Categories
мэдээ нийгэм

Дотоодын цэрэгт ажилласан нэг жилийг 15 сараар тооцох зохицуулалтыг тусгажээ DNN.mn

Мэдээ.МН

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.

Хуулийн төсөлд дотоодын цэргийн байгууллага нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн цэргийн байгууллага мөн хэмээн тодорхойлж, төрөлжсөн болон дэмжлэг үзүүлэх, энхийг дэмжих, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох нэгжтэй байхаар тусгажээ. Мөн дотоодын цэргийн штабыг дотоодын цэргийг удирдах, мэргэжлийн төв байгууллага болон штабын даргын албан тушаалд тавигдах шаардлагыг хуулийн төсөлд цагдаа болон дотоодын цэргийн аль нэг байгууллагад эсвэл тухайн хоёр байгууллагад нийт 18-аас доошгүй жил ажилласан байхаар тусгаж, дотоодын цэргийн командлагчийн эзгүйд тодорхой эрхийг штабын дарга хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Дотоодын цэргийн алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлийг сайжруулах зорилгоор Цагдаагийн албаны тухай хуульд хот суурин дотор такси, үйлчилгээнээс бусад нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих гэж, цагдаагийн алба хаагч шилжин ажиллах болсноос шалтгаалан эхнэр, нөхөр нь хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрвэл түүнийг тэргүүн ээлжид ажлаар хангах бөгөөд ажлаар хангаж хангаагүй нөхцөлд ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа цалингийн доод хэмжээгээр тооцож улсаас олгоно гэж, “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид 30 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална” гэж заасан нийгмийн баталгааг дотоодын цэргийн албан хаагчид нэгэн адил эдлүүлэх зохицуулалтыг тусгасан аж.

Дотоодын цэргийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байх үед дотоодын цэргийн командлагчийн зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглох, хараат бус байдлаар албан үүргээ гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлж, бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчийн нэгэн адил алба хаасан хугацааг тооцохдоо ажилласан нэг жилийг 1 жил 3 сараар тооцох зохицуулалтыг тусгажээ.

Улсын онц чухал объектод үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт хүч, хэрэгсэл дайчлах, объектын хамгаалалтын найдвартай, аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагаанд нь шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник технологи, инженер техникийн хэрэгслийг нэвтрүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалуулагч байгууллагын нэмэлт санхүүжилтийг авч ашиглах талаар зохицуулалтыг нэмж тусгасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *