Энэ зун нийслэл хотод дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд хийгдэнэ. Мөн Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил эхлэх учир замын ачаалал хүндрэх аж.
Замын цагдаагийн гүүрэн гарцыг барих ажил хоёр жил хагасын хугацаанд баригдахаар төлөвлөгдөж байсан ч түргэтгэх арга хэмжээ авч жил зургаан сарын хугацаанд барьж гүйцэтгэхээр болсон байна. Энэ хугацаанд замын цагдаагийн уулзвар хаагдах юм. Тус уулзвар нь цагт 2500-2800, өдөрт 20 мянган тээврийн хэрэгсэл зорчдог томоохон уулзвар учир бусад зам, уулзваруудад ачаалал ирж түгжрэл үүсэх аж.
Мөн бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн хэмжээнд хэд хэдэн автозамыг хэсэгчлэн хаах юм.
Тиймээс зам, уулзваруудад үүсэх ачааллыг хэрхэн бууруулах талаар санал авах юм байна. Нийслэлийн Замын Цагдаагийн газраас мягмар, пүрэв гарагуудад сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл амарч даваа, лхагва гарагт тэгш дугаартай тээврийн хэрэгсэл амарна гэсэн саналыг танилцууллаа. Энэ нь долоо хоногт тээврийн хэрэгсэл нэг амардаг байсныг хоёр удаа болгоно гэсэн үг. Мөн захууд мягмар гарагт амардаг байсныг баасан гарагт болгож тус өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. Тус хязгаарлалт нь дөрөвдүгээр сарын 15-наас, аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх аж.
Иргэн та маргаашнаас эхлэн дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл НЗДТГ-ын www.ulaanbaatar.mn болон Замын цагдаагийн албаны www.traffic.police.gov.mn цахим хуудсуудаар дамжуулан саналаа өгөх боломжтой.
Б.Индра, “Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны 4 дүгээр сараас эхэлнэ. Энэ ажил 1.6 жил үргэлжилэх юм. Үүнтэй холбоотойгоор автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор найман жижиг замыг шинээр барих, өргөтгөх бөгөөд үүнд 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Тухайлбал, Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох 0.4 км автозам барихад 393 сая төгрөг, Нийслэл хүрээ өргөн чөлөөг Удирдлагын академитай холбох 0.3 км автозам барихад 198.2 сая төгрөг шаардлагатай юм. Мөн Хүннүгийн гудамж-Саруул хотхон-Соёлж чиглэлд 0.3 км автозамыг хашлагажуулах, Автозамчдын гудамжийг 13 дугаар хороололтой холбох 0.14 км гүүр барихаар төлөвлөсөн. Уг гүүрэн гарцыг барьснаар Замын цагдаагийн албаны уулзварын хөдөлгөөний ачаалал болон осол аваарын тоо буурна хэмээн үзэж байна” гэлээ.
Цаашдаа Багшийн дээд, Арслантай гүүр, Бөхийн өргөө, 100 айл болон Баянбүрд, Саппорогийн уулзвар зэрэг нийт 20 байршилд олон түвшний огтлолцол буюу гүүрэн гарцтай болгох төсөл боловсруулж байгаа аж. Ингэснээр Улаанбаатар хотын автозамыг түгжрэлгүй болгох, дугаарын хязгаарлалтыг цуцлах боломж бүрдэнэ гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү дурьдав.
Б.АМАРТҮВШИН