”ДЦС-3” ТӨХК-ийг үе шаттайгаар шинэчилж, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах, тасралтгүй, найдвартай ажиллах, зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр хүчин чадалтай станц болгох зорилгоор Шинэчлэлийн Засгийн газар тогтоол гаргаж, “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ны суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөхөөр шийдвэрлэсэн юм.
Энэ тогтоолын дагуу төслийн ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Hunan Industrial Equipment Installation” компани шалгарч өнгөрсөн оны долдугаар сард ажлаа эхэлсэн юм.
Чингис бондын хөрөнгө оруулалтаар Хөгжлийн банкны З5 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж байгаа энэ төслийн хүрээнд үндсэн барилгыг өргөтгөх, хөргөлтийн цамхаг, эргэлийн усны төхөөрөмж шинээр барих 50 МВт-ын турбин-генератор шинээр суурилуулах, цахилгааны хуваарилах байгууламж , трансформатор суурилуулах, дулааны сүлжээний ус халаах байгууламж барих болон бусад тоноглолын барилга угсралтын ажлуудыг үндсэндээ хийж дуусчээ.
Өнөөдөр Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв болон ЭХЯ-ны холбогдох газар хэлтсийн дарга нар, Диспетчирийн үндэсний төвийн удирдлага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч хариуцсан мэргэжилтнүүд “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-д очиж төслийн явцтай газар дээр нь танилцаж, 50 МВт-ын турбин-генераторыг асааж, туршилт тохируулгын ажлыг эхлүүлсэн байна.
“ДЦС-3” ТӨХК-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөснөөр Төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50 МВт-аар, Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хүчин чадал 100Гкал/ц-аар нэмэгдсэнээр нийтдээ Багануур дүүргийн орон сууцны хороололд оршин суудаг айл өрхийн хэмжээнд дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэх аж.
Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв “ДЦС-3” ТӨХК –д ажиллах үедээ тус станцын удирдлага, төслийн нэгжийн хамт олонд болон гүйцэтгэгч компанийн холбогдох хүмүүст туршилт тохиргоог анхнаас нь горимын тохиргооны дагуу тогтмол хянаж ажиллахыг үүрэг болголоо. Суурилагдсан тоног төхөөрөмжтэй ажиллах инженер техникийн ажилтнуудыг богино хугацаанд сургаж дадлагажуулахыг гүйцэтгэгч компани БНХАУ-ын “Hunan Industrial Equipment Installation” компанитай хамтран богино хугацааны дадлага сургалтыг Хятадын ижил төрлийн ДЦС дээр зохион байгуулахыг дэд сайд Д.Доржпүрэв хүслээ.
ДЦС-3” ТӨХК-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөлийг албан ёсоор хүлээн авах ёслол энэ сарын 16-нд болох юм байна.