Categories
мэдээ нийгэм

Дондогдулам хатан мэндэлсний 140 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын хатан Эрх Цагаан дарь Дондогдуламын мэндэлсэний 140 жилийн ой тохиож байна. Тэртээ 1874 он буюу намрын адаг сарын 15-ны өдөр Халхын Хөвчийн Жонон бэйс Сангилагдоржийн хошууны нутагт Цэндийн гэр бүлд нэгэн охин мэндэлсэн нь хожмын Монгол Улсын төрийн хатан болох хувь ерөөлтэй байжээ.

Тус өдрийг тохиолдуулан Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан, түүхч О.Мөнхжаргал болон бусад албаны хүмүүс, музейн албан хаагчид өнөөдөр Дондогдулам хатны сэнтийд хүндэтгэл үзүүллээ.
Цэндийн Дондогдулам нь Хөвчийн Жонон бэйс Сангилагдоржийн хатны шадар албат, аягач явсан бөгөөд 1896 онд VIII Богдыг Амарбаясгалант хийдэд заларч, Өндөр гэгээний тугдам шарилд мөргөл үйлдэхээр явахад анх учирсан хэмээдэг. Энэ бүсгүй зургаан мэдэрхүй төгс, эрдэм чадал өндөр, ёслол журамтай хийгээд далдийн мэдэл гүнзгийн учир “увшинз” сахил хүртээж VIII Богд түүнийг өөрийн шадар болгосон түүхтэй.

1902 онд Богдоос Ачлалт ялгуусан дагина, эрх цагаан дара цол өргөмжилсөн бөгөөд мөн онд Бээжингийн Монгол журганаас Эрдэнэ сэцэн цол шагнаж, тэмдэгт бичиг олгон хадгалуулжээ. 1903 он буюу XV жарны харагчин туулай жил Их хүрээний 30 аймгийн нэг болох Эх дагины аймгийг Дондогдуламд зориулан үүсгэн байгуулсан юм.

1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж VIII Богдыг хаан өргөмжлөн Дондогдуламыг хатан хааны сэнтийд залсан түүхтэй. Тухайн үед жил бүрийн намрын адаг сарын шинийн 15-нд сүм хийдүүд эх дагины мэндэлсэн өдөрт зориулан хурал хурал ном хурдаг уламжлалтай байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *