Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Допингийн эсрэг үндэсний дүрмийг хэлэлцэж баталсан. Энэ дүрэм батлагдсанаар тамирчдын допингийн зөрчлийг зохицуулах эрх зүйн орчинтой болж байгаа юм. Допингийн зөрчил гаргасан тамирчид “Миний шээсийг сольсон байна” гэх зэргээр шүүхэд хандах, хэн нэгэн албан тушаалтны нөлөөгөөр хариуцлагаас зайлсхийх боломж хумигдаж байна. Өөрөөр хэлбэл, допингийн бүх зөрчлийг Допингийн эсрэг үндэсний дүрэмд тулгуурлаж шийдвэрлэнэ. Энэ дүрэм батлагдахаас өмнө Баяр наадмын бус үед допингийн зөрчил гаргасан бөхчүүдэд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин манайд байгаагүй юм.
Харин допингийн эсрэг үндэсний дүрмийн зарим заалтууд манай хөрсөнд хэрэгжихэд асуудалтай байгааг зарим бөхчүүд хэлж байна. Тодруулбал, эмчилгээний зорилгоор допинг хэрэглэсэн бол хариуцлагаас чөлөөлөх тухай заалт энэ дүрэмд суусан нь асуудал дагуулжээ. Асуудлын хүрээнд мэргэжилтнүүд болон зарим бөхчүүдийн байр сурийг хүргэе.
Спортын анагаахухааны эмч Л.Болдсайхан: Хориотой бодис хэрэглэсэн тамирчин ямар үндэслэлээр хариуцлагаас чөлөөлөгдөх талаар зөв ойлголттой байх хэрэгтэй
-Допингийн эсрэг үндэсний дүрэм сая батлагджээ. Энэ дүрэмд “Эмчилгээний зориулалтаар хориотой бодис хэрэглэсэн бол хариуцлагаас чөлөөлөх” гэсэн заалт байх юм. Олон улсад эмчилгээний зориулалтаар хэрэглэсэнд тооцож хариуцлагаас чөлөөлдөг жишиг бий юү?
-Энэ дүрмийг Олон улсын допингийн эсрэг дүрэмд тулгуурлаж гаргасан юм билээ.
Допингийн төрлийн бодисыг эмчилгээний зориулалтаар хэрэглэсэн тохиолдолд тухайн тамирчинг хариуцлагаас чөлөөлдөг зарчим олон улсад бий.
-Тухайн тамирчин хориотой бодисыг эмчилгээний зориулалтаар хэрэглэснийг хэн, яаж тогтоодог юм бэ. Допинг хэрэглэчихээд “Би бэртэл аваад эмчилгээндээ хэрэглэсэн” гэх тайлбар хэлдэг шүү дээ. Энэ дүрмээр бол допингийн зөрчил гаргасан бөх эмчилгээнд хэрэглэсэн гээд л уснаас хуурай гараад ирэх юм биш үү?
-Энэ дүрмийг судлахад нарийн зохицуулалтууд бий. Хэрэв эмчилгээний зориулалтаар допингийн төрлийн бодис хэрэглэсэн бол оролцох тэмцээнээсээ сар орчмын өмнө тухайн тамирчин холбогдох байгууллагад мэдэгдэх ёстой. Улсын наадамд барилдахаар төлөвлөсөн бөх бэртэлдээ зориулж хориотой бодис хэрэглэсэн бол сарын өмнө Баяр наадам зохион байгуулах комисст албан ёсоор мэдэгдэнэ гэсэн үг. Комиссын гишүүд тухайн тамирчин ямар бодис хэрэглэсэн, тэр бэртэлд зориулагдсан бэлдмэл мөн эсэхийг нягтална. Ингээд тухайн бөхийг баяр наадамд барилдах эсэхийг хуралдаж шийднэ. Барилдуулах шийдвэр гарсан тохиолдолд тухайн бөх допингийн шинжилгээ өгөхдөө бэртэлдээ зориулж хэрэглэсэн эм бэлдмэлээ допингийн хяналтын ажилтанд мэдэгдэх үүрэгтэй. Ингэснээр хариуцлагаас чөлөөлөгдөнө. Тэрнээс биш хаа хамаагүй хориотой бодис хэрэглээд би бэртэл аваад эм уусан гэж мэдүүлээд хариуцлагаас мултарна гэсэн ойлголт биш. Үүнийг тамирчид, тэр дундаа допингийн шинжилгээнд унаад байгаа үндэсний бөхийн тамирчид анхаарах ёстой.
-Үндэсний бөхийн тамирчид допингийн шинжилгээнд олноор бүдэрч байгаа нь энэ талын мэдлэг тааруутай холбоотой байна уу?
-Нэг талдаа тийм байж болно. Санаатай хэрэглэж байгаа ч тохиолдол бий. Ер нь допингийн зөрчлөөс чөлөөлөгдөх ямар эрх зүйн зохицуулалтууд байдаг талаар бөхчүүд ойлголттой байх ёстой. Манайд допингийн шинжилгээ авах үйл явц хөшигний ард хаалттай байдаг нь асуудал дагуулдаг. Шинжилгээний хариу хоёр сар орчмын дараа гардаг нь өөрөө том асуудал байхгүй юу. Допингийн зөрчил гаргасан тамирчдын нэр “WADA” (Дэлхийн допингийн эсрэг байгууллага)-ын хар жагсаалтад ордог. Харин допингийн шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн нэрс тэр жагсаалтад байдаггүй. Жишээ нь, сая зөрчил гаргасан улсын харцага Т.Бэгзсүрэнгийн нэр тухайн жагсаалтад байхгүй байгаа юм. Үүнээс үзэхэд Баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн шинжилгээг хаана хийлгэж байна вэ гэх асуулт гарч ирнэ. Солонгосын итгэмжлэгдсэн лабораторид хийлгэлээ л гэдэг. Тухайн лабратори нь WADA-ын итгэмжлэгдсэн байгууллага мөн үү. Хэрэв тийм бол хар жагсаалтад допингийн зөрчил гаргасан тамирчны нэр бүртгэгдсэн байх ёстой. Зүгээр нэг хувийн эмнэлэг рүү бөхчүүдийн шинжилгээ явуулаад нэр төрд нь халдаад байна уу гэж хувьдаа харддаг юм.
-Допингийн шинжилгээний зардлыг Баяр наадмын төсөвт суулгадаг шүү дээ. Үүний ард тухайн төсөв эзэнгүйдэж байгаа зураглал таны ярианаас анзаарагдаж байна л даа.
-Харин тийм. Бөхчүүдийн допингийн шинжилгээг үнэхээр дэлхийн допингийн эсрэг байгууллагын итгэмжлэгдсэн лабораторид хийдэг бол ийм олон тамирчдаас допинг илэрч байхад олон улсын тэмцээнүүдээс бандах асуудал хөндөгдөх ёстой. Нэг удаагийн шинжилгээгээр л 3-4 бөх допингийн зөрчил гаргадаг шүү дээ. Журмаараа бол манайх олон улсын тэмцээнээс ОХУ шиг бандуулах нөхцөл байдал үүснэ. Гэтэл хэдэн арваараа допинг хэрэглэж байхад л Дэлхийн допингийн эсрэг байгууллага огт тоохгүй байгаа нь үнэхээр гайхалтай. Магадгүй баяр наадмын төсөвт допингийн шинжилгээний зардал суулгачихаад захын хувийн эмнэлэгт шинжлүүлсэн нэр зүүгээд мөнгө угааж байх боломжтой. Энд нэг зүйлийг онцлоход, улсын арслан Э.Оюунболдыг допингийн зөрчил гаргахад нь шууд л цолыг нь хураагаад, барилдах эрхийг нь хассан. Допинг хэрэглэсэн талаар ямар нэгэн баримт бичиг Э.Оюунболдын гарт өгөөгүй талаар өөрөө хэлдэг. Энэ ноцтой зөрчил” гэв.
Допингийн эсрэг үндэсний дүрмийн талаар улсын арслан Ц.Содномдорж дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр “Заавал хориотой эм бэлдмэл хэрэглэж байж бэртэл гэмтэл нь зүгээр болох гээд байдаг юм уу. Тэгж хүнд бэртэл авсан бол барилдах хэрэг байдаг юм уу.
Эм бэлдмэл хэрэглэж байж илаарших хүнд бэртэл гэмтэлтэй л бол тодорхой хугацаанд гам бариад явж болдоггүй юм уу. Заавал хориотой эм ууж, би л болж байвал боллоо гэсэн шиг жишиг тогтоож болохгүй байх. Бэртэл,гэмтэлдээ заавал хориотой эм уух гээд байгаа нь сонин байна. Одоо хэн дуртай нь би ийм өвчтэй гээд л допинг хэрэглэж орж ирэх бололтой. Би энэ заалтыг дэмжихгүй байна хэмээжээ.
Аймгийн арсланГ.Эрхэмбаяр: Допинг хэрэглэсэн бөх захын эмчийг хахуульдаж бичиг хийлгээд л хариуцлагаас мултрах нь
Энэ заалтын хүрээнд аймгийн арслан Г.Эрхэмбаяраас тодруулга авлаа.
-Допингийн эсрэг үндэсний дүрмийг сая баталсан. Үүнд эмчилгээний зориулалтаар допинг хэрэглэсэн бол хариуцлагаас чөлөөлөх заалтыг суулгасан байна лээ. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ дүрмийг олон улсын допингийн эсрэг дүрэмд тулгуурлаж баталсан гэж байна лээ. Үүний зарим заалтууд нь манайд хэрэгжихэд үнэхээр асуудалтай. Жишээ нь, таны дурдсан эмчилгээний зориулалтаар допинг хэрэглэсэн бол хариуцлагаас чөлөөлөх заалт. Допинг хэрэглэсэн нөхөр нэг эмч дээр очиж тийм гэмтэлтэй гэх бичиг хийлгээд л хариуцлагаас мултрах гээд байна шүү дээ.
-Олон улсад ийм шалтгаанаар хариуцлага хүлээлгүй өнгөрдөг жишиг байдаг юм билээ. Манайд тохирохгүй гэж та үзэж байна уу?
-Тийм. Манайд спортын эмч нар албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон тохиолдол байгаа. н.Насанбат гэж эмч л гэхэд бөхчүүдийн шинжилгээг янз бүр болгосон асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгуулаад хэрэг нь прокурорт очоод чимээгүй болсон. Энэ жишгээр бөхчүүд эмч нарт таван төгрөг өгөөд л янз бүрийн бодис хэрэглээд явах нь. Манайх шиг ийм улсад эмчилгээний зориулалтаар гэх шалтгаан хэлж хариуцлагаас мултардаг жишиг хэрхэвч байж болохгүй.
-Энэ дүрмийг батлахдаа бөхчүүдийн байр суурийг сонссон юм уу?
-Үгүй, гэнэт л баталсан. Олон улсад ийм шалтгаанаар чөлөөлдөг байж болох ч энэ нь манайд тохиромжгүй. Эмч нар бөхчүүдийг шантаажилж мөнгө авдаг бизнес л цэцэглэнэ гэв.
Эмчилгээний зориулалтаар хэрэглэсэн гэх шалтгаанаар допинг хэрэглэсэн бөх хариуцлагаас зайлсхийх дүрмийн хүрээнд бөхчүүд болон мэргэжлийн хүмүүс дээрх байр суурийг илэрхийлж байна. Энэ дүрэм хэрэгжсэнээр эмч нар бөхчүүдээс мөнгө авч бэртэл гэмтлийн онош бичиж өгдөг явдал гаарна гэдгийг онцолж байгаа юм.