Categories
мэдээ цаг-үе

Дотуур байр гэх боловсон шоронг халах цаг нь болсон

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө манай сонин олон нийтлэл, цуврал сурвалжлага, өгүүлэл, ярилцлага нийтэлжээ. Тэдгээрийн нэг нь хүүхдийн дотуур байрны асуудал юм. “Хонины хурга зутарна гэж хоньчны хүүхэд бэтгэрэх ёстой юу”, “Хүүхдийн баяраар дотуур байр гэх шоронг халъя”, “Дотуур байр гэх боловсон шорон хүүхдийг ямар хүн болгосоор байна вэ”, “Дотуур байрны хүүхэд доголон сэтгэлгээтэй төлөвшдөг юм биш үү” зэрэг цуврал нийтлэлээр дотуур байранд хүүхдийн эрхийг хэрхэн зөрчиж байгаа талаар асуудал дэвшүүлэн нийгэмд түгээсэн юм. Харамсалтай нь, дотуур байрны асуудал өнөөдөр манайд хэвээрээ байсаар. Жил бүр дотуур байрны багш нарыг цуглуулж байгаад хуралддаг хурал саяхан боллоо. Тэнд дурдагдсан мэдээллээр өдгөө манайд 517 дотуур байранд 6-18 насны 35 мянган хүүхэд амьдарч байгаа аж. Ирэх жил 18 дотуур байр нэмж барина хэмээн салбарын сайд нь баяртайгаар мэдэгдлээ. Мөн нэг цугласных яаж зүгээр байхав гэдэг шиг дотуур байрыг хүүхдийн хөгжлийн орчин болгох зорилт тавилаа.

Сонсоход сайхан сайхан зүйл ярьж байх юмаа, дотуур байрны тухай. Хүртээмж бага учраас нэмэх хэрэгтэй л гэнэ. Хүүхдүүд дотуур байрандаа тав тухтай сайхан амьдардаг л гэнэ. Хоол унд хүрэлцээтэй, хүүхдүүд тэнд жаргаж байдаг юм байх. Гэтэл бодит байдал дээр халаалтгүй дотуур байранд хүүхдүүд амьдарч байна. Малчид өвлийн хүйтэнд малынхаа хашаа хороог битүүлж, салхи ч орохоогүй пүнхийтэл дулаалдаг байтал малчны хүүхдүүд жавар хургасан хүйтэн байранд “жаргаж” суудаг. Тэнд эхийнхээ мөөмнөөс ч гараагүй шахам зургаан настнуудыг “ном сур” гэж суулгадаг. Эцэг, эхийн хайр халамжинд байх ёстой бяцхан үрс гэнэт л харь танихгүй хүмүүсийн дунд орж, бие дааж амьдарна гэдэг насанд нь хэтэрхий ахадсан цэвдэг хандлага юм. Хувцас хунараа угааж цэвэрлэх, хичээлээ хийх, хүйтэн харанхуй шөнөөр гадаа гарч жорлонд бие засахаас эхлээд гэрээ санахын зовлон барагдахгүй. Ядахад дотуур байранд олон жил болсон томчууд багыгаа дээрэлхэнэ, юмыг нь булаана. Байрны хоол хэзээ ч гэрийн хоолыг гүйцэхгүй. Нэгдүгээр хоолоо идээд хоёрдугаар хоолноосоо хоцрохгүйн тулд бүгд л яаран дайрна. Хоол идээд байгаа хэрнээ өлөн зэлмүүн сэтгэлтэй болж өсдөг. Байрны багш эцэг, эхийн хайрыг орлохгүй. Захирч зандарсан хандлагаар л хүүхдүүдтэй харилцдаг. Ийм байдал хүүхдийн хүмүүжилд бага багаар нөлөөлсөөр амиа бодсон, бусдыг үзэн ядсан, дээрэлхүү, атаархуу бие хүн болж төлөвшдөг. Хичээлээ хийхэд нь тусалдаг, даалгавраа хийсэн эсэхийг шалгаж анхаардаг хүнгүй болохоор байрны хүүхдүүд сурлага муутай байдаг. Дотуур байрны онц сурлагатан гэж тун цөөхөн дөө. Байрны хүүхдүүд жилийн 12 сарын есөн сард нь гэрээсээ хол амьдардаг. Хүүхэд нас нь тэр чигээрээ аав, ээжийнхээ хайр халамжаас хол өнгөрдөг гэсэн үг.

Гэтэл Монгол Улс НҮБ-аас баталсан Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэж ороод 30-аад жил болжээ. Түүнд “Эцэг, эх нь муухай харьцаж, үл ойшоодог биш л бол хүүхдийг эцэг, эхээс нь салгаж болохгүй” гээд тов тодорхой заасан байдаг. Бид дэлхийн соёлт хүн төрөлхтний мөрддөг энэ дүрмийн эсрэг амьдарч байна. Хүүхдээ хайрлаж байгаа нь энэ гээд хар нялхаас нь дотуур байранд аваачаад хаячихдаг. Нэг талаар хүүхдээ ном сургаж эрдэмтэй хүн болгох аав, ээжийн санааг ойлгож болох ч хүүхдийнхээ өмнө хүлээсэн эцэг, эхийн үүрэг хариуцлагаас цэвэрхэн мултарч байгааг зөвтгөх аргагүй юм. “Монголын онцлог шүү дээ. Малчид тэгээд хүүхдүүдээ яаж сургуульд суулгах юм, битгий тэнгэрийн юм яриад бай” гэж гөжих хүн олон гардаг. Тэгвэл хар нялхаараа дотуур байранд хаягдаж, тэнд өсөж өндийж, бүр насанд хүрч байгаа олон олон хүүхдийн хүмүүжил, тэдэнд тохиолддог хүндрэл бэрхшээлийг бид байнга ил гаргаж, хүүхдийн эрхийн төлөө дуугарч байх ёстой, үүрэгтэй юм. Үнэндээ хүүхдийн эрхийг малаас дор үзэж байгаа энэ төр засгийн бодлогыг хүн рүүгээ чиглүүлэхийн төлөө байнга энэ асуудлыг хөндсөөр байх болно. Албан тушаалын төлөө үхэлдэн тэмцдэг шигээ ард түмнээ сайхан амьдруулахын төлөө толгойгоо гашилгадаг болтол нь бичих юм. Дотуур байраар хангана гэдэг шийдэл биш. Шорон мэт болсон дотуур байрыг огт өөр түвшинд аваачих, хүний эрх ялангуяа хүүхдийг эцэг, эхтэйгээ хамт амьдрах боломжоор төр хангах ёстой.

Япон, Солонгост суурин амьдардаг танилуудаасаа “бага, дунд сургуулийн дотуур байрных нь тухай мэдээлэл явуулаач” гэхэд “Энд тийм юм байдаггүй” гээд толгой сэгсэрч байна. Хүний эрхийг дээдэлдэг Америк тэргүүтэй барууны орнуудад хүүхдийг ингэж хар нялхаас нь эцэг, эхээс нь салгадаг дотуур байрны тухай яриад ойлгох ч үгүй биз. Дэлхийн 200 орон мөрддөг Хүүхдийн эрхийн конвенцийн тогтоосон олон улсын эрхзүйн хэм хэмжээний дагуу хүүхэд бүр ямар ч алагчлалгүйгээр аз жаргал, хайр энэрэл, ойлголцол бүрдсэн орчинд өсөн торних ёстой. Хүүхдийн эрх нь хүүхдэд олгож буй тусгай эрх биш харин хүн бүрт тэр дундаа хүүхдэд төрөлхөөс заяагдмал үндсэн эрх. Хүүхдийн эрхийг хангах нь сонголтоор хийх зүйл биш, эсвэл сайхан сэтгэл, сайн санааны үүднээс хийх зүйл биш. Харин энэ нь бүх нийтээр хүндэтгэн дагах ёстой үүрэг хариуцлага мөн гэдгийг Конвенц тодорхойлсон юм.

“Өнөөдрийн хотын замд өмнүүрээ ганц машин оруулчих сэтгэл байхгүй, өөрөө ч чадахгүй, өрөөлийг ч болгохгүй тийм хүмүүс зөндөө байна. “Энэ удаадаа тэр маань хожиг дээ, дараад нь надад ээлж ирэх байх” гэсэн сэтгэлтэй хүн бидний дунд алга. Жаахан л хожигдох гээд ирвэл орилоод дайрчих хүмүүс л олон юм. Интернэтийн мэдээний дор сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс ч тэр. Өчүүхэн жаахан, атгаг. Энэ бол дотуур байрныхны сэтгэлгээ, тэдэнтэй адил өрсөлдөж, арсалдаж сурсан манай нийгмийн онцлог” хэмээн дотуур байрны талаар нийтлэлч Э.Энэрэл бичжээ. Японы метрод бие биенээ элдвээр харааж, нэгийгээ алчих дөхсөн монгол залуусын зодоон ч манай дотуур байрны сэтгэлгээний нэг л хэлбэр шүү дээ.

Монголын хүүхдүүдийг малнаас дор үздэг дотуур байр гэх боловсон шоронгоос даруйхан салах цаг болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *