Монголын тайз, дэлгэцийн урлагийн нэрт мастер Жанцангийн Дорлигжав агсны охин Оюунбилэгтэй ярилцлаа. Тэрээр нийслэлийн Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэгт багшаар ажилладаг нэгэн юм.
-Танай аавыг мэдэхгүй хүн ховор. Ялангуяа “Мөнгөн буйл” киноны Гочоо заанаас аваад “Тууврын замд”, “Харуул занги”-ийн гол дүрүүдээр нь мэднэ. “Манай Доолио ч жинхэнэ авьяасын хүүдий байсан даа” гэж хэн хүнгүй дурсдаг?
-Манай аав чинь мэргэжлийн сургууль соёл дүүргээгүй хүн. Гэвч байгалиасаа заяасан авьяастай нэгэн байжээ. Монголын ард түмэн аавд дэндүү хайртай байсныг миний бие алхам тутамдаа мэдэрдэг. Бид чинь эхээс гурвуулаа. Дээрээ нэг эгч, дороо нэг эрэгтэй дүүтэй, би дундах нь. Аавынхаа амины хайртай охин нь байв. Театрт ч, кино үйлдвэрт ч, хөдөө хээр ч ааваасаа салахгүй, үргэлж зүүгдээстэй явна. Дандаа л алиа хошин зүйл ярьж, олны инээдийг бардаг болоод ч тэр үү, “аав чинь гэртээ ингээд л марзганадаг уу” гэж хүмүүс асууна. Гэртээ онигоо юм уу, ямар нэгэн хошин зүйл яриад, инээд хөөр болох нь ховор. Харин орсон гарсан хүмүүсийг зүгээр өнгөрөөхгүй. Цаашлуулж, наашлуулж, ёжилж, элдэв хоёроор зовооно шүү дээ. Түүнд нь хүмүүс ч дуртайг нь яана. Өтгөн хар хөмсөг, ширүүн дориун харц нь нөлөөлдөгсөн үү, бусдад муухай ааштай хэдэр ёдор санагддаг байж магад. Гэвч уг хүн нь их зөөлөн. Маш уян. Юм л болбол уйлна. Аавынхаа хувь амьдралыг ярихад мэдээж олон зүйлийг хэлж болно л доо. Хийсэн үйлдэл, хэлсэн үг бүр нь санаа сэтгэлээс яахин гарах билээ. Манай хүн чинь (аавыгаа хэлж байна) өглөө эртээ босоод угаалгын өрөөнд бараг л “жил” болно доо. Шүдээ угаах гэж их удна. Адуун цагаан шүдтэй гэж манайхан ярьдаг даа, нэг чиг шүд нь өвчлөөгүй өнгөрсөн гээд бодохгүй юу. Өглөө бүр сахлаа авна. Тэгэхдээ ёс юм шиг “Мөнгөн цагаан хөлөг минь дүүлж явнаа хө
Мөнгөн цагаан хөлгөө бариад дуулж явнаа, би…” гэж ёс юм шиг дуулдаг сан. Тэр дуу зурагт, радиогоор явахад аавын минь сахлаа хусаад дуулж зогсоо нь нүднээ үзэгдэж, эрхгүй нулимс мэлмэрдэг юм.
-Уугуул нутаг нь Баянхонгор байх шүү?
-Тийм ээ, Баянхонгор аймгийн Баянбулаг суманд 1943 оны тавдугаар сарын 15-нд төрсөн байдаг. Ээж маань бас тавдугаар сарын 15-нд төрсөн. Хоёулаа хамт төрсөн өдрөө тэмдэглэнээ, тэр өдөр нь бас Дэлхийн гэр бүлийн баяр тохиодог юм. Манайхан ах дүүсээрээ цуглаж байгаад тэр өдрийг халуун дотноор тэмдэглэнэ. Ингэхэд аав дутуу төрсөн гэдэг. Ердөө нэг килограмм гаруйхан улаан цурав амьтан төрж эхийгээ зовоон, хүмүүст адлагдаж байснаа хааяахан дурсдаг сан. Багынхаа хөгжилтэй хөөртэй дурсамжаасаа ярих нь яг л кино, жүжиг ярьж байгаа шиг гоё. Гэрт нь ирсэн хүмүүсийг төмөр цагаан орны хөлөөс бүснийх нь үзүүрээр уях, хормойг нь ширмэл ширдэгтэй оёж орхих гээд мөн ч зүггүй байсан юм билээ. Урлагийн хүн болох зам мөр нь цэргийн албанаас нь улбаатай. Улаанхуаранд алба хааж байхдаа цэргүүддээ онигоо ярьдаг, шүлэг уншдаг, бусдыг дуурайж элэглэдэг, бараг л жүжигчилсэн тоглолт үзүүлдэг байж. Цэргээс халагдан сумынхаа улаан буланд ажиллаж байгаад дараа нь аймгийнхаа соёлын төв рүү татагджээ. Тэнд байхдаа Э.Оюун гуай тэргүүтэй аваргуудын нүдэнд өртөж Улсын драмын театрын босгыг алхсан түүхтэй. Аав драмын театрын жүжигчин болсноор манайх хот руу нүүж байгаа юм. Тэр чинь далан таван он. Миний бие хоёр настай байж шүү.
-Кино зурганд болон Драмын театрт хамт очиж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Аавынхаа тоглосон жүжгийн нээлт бүрийг ээж бид хэд очиж үздэг байлаа. “Найрын ширээний ууц”-аас аваад гадна дотны олон ч сонгодог жүжгүүд бий. Тэр бүгдэд театрын тусгай суудалд эрхэмсэгхэн залраад үздэг байсан минь ямар том хувь заяа вэ. Киноных нь нээлтийг бас очиж үзнээ. Гамингуудад баригдан нэхий дээлээ алдаж өвлийн хүйтэнд нүцгэн үлддэг киноны нэг хэсэг бий. Түүнийг нь үзчихээд “Миний аавын дээлийг өгөөч” гэж танхимаас орилж үзэгчдийг инээлгэж байснаа санадаг юм. Хүүхэд байсан болохоор кинонд нь бүр орчихсон хэрэг л дээ. Мягмарнаран гуай, Жарантав гуай, Нямсүрэн гуай, аав дөрөв Драмын театрт нэг өрөөнд байсан. Уран бүтээлийн нөхдөөс гадна хувь амьдрал дээр амь нэг явсан даа. Энэ хэд дээр “Говийн зэрэглээ”-гийн ангийн байцаагч буюу Цэвээнравдан ах, Цэрэнпагма, Цэрэндарьзав эгч нар нэмэгдэнэ. Гэр бүлээрээ цуглана, баахан л инээдэм, хөөр хөгжөөн болж, үр хүүхдүүд нь тусдаа тоглож, гэргий нар нь хоол унд бэлдээд, аав, Цэвээнравдан ах хоёр гол дүрд нь орчихсон бөөн шуугиан болно. Аз жаргалаар бялхаж, инээд баяслаар цалгилсан он жилүүд байж дээ. Мягмарнаран ах л өдгөө театрынхаа голомтыг сахиад үлдсэн байна.
-Жүжиг киноныхоо дүрүүдийг хэрхэн бэлддэг байв. Тэр тухайд нь та юу хэлэх вэ?
-Жүжиг, киноны зохиол гэж албан газрын жилийн тайлан шиг нэвсийсэн зузаан материал бариад ороод ирнэ. Тэрхүү зохиолоос өөрийнхөө дүрийн үгийг цээжлэх нь мэдээж. Гэвч бусад шиг “мах”-аа идээд, улайран ноцолдоод, өдөр шөнөгүй уншаад өөрийгөө зовоогоод байхгүй. Бараг л өнөө зузаан цаасаа дэлгэж харсан болов уу гэж бодохоор. Харин тайзан дээр гараад ирэхээр хүн хүнээс илүү. Дүрдээ орж, дүрээ гаргаж, үзэгчдэд хүргэж буй байдал нь цаанаа л өөр. Заяагдмал авьяастай гэдэг нь л тэр байх. “Мөнгөн буйл” киноны Гочоо зааны дүр олны сэтгэлд илүүтэй хоногшсон байдаг. Ялангуяа
“Азын тэнгэр байвал
Ааваас бусдыг авна даа Гочоо минь дээ хө…” гэж жолоогоо мушгиад дуулаад явж буй дүр зураг, сумын наадамд очих гэж гурван дугуйтынх нь дугуй хагарч хөглөж байгаа хэсэг гээд “Мөнгөн буйл”-ын Гочоогийн дүр аавыг минь олны хайртай жүжигчин болоход ихээхэн нөлөөлсөн болов уу. Хүмүүс Гочоогийн дүрийг нь онцлох гээд байдаг. Уг киноны зураг авалтад аав маш удаан явж билээ. Тэр хугацаанд нь бараг л бэтгэртлээ санасан юм даг. Харин “Тууврын замд” киноны зураг авалтад ээж бид хамт явсан. Архангайн Тамирын голын хөндийд зургийг нь авсан. Тайхар чулуу, Тамирын голын хөвөө сэтгэлд дотно байдаг маань тийм учиртай. “Тууврын замд” кинонд хүүхэн оролддог нэг хэсэг гардаг даа. Тэр зургийг авахад киноны хамт олон ээжийг дагуулаад “Нөхрийгөө хэрхэн яаж хүүхэн эргүүлж байгааг өөрийн биеэр хар” гэж үзүүлж байсан. Мөн “Ингэх гээд байсан юм” киноны зурганд Батсүмбэрийн тийшээ хамт явж байлаа. Яагаав, аав жолооч болдоггүй юу. Өнөө шалдан гурав чинь машиныг нь унаад зугтахад дугуй нь салаад давхичихдаг даа. Тэгэхэд аав “Миний машин, миний машин” гээд гүйдэг. Анхны тоглосон кино нь “Тэнгэрийн муухай арилдаг” байх шүү. Наяад оны эхээс ерээд оны эх хүртэлх арваад жилийн хугацаа бол аавын минь Монголын кино урлагт жинхэнэ мандаж байсан оргил үе нь байжээ.
Наадам дөхөхөөр бас л бодогдоно. Бөх, моринд жигтэйхэн дуртай. Бөхийг бол гэртээ үзнэ. Харин морийг Яармагийн дэнж, Буянт-Ухаад очиж, ёстой л нөгөө тоосон дунд нь орж үздэг байлаа. Ерэн нэгэн онд байх аа, Сүрэнхорын хээр азарга төрийн наадамд хол тасархай түрүүлж ирэхэд аав уйлаад. Наадамчдаас санаа зовж байгаа ч юм алга. Хүмүүс аавыг таниад бүрхчихсэн, аав дунд нь уйлаад байдаг. Маарын хээр, өөр ямар ямар ч билээ дээ, морьдыг айраг түрүү хүртэхэд аав уйлдаг сан. Тоглолтоор хөдөө гадаа явахдаа сумын наадам, багийн баяртай таардаг юм билээ. Уралдсан морьдыг нь харан баахан усан нүдэлж, унаач хүүхдүүдэд нь халаасан дахь мөнгөө бүгдийг нь тараагаад өгчихдөгийг найзууд нь хэлдэг байв.
-Уучлаарай, Дорлигжав гуайг их л залуухнаараа бурхан болсон гэдэг?
-Тавин гурван насандаа л өнгөрсөн. Уран бүтээлчийн ид жагсаж явах нас биз дээ. Аавтайгаа үргэлж хамт байх юм боддог байжээ. Гэнэт яваад өгөхөд нь хорвоо дэлхий хоосорчихсон юм шиг санагдаад хэцүү байсан. Багаас халуун өврөөс нь салдаггүй, хүзүүг нь тас тэврээд унтдаг байсан аавыгаа шөнө бүр зүүдэлдэг байлаа. Гэнэтийн цочролд орсон нь тэр л дээ. Ээждээ энэ тухай хэлэхээр ерөөсөө тоодоггүй байв. Эгч, дүү хоёр зүүдэллээ, саналаа гэж ярихгүй. Би гэдэг хүн л хэдэн сараар зүүдэлдэг юм. Тэгтэл нэг өглөө ээж “Бусад нь зүгээр л байна ш дээ. Чи яагаад зүүдлээд байгаа юм. Чи аавыгаа бодоод, шаналаад байгаа байхгүй юу. Бодохгүй бай л даа. Эгч, дүү хоёр чинь бодохгүй байж болоод л байна” гэж намайг загнадаг юм. Тэр үед би ээждээ маш их гомдож байсан. Ээждээ тэгж их гомдсон хэрнээ “Нээрээ л би аавыгаа арай дэндүү их бодоод, санаад, шаналаад, цөхрөөд байгаа юм байна” гэдгээ ухаарсан. Дараа нь эргээд бодоход ээжийн зөв байсан. Намайг ухааруулах гэж, амьдралын үнэнийг зориг гарган хэлжээ. Үхсэний араас үхдэггүй хорвоо гэдгийг ээж минь, үр наддаа ойлгуулсан хэрэг.
-Ээждээ тэгж загнуулсны дараа зүүдлэх нь багассан уу?
-Ээжид тэгж загнуулаад, гомдсондоо асгартлаа уйлсны дараа зүүдлэх минь багасаад, амьдралын гашуун үнэнийг ойлгож, түүнтэй эвлэрч эхэлж байгаа юм. Ээж тэр үгийг надад ямар их зориг тэвчээр гаргаж хэлсэн бол. Аавыг өнгөрөх үед би нялх хүүхэдтэй байсныг ч хэлэх үү, ихэд турж эцэж, сэтгэл санааны гүн цочролд орсон байснаа хожим ухаарсан даа. Сүүлийн үед аавынхаа тухай бусадтай ингэж ярьж, сэтгэлээ онгойлгон уйлаагүй юм байна шүү. Миний дүү уучлаарай.(тэрээр ийн хэлээд хэсэг хугацаанд уйллаа) Он жил өнгөрөх бүрийд аавыгаа гайхамшигт авьяастай нэгэн байсныг улам бүр мэдрэх юм. Манай найзууд “Чи аавынхаа тоглосон киног үзээд уйлдаг уу” гэж асуудаг. Би уйлдаггүй. Харин ч бахархдаг. Миний хүүхдүүд, миний дүүгийн хүүхдүүд өвөөгөө огт хараагүй хэрнээ киноноос хараад өвөөгөөрөө бахархдаг. “Мөнгөн буйл”, “Тууврын замд”, “Харуул занги” гараагүй наадам, цагаан сар гэж байхгүй. Тэр бүгдэд аавтайгаа хамт байгаа мэт сайхан бодол төрдөг. Цагаан сарын шинийн нэгэнд ээждээ золгоод, ах дүүсээрээ цуглачихсан жаргалтай гэгч байхад, аав минь цэнхэр дэлгэцээр Гочоо зааныхаа дүрээр бидэнтэйгээ уулзаж хамт байдаг даа. Ийм л сайхан хувь заяа бидэнд тохиосон. Аавыг минь хүмүүс гавьяат авах байсан гэдэг. Гэвч гавьяаттай гавьяатгүй болдог л байхгүй юу. Цэвээнравдан ах, Арслан буюу Доржсамбуу гуай бүгд л гавьяатгүй өнгөрсөн ч ард түмэн тэднийг дэндүү хайрладаг даа.
-Танайхны хүүхдүүдээс өвөөгийнхөө авьяасыг өвлөсөн хүүхэд бий юу?
-Миний хүү Булган Санкт-Петербургийн урлагийн сургуулийг өнөө жил төгсөнө. Энэ сарын сүүлээр хонхны баяр нь болно. Бид гэр бүлээрээ явахаар зэхэж байна. Булган гэж төрсөн уулынхаа нэрээр аав минь миний хүүг нэрлэсэн. Яагаад ч юм Булганд илүү хайртай байж билээ. Хүү маань багаасаа Монголын хүүхдийн ордны дугуйланд явсан. Багадаа Жигжидийн Биндэр гуайн нэгэн кинонд тоглож байлаа. Өвөөгөө өнгөрөхөд дөрвөн настай байсан. Булганыгаа өөрийнх нь мэргэжлийг өвлөөд Санкт-Петербургийн их сургууль төгсч байгааг харсан бол гэж бодохоор сэтгэл хөндүүрлээд байдаг.
Ярилцсан Н.ГАНТУЛГА