Ачилтын компанийн ажилтан дотроо хүүхэдтэй, асаалттай байсан автомашиныг ачсан явдал гарчээ.
Тодруулбал, иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албанаас шалгалт явуулахад 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Сонгдо” эмнэлгийн урдаас 10 орчим насны хүүхдээ асаалттай автомашин дотроо орхисон иргэн Ц-ийн автомашиныг бусдын хөдөлгөөнд саад болсон үндэслэлээр зөөж шилжүүлсэн байна.
Энэ нь холбогдох журамд заасан “Ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийн бүхээгт хүн, амьтан байгаа тохиолдолд зөөж шилжүүлэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон тул аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн авто замын хөгжлийн газарт хүргүүлжээ.