Өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд Дорнод аймгийн Мэнэнгийн талд их хэмжээний зээрийн сүрэг үрэгдэж, үхсэн зээрийн сэгийг Петрочайна дачин тамсаг компани хууль бусаар булшлах гэж байгаад баригдсан гэх мэдээлэл цахим сүлжээнд гарсан.
Үхлийн шалтгаан нөхцлийг тодорхойлохоор мал эмнэлгийн газраас үхсэн зээрт шинжилгээ хийжээ. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид хийсэн шинжилгээний хариу гарсан байна.
Тодруулбал, хоёр зээрийн хүүрэнд зургаан төрлийн шинжилгээ хийсэн. Дүгнэлтээр гоц халдварт өвчний үүсгэгч, метал, цацрагийн бохирдол, хордлогын шинж тэмдэг илрээгүй.
Ажлын хэсгийн орон нутагт ажилласан орчны судалгаа болон тархварзүйн судалгааны асуумжаар тухайн үхсэн зээр нь нэг газар биш, Дорнод аймгийн төвөөс 7 км-ээс эхлэн замын хоёр талаар үхсэн, тухайн орон нутагт ганц зээр биш бог малын хорогдол өндөр байсан зэргийг харгалзан үүнийг бодгаль цаг уур, орчны экологийн нөхцөл байдалтай холбоотой гэж үзжээ.