Categories
мэдээ цаг-үе

Дөчин таван жилийн дараа уулзсан нэг ангийнхан

НЭГ
АНГИЙНХАН

Ховд аймгийн төвийн нэгдүгээр арван жилийн сургуулийг 1971 онд төгссөн 10б ангийнхныг энэ удаагийн “Нэг анги” буландаа урилаа. 10б ангийнхан соёлч нөхөрлөлийн хамт олон, спорт биеийн тамирын тэргүүний бүлэг болж байжээ. Ангийн багш Л.Бямбацэрэн өдгөө 75 настай. Тэрээр 10б ангийнхныг тавдугаар ангиас нь дааж авч байжээ. Харин аравдугаар ангийг 33 сурагч дүүргэсэн байна. Тус ангийн сурагч П.Бөхчулуун Ховд аймгийн Булган сумын харьяат. Аравдугаар ангиа төгсөөд ОХУ-д Москвагийн цэргийн хилийн дээд сургууль төгссөн бөгөөд Хил хамгаалах байгууллагад ажилладаг байна. Тэрээр спортод сонирхолтой, анги хамт олноо төдийгүй сургуулийнхаа нэрийг гаргадаг авьяаслаг нэгэн байж. Тухайлбал, сурагч байхдаа аймаг болон сургуулийн тэшүүрийн спортын аварга, аймгийн аварга болж байсан удаатай. Басхүү урлагийн мэдрэмжтэй. Бүх ард түмний урлагийн үзлэгээр баян хөгжмийн чуулгад тоглож, Кармень дуурьд хүртэл тоглож алтан медаль энгэртээ зүүгээд авч. Харин гэр бүлийн тухайд гэвэл гурван хүүтэй, гэргий нь эмч. Гурван хүү нь өдгөө бүгд гэр бүл зохиож тусдаа гарчээ.

П.Бөхчулуун “Би Дорноговь аймагт ажилладаг. Хилийн ажиллагаанд явчихдаг учраас ангийнхантайгаа уулзах нь ховор. Гэхдээ манай ангийнхан холбоотой байдаг.

Харин энэ удаад урилга ирсэн учраас гурван хоногийн өмнө ажлаа амжуулсан. Хилчин хүн их сонор, мэдрэмжтэй байх ёстой. Эх орноо гэсэн чин сэтгэлтэй байх учиртай. Би энэ ажилдаа дуртай. Манай ангийн нөхөд ч гэсэн яг л над шиг эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, улс эх орондоо хийж бүтээхээ хийчихсэн, өдгөө тэтгэвэрт гарч, үр ач зээ нараа тойруулаад жаргаж суугаа даа” хэмээн хуучлав. Ангийнхныхаа тухай ярихдаа нүд нь сэргэж, догдлох янзтай.

10б ангийнхан дунд сургуулиа төгсөөд өөр өөрсдийн амьдралыг хөөж, олон салаа замаар одоцгоожээ. Нэг хэсэгтээ бие биетэйгээ утсаар ярьдаг байсан бол яваандаа хаана хэн юу хийж байгаа талаар сураг тавина. Арга ч үгүй биз дээ, хүн болгон амьдралаа босгох гэж явсан хойно хэмээн ангийнхан хөөрөлдөнө. Төгсөөд 45 жилийг ардаа үджээ. Хэдэн жил холбоо тасарсан ангийн нөхдөө Х.Рагчаа цуглуулахаар шийдэж ангийн багштайгаа ч утсаар ярьжээ. Тэгээд ангийн охин Н.Лхагва руу гэнэт залгаад “Би ангийн багш Л.Бямбацэрэнтэй холбогдлоо. Ангиараа сайхан уулзалдацгаая” гэсэн юм байна. Ингэж л 45 жилийн дараа Х.Рагчаагийн буянаар ангийн нөхөд цуглажээ. Х.Рагчаа химийн багш мэргэжилтэй, шатар сайн тоглодог аж. Мөн цэргийн алба хаасан нэгэн. Н.Лхагва, Х.Рагчааг ярингуут ангийнхаа нөхдийг дурсаж, аравдугаар ангийн альбомоо гаргаж үзсэн гэнэ. Тэгээд нөхөд рүүгээ ярьж, уулзахаар болж. Битүү нарстай “Төгөл” хэмээх амралтын газар цугласан нь энэ юм. Н.Лхагва “Амьдралынхаа олон жилийн намтрыг хуучлахаар цуглах маш сайхан байсан. Бид тавдугаар ангид орж байхад Улсын багшийн дээд сургуулийн тоо, физикийн ангийг төгссөн Л.Бямбацэрэн хэмээх залуухан багш манай ангийг дааж авч байсан. Эрдэм мэдлэгтэй залуу багш биднийг аравдугаар анги төгсгөсөн” хэмээн багшийнхаа тухай хуучлав. Энэ удаагийн уулзалтад ангийн багш нь ирж шавь нарыгаа баярлуулсан нь том бэлэг байв. Ангийн дарга Р.Уяа орос хэлний багш мэргэжилтэй. Эдийн засагч Б.Норовсамбуу, жолооч Ц.Батчулуун, сувилагч Л.Бямбаа, офицер Н.Даваа, гээд олуулаа цугласан аж. Олон ястан, үндэстний нутаг Ховд аймгийнхан бие биедээ дотно, найрсаг, сайхан сэтгэлтэй, хүнлэг хүмүүс гэгддэг. Тэд хонон өнжин хуучилж, шөнө дунд хүртэл бүжиглэжээ. Ангийн багш Л.Бямбацэрэн “Хар нуур” хэмээх дууг Зангад гуай шиг цээлхэн хоолойгоор дуулж, шавь нарынхаа гайхшралыг төрүүлжээ. Энэ үеэр “Бид яагаад ийм олон жил уулзсангүй вэ” хэмээж бие биеэсээ асууцгааж, харин… гэж зарим нь гайхна. Хажуугаас нэг нь “Ховд аймаг Улаанбаатараас хол шүү дээ” гэж хошигноод авав. Эрдэнэтээс тус ангид багшилж байсан Д.Цэцэгмаа мөн ирсэн байв. Тэрээр таван сайхан хүү төрүүлжээ. 10б-гийн Г.Цэнд-Аюуш Эрдэнэбүрэн суманд амьдардаг бөгөөд мянгат малчин болжээ. Л.Бямбацэрэн багш ангийн хөвгүүдээс Т.Норовжав, Х.Рагчаа хоёрыг ихэд онцолно. Т.Норовжав Эрхүү хотод сургуульд сурч гидро инженер мэргэжил эзэмшсэн хүн. Тэрээр олон жил Хөдөө аж ахуйн яаманд газрын даргын алба хашиж байсан ангидаа төдийгүй улс орондоо нэр хүндтэй нэгэн юм байна. Харин Х.Рагчаа багш Ховд аймгийн Мөст сумын сургуулийн захирлын албыг хашиж байжээ. Тэрээр сумын сургуулийг улсын тэргүүний сургууль болгож чадсан чадварлаг нэгэн гэж ангийнхан нь бахархана. 10б ангийнхан нэгэн том баярт оролцов. Учир нь ангийн охин клиникийн профессор Н.Лхагвын “Их зайсан” шүдний эмнэлгийн 20 жилийн ой тохиосон юм. Мөн Н.Лхагвын дөчин жилийн хөдөлмөрийг төр засаг үнэлж, 2011 онд “Алтан гадас” , 2015 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнаж байжээ.

Шагналын хур буусан, инээд хөөр цалгисан баярт мөчүүдэд ангиараа тойрч сууцгаан, хөгжилтэй яриа дэлгэж байв. Ангийнхаа Н.Лхагвадаа ээлж дараалан баяр хүргэж, урмын үг хэлж, мэндчилгээ дэвшүүлж байв. Ангийн багш шавь нартайгаа гарч, Н.Лхагвадаа сургаал хайрлаж, урмын үг хэлсэн юм. Ингээд хилчин П.Бөхчулуун хөгжимдөж, харин “Миний Улаанбаатар” дууг ангийн багш гоцолж

“Эрх чөлөөгөө тунхаглаад

Эх орноо мандуулсан

Эгэл Монгол түмний минь

Энгэрийн алтан од

Мишээсэн дагина шиг

Миний Улаанбаатар

Зүг зүгийн хүний

Зүрхэнд нь гэрэлтэнэ…” хэмээн ангиараа дууллаа. Н.Лхагва АУДС-д суралцаж, хүний их эмч болсон. 40 жил хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд тасралтгүй ажиллажээ. Сүүлийн 20 жилд “Их зайсан” гэх хувийн эмнэлэг байгуулж, олон хүний шүдийг эрүүл болгосон аж. Тэрээр “Би Ховд аймгийнхаа улиасыг одоо хэр санадаг. Тэр саглагар улиас миний амьдрал, хайр дурлал, залуу настай холбогдож байдаг. “Их зайсан” гэдэг нь миний нутгийн “Цэцэг” сумын уул. Энэхүү хөх ууланд миний эцэг Ням төрсөн. Би ааваараа бахархдаг учраас энэ нэрийг өгсөн. Намайг эмч болох замыг аав маань зааж өгсөн юм” гэж ярилаа. Ангийн багш “Математикийн багш хатуу хүн шүү дээ. Би шавь нартаа математикийн хичээлийг хүн болгон сурч эзэмшдэг юм биш. Хүн бүр төгс сурч, сэтгэнэ гэж байхгүй. Хамгийн гол нь энгийн сайхан амьдралд суралцах л чухал гэдэг байсан. Хүн хорвоо дээр амьдарч л байгаа бол сэтгэл ариун байх ёстой. Сэтгэлдээ ямар нэг сөрөг зүйл бодохгүй бол насан туршдаа өвчин зовлонгүй байж, саад бэрхшээлийг даван туулж чадна. Би энэхүү эрхэм чанарыг эрхэмлэж, дээдэлж явдаг” гэв. Тэрээр Ховд аймгийн Чандмань сумын уугуул аж. Л.Бямбацэрэн багш яруу найраг сонирхдог бөгөөд арав гаруй ном бичжээ. Хамгийн сүүлд “Сэтгэл итгэл” гэдэг ном гаргасан байна. Энэхүү номыг нь шавь Н.Лхагва нь ивээн тэтгэжээ.

10б ангийнхан нэгэн хөгжилтэй түүх дэлгэв. Ангид нь Нохойжав гэдэг нэртэй хоёр хүүхэд байжээ. Харин одоо өнөөх хүмүүс нэрээ Б.Норовсамбуу, Т.Норовжав болгосон байна. Учир нь Т.Норовжав аравдугаар ангиа төгсөөд гадаад руу сургуульд суралцахаар болж л дээ. Гэтэл нь ихэд эв хавгүй төдийгүй хүмүүс гайхдаг байсан гэнэ. Хүүхдүүд ч их ёжилдог байж. Тэгэхээр нь л нэрээ Норовжав болгосон юм байна. Тус ангийнхан дунд сургуульд байхдаа л урлаг соёл, спортод авьяастй, сургуулийнхныгаа цэнгээж, баясгадаг байжээ.

Б.Уранчимэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *