгоо хөндлөн гулд туулж Биндэр нутгийн байгалийн сайхныг биширч явсан нь хүүхдүүдийг ирээдүйн мэргэжлээ сонгоход нь нөлөөлжээ. З.Тунгалагбаатар “Актив энд Адвенчер Турс Монгол” компанийн маркетингийн менежерээр ажилладаг. Энх байгалиа хайрлах сэтгэлтэй болж төлөвшихөд газарзүйн багш Г.Үржинсүхийн байгуулсан гавьяа их хэмээн ангийнхан ярьж байна лээ. Д.Содном цаг уурчийн мэргэжлээ завьтай аялж явахдаа л сонгосон аж.

Энэ хамт олны хүүхэд насны ихэнх хугацаа нь Онон голын ойролцоо л өнгөрчээ. Зун нь хужиртталаа усанд сэлнэ, хясаа барьж иднэ. Хажуугаар нь загас барина, сумын дэлгүүрт зарж чихэр боохор аваад идчихдэг байж. Харин өвөл нь сумын хойд талын уулнаас цүнхээ дороо хийгээд л үдэш болтол гулгана. Арай том болоод ирэхээрээ цанаар гулгадаг болсон аж. Толь шиг тунгалаг Онон голын мөсөн дээгүүр өдрийн турш гулгаж тоглох нь тэдний хувьд аз жаргал. Хавар, намартаа бол Нарсан хонгил, Яргуй хавцал гээд үзэсгэлэнтэй газруудаар аялчихна. Интернэтгүй үеийн эдний бага нас ингэж л өнгөрсөн байна. Биндэр нутгийн зон олон ажилсаг, эдний хамт олон ч тэр. Хөдөлмөрийн баатар Доржхандбаатарын зээ Г.Мөнх-Оргил эдний ангийнх. хөдөлмөрийн баатрын зээ хүү нь хөдөлмөрч бүтээлч хүүхэд байсан талаар ангийнхан нь ярьж байлаа.

Хөвгүүд нь хадлан бордоо, охид нь жимс ногоо түүхээс авахуулаад ажил мундахгүй. Чацаргана хураалтад анги хамт олноороо явж хөглөж байсан дурсамж ч бий гэнэ. Ийм л эгэл орчинд өссөн хамт олон салбар бүрт сайн ажиллаж, манлайлж явна.

Энэ хамт олны төлөөллүүдээс багш нар олон. Х.Оюун-Эрдэнэ Их засаг их сургуулийн багшаар ажилладаг бол Т.Баярмаа, У.Мөнжаргал нар мөн л багшийн мэргэжил эзэмшжээ. Э.Мэргэн Монгол Улсын их сургуульд ажиллаж байна. Буриад үндэстэн ястнаараа бахархдаг тэрбээр “Амин тоонто” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажилладаг. Э.Асралт нийслэлийн 63 дугаар сургуульд биеийн тамирын багшаар ажилладаг. Түүний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дасгалжуулж тусгай олимпийн наадамд заалны хоккейн төрлөөр өрсөлдөж шагналт байр эзэлж байжээ.

Эмч нар ч хэд хэд бий. Х.Биндэръяа АШУИС-ийг төгсөж өдгөө шүдний эмчээр ажилладаг гэнэ. М.Гэрэлтнаран, О.Даваасоёмбо, Г.Үүрийнтуяа, З.Хишигжаргал нар эрүүл мэндийн манаанд зогсож буй. Харин хилийн манаанд Г.Билгүүнтамир, Э.Ууганбаяр, Батжаргал, Мөнгөнзул нар зогсож байна. Усанд гавшгай сэлдэг тэрбээр үерлэж улаанаа эргэж байсан Онон голоос хүний амь аварч гавьяа байгуулж байсан удаатай. Түүнийг Онцгой байдлын алдар, Хан Хэнтийн алдартан, хөдөлмөрийн яамны жуух бичгээр шагнаж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр алдаршуулж байсан аж. Энэ мэт үлгэр жишээ залуус энэ хамт олон дунд олон бий. Мөн М.Хаш-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт алба хашдаг. Банк санхүүгийн салбарт Э.Урангоо ажилладаг. Б.Хатанбаатар, Э.Болд нар барилгын инженерийн мэргэжил эзэмшиж эх нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж явна. Л.Ангарагсандуй аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд алба хашдаг юм байна.

Урлагийн авьяастнууд ч олон. Д.Ононцэцэг, Э.Жарантай “Ёохор” буриад бүжгийн наадамд удаа дараа амжилттай оролцож байсан. Д.Ононцэцэг аймгийнхаа бүжгийн аваргаар шалгарч байсан зэрэг амжилтуудыг нь дурдахад зай талбай их авна.

Мөн гэрэл зургийн хичээлд авьяастай Ц.Баярсайхан одоо “Urban jeans” брэндийн дизайнераар ажиллаж байгаа аж. Э.Цолмонбаяр Төмөр замын дээд сургууль төгсөж мэргэжлээрээ ажиллаж байгаа юм. Шатрын спортоор аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцдог байсан Э.Энхцэцэг хуульчийн мэргэжил эзэмшжээ.

Өнгөрсөн зун Б.Түвшин Хурх тосгоны баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж сумын заан цол хүртсэн юм. Ер нь эдний ангид сум овооны наадамд зодоглож түрүүлж үзүүрлэдэг залуус олон би. Э.Оюун-Эрдэнэ, Г.Мөнхбаатар, Ж.Мөнх-Оргил нар овоо тахилгын наадмуудад ногт ганзагалж очиж шөвгөрчихөөд буцаж байсан удаа олон бий. Мөн Н.Гандаваа үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний шагналт байрт шалгарч байсан удаатай. Мөн уяачид ч олон. У.Анхбаяр уяа сойлгыг тааруулдаг шарга азарга Хэнтийн хойд бүсийн уралдаанд түрүүлж голынхноо баярлуулж байсан удаатай. Д.Хувьтай, Э.Алтанбагана гээд залуусын уясан хурдан хүлгүүд сум орон нутгийн наадамд тогтмол айрагддаг.

47 дугаар төгсөлтийн хамт олон спортын уралдаан тэмцээнд манлайлж оролцдог. Сумын засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Алтан цом” анхдугаар спортын наадамд багаараа түрүүлж байсан юм. Цомын эзэн болсон хамт олон дараа жилийнх нь наадмыг ивээн тэтгэж зохион байгуулалтад оролцсон байна. Дараагийн наадмуудад ч илүү өндөр ач холбогдол өгч оролцох талаараа ангийнхан ярьж байсан юм.

Энэ төгсөлтийн хамт олноос хоёр ч гэр бүл төрөн гарсан. Төмөр замчин Э.Цолмонбаяр М.Ундрал нар гэр бүл болсон байна. Мөн Б.Одхүү Х.Биндэръяа нар сурагчийн ширээний үерхлээ өдий хүртэл үргэлжлүүлж өнөр бүл болон аж төрж байна.

Шинэ мянганы эхэнд л эрдмийн аянд хамт мордож байсан нэг ангийнхны тухай сийрүүлэхэд ийм байна. Сонгосон мэргэжилдээ эзэн болж, нэр төртэйгөөр ажил албаа хийж буй энэ хамт олны нэгнээ гэсэн сэтгэл одоо хэр нь хөрөөгүй л байна. Уулзахаараа бага балчир үеийнх шигээ хөгжилдөж, хөнгөн дэггүйтдэг эдний нэгнээ гэсэн халуун сэтгэл хэзээ ч хөрөхгүй биз. Арван жилийн үерхэл, нөхөрлөл гэдэг ийм л бат бөх байдаг аж. Уулзалгүй удвал нэгээ үгүйлдэг энэ хамт олны дундаас О.Мөнх-Оргил, Булган нар нь ихийг хийж бүтээх насандаа тэнгэрт дэвшжээ. Хөдөлмөрч хичээнгүй нөхдөө ангийн хамт олон нь өнөө хэр нь сэтгэлдээ тээж л явна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *