Иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны дотоодын сургуулилтад оролцох байгууллагуудын бие бүрэлдэхүүн өнөөдөр Булган аймагт хүрэлцэн ирлээ.
Тус сургуулилтад нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажилагаанд голлон оролцох байгууллагууд болох ИНЕГ болон түүний харьяа байгууллагуудын 28, ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын 30, ЗХЖШ-ын Агаарын цэргийн ангийн Улсын нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны зориулалт бүхий Ми-171Е нисдэг тэрэгний нисгэх багийнхан гээд нийтдээ 60 гаруй хүний бие бүрэлдэхүүн оролцохоор хүрэлцэн ирээд байна.
Бие бүрэлдэхүүнүүд сургуулилтын зохиомж, төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу маргаашийн сургуулилтад өөр өөрсдийн гүйцэтгэх үүрэг чиглэлээр бэлтгэл ажлаа хангаж байна.
Сургуулилтыг ахалж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж буй ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом сургуулилтад оролцогсдод хууль, дүрэм журмыг чанд даган мөрдөж, нэгдсэн удирдлаган дор нислэгийн аюулгүй ажиллагааг ханган оролцох, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд мөрдөн ажиллах талаар үүрэг даалгавар өглөө.