Categories
мэдээ нийгэм

Дроныг бүртгэлжүүлж, хэрэглээг цэгцэлнэ

Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-аас хувь хүн, албан байгууллагын эзэмшиж буй дрон буюу зайнаас удирддаг агаарын хөлгийг бүртгэх ажлыг эхлүүллээ.

Агаарын зайн хэрэглэгчид болох агаарын тээвэрлэгчид болон бусад байгууллагуудын нэгэн адил дрон эзэмшигч хувь хүн, байгууллага нь Монгол Улсын агаарын зайн тодорхой хэсгийг дрон нисгэх үйл ажиллагаанд ашиглах тул нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах үүднээс дроныг бүртгэлжүүлж, хэрэглээг цэгцлэх шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсний эхнийх нь энэхүү бүртгэлийн ажиллагаа юм.

Бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд эхний үе буюу 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сайн дурын бүртгэл хийгдэх ба 2017 оноос эхлэн дрон бүртгэх ажиллагааг албажуулж, бүртгэлгүй дроныг зөвшөөрөгдөөгүй бүс, хязгаарлалттай орон зайд нисгэх тохиолдолд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах юм.

Дрон нь нисдэг төхөөрөмж тул хяналттай агаарын зайд ойрхон нисгэх, хүн ам шигүү суурьсан бүс эсхүл аэродромын орчимд нисгэх зэргээр нисэхийн аюулгүй ажиллагаанд янз бүрийн эрсдэл үүсгэдэг.

Дэлхий нийтэд дроныг агаараас зураг авах, аливаа байгууламжийг хянах, эсвэл тоглоом, зугаа хэлбэрээр, мөнзарим газруудад пицца хүргэлт хийх гэх мэтээр өргөнөөр ашиглаж, хэрэглээ нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй. Гэвч дрон нь нисдэг төхөөрөмж тул хяналттай агаарын зайд ойрхон нисгэх, хүн ам шигүү суурьсан бүс эсхүл аэродромын орчимд нисгэх зэргээр нисэхийн аюулгүй ажиллагаанд янз бүрийн эрсдэл үүсгээд байгаа юм. Олон улсад иргэний нисэхийн салбарт тулгамдаж буй энэхүү эрсдэлийг багасгах, нисэхийн аюулгүй ажиллагаанд нөлөөлөх нөлөөллийг бууруулах чиглэлээр янз бүрийн зохицуулалт хийж, хяналтын аргачлалуудыг боловсруулж байна.

Монгол Улсын агаарын орон зай дахь нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн байгууллагын хувьд ИНЕГ ч “дрон”-ы үйл ажиллагааны зохицуулалтыг холбогдох дүрэм журамдаа тусгасан. “Дрон” буюу зайнаас удирддаг агаарын хөлгийг нисгэх үйл ажиллагааг зохицуулах Иргэнийн исэхийн 101 болон 102-р дүрэм /ИНД-101, ИНД-102/-үүдийг боловсруулж, аливаа дрон эзэмшигч хувь хүн, байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт хийх бус, харин нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай тусгасан зөвлөмж, гарын авлагууд /Зөвлөмжийн цувралууд, маягтууд/-ыг бэлтгээд байна.

ИНЕГ-аас эхний ээлжинд Монгол Улсад орж ирсэн болон бүтээгдсэн дронуудыг бүртгэлжүүлэх бөгөөд цаашид дроныг эзэмшигч хувь хүн, байгууллагад зохих зөвлөмж өгөх, шаардлагатай тохиолдолд зохих зөвшөөрлийг олгох гэх мэт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *