Categories
мэдээ нийгэм

“Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэдийн хэрэглэж буй мах, сүүнээс хортой элемент илрээгүй” гэв

Шинжлэх ухааны академиас Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хүхрийн хүчил ашиглан газар доорх уусгалтын аргаар уран олборлох үйл ажиллагаа явуулах талбайн газар нутгийн байгаль орчны суурь нөхцөлийг тодорхойлох, дүгнэлт, зөвлөмж боловсруулах ажлыг хийжээ.

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан “Судалгааны ажлын хүрээнд эхлээд хөрсөнд хүнд металл болон цацраг идэвхт бодис байна уу гэдгийг тогтоох судалгааг хийсэн. Тус төсөл хэрэгжих нутгаас жигд талбайг хамарсан дээж авсан юм. Тодруулбал, ураны уусгалтын туршилт хийх гэж байгаа газруудын ойролцоох газруудаас нийт 62 дээж авсан. Ингэхэд ямар нэгэн хүнд металл илрээгүй. Бүх хөрсний дээжид хүнцлийн агууламж илэрлээ. Энэ нь бусад элементүүдээс их байгаа ч хөрсний бохирдуулагч бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс илүү давсан үзүүлэлт хоёр цэгт гарсан.

Байгалийн цацраг идэвхт бодисын агуулгыг мөн тодорхойлсон. Хүний амьсгалах түвшинд, жилийн турш амьдрахад ямар тунгаар цацраг авах вэ гэдгийг тогтооход дэлхийн дундажтай ойролцоо байна.

Мөн усны судалгааг хийсэн. Булгаас өөр гадаргын ус тухайн газарт байхгүй. Газрын доорх ус байсан. Малчид малаа услах, ундны усны зориулалтаар ашигладаг худгийн 90 хувьд нь хүнцлийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их байна. Уг газар нутгийн хөрс, чулуулаг нь геологийн тогтцоос хамаарч, хүнцэл, фотор, ураныг ихээр агуулж байгаагаас хөрсний болон гүний усанд эдгээр элемент өндөр агуулагдаж байгаа.

Түүнчлэн уг газар нутгийн ургамлын дээжийг авч судалгаа хийлээ. Эдгээр элементийн агууламж хэвийн байсан. Харин Баян Монгол лицензийн талбайн хажууд орших ургамлын ураны агууламж өндөр гарлаа.

Малчдын мах, сүүнд шинжилгээ хийж үзсэн. Ингэхэд хүнсний бүтээгдэхүүнд хүнд металлын зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарсан бохирдол илрээгүй. Мах сүү нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хортой бодис агуулаагүй байна.

Олборлолт хийхээр төлөвлөж буй талбайн ургамал, хөрс, малчдын хэрэглэж буй мах, сүүнд ямар нэгэн хортой нөлөө үзүүлэх элемент гараагүй. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураныг газар дор уусган олборлох нь тохиромжтой гэсэн дүгнэлтийг гаргалаа” хэмээн тайлангаа танилцууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *