Categories
мэдээ цаг-үе

Долоон хүүхэдтэй Д.Солонгод шинэ хашаа байшин бэлэглэв

Д.Солонгын шинэ байшин

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн хамт олон шинэ хашаа байшин барьж, бага насны долоон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйн гэр бүлд бэлэглэжээ. Учир нь өнөө жил барилгын салбар үүсч хөгжсөний 90, Барилгын техникийн хяналтын салбар байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаа юм байна. Ойн арга хэмжээнийхээ хүрээнд тэд нэгэн хүмүүнлэгийн ажил санаачлан зохион байгуулах тухай ярилцахад, тус хэлтсийн улсын байцаагч Т.Батцэнгэл гэх залуу, шинэ газар дээр чанартай байшин бариад, тусламж хэрэгтэй айлд хандивлаж, нэг ч гэсэн гэр бүлийг өөрийн эзэмшлийн тохилог хашаа, байшинтай болгох ажил санаачилж, хэрэгжүүлье гэжээ. Түүний санаачилгыг ажлын хамт олон нь дэмжсэн учир тэрээр байшин барих төсөл бичсэн байна. Ингээд төслийнхөө дагуу тэд барилгын болон бизнесийн үйл ажиллагаа явуулдаг нэлээд хэдэн аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалга илгээсэн аж.

Тус уриалгынхаа учрыг тайлбарлахдаа энэхүү хүмүүнлэгийн ажилд оролцож болно, оролцохгүй ч байж болно, мөн заавал бэлэн мөнгө гэлтгүй хашаа байшин барихад хэрэгтэй материал, багаж, тоног төхөөрөмж болон хүн хүчээр тусалж болно гэжээ. Ингээд зарим байгууллагууд тус аянд нэгдэж, өөрсдийн боломж бололцооныхоо хэрээр тусламж үзүүлсэн байна. Харин төслийг санаачлагч хамт олны нэг нь өөрийн эзэмшлийн зуслангийн газраа өгчээ. Тиймээс өнгөрсөн наймдугаар сарын 15-ны билэгт сайн өдөр шинэ газар дээрээ байшингийн шав тавьж ажлаа эхлүүлсэн бөгөөд хоёр сар гаруйн хугацаанд хашаа байшингаа босгож амжжээ. Ингээд хашаа байшингаа бэлэн болгочихоод, ямар айлд өгөх, айлаа яаж олох вэ хэмээн уйгагүй судалгаа хийсэн байна. Ингэхдээ хэн нэгэн танил хүн эсвэл аль нэг хорооны нийгмийн ажилтнаар дамжуулахгүй өөрсдөө хайж олно гэсэн зорилготой амьдралын боломж тааруу гэх айлуудыг судалж эхэлсэн аж.

Д.Солонгынхыг нүүлгэж байгаа төслийн багийнхан

Энэхүү төслийг санаачлагчид долоо, найман айлаар орж, аж байдалтай нь танилцаж, тэдэнтэй ярилцаж үзсэн байна. Тэгэхэд зарим айл нь бага насны хүүхдээрээ хүнд хөдөлмөр хийлгэж, хүүхдийнхээ олсон мөнгөөр амьдардаг, байгаа эд зүйлсээ архинаас өгчихдөг, шинэ байшингаа архины мөнгөнөөс зарчихаж мэдэхээр буюу итгэл даахгүй болов уу гэмээр айлууд ч тааралдсан гэнэ. Ингэж судалсны эцэст долоон хүүхэдтэй, машин угаалгын газар ажиллаад авдаг 300 мянган төгрөгийнхөө цалингаар амьдралаа залгуулдаг Солонгынхыг Үйтүмэн гавьяатын оролцсон ТV9 телевизийн “Тамирчны хишиг өдөр” нэвтрүүлгээс олж харсан байна. Тиймээс өнгөрсөн амралтын өдөр тус хэлтсийнхэн тэднийд очиж, Баруун салаа орж хүнтэй уулзана, ярилцах хэрэгтэй байна гэж хэлээд Д.Солонгыг хүүхдүүдийнх нь хамт авч гарчээ. Ингээд байшингийнх нь түлхүүрийг гардуулан өгсөн байна. Энэ талаар төслийг хэргжүүлсэн хэлтсийн мэргэжилтэн бүсгүй ярихдаа “Бид олон айлаар орсон. Тэгэхэд Д.Солонго “Сарын 300 мянган төгрөгийн цалин авдаг. Цалингаараа хүүхдүүдээ хооллож, хувцаслаад болж л байна. Миний хүүхдүүд хүмүүжилтэй, харьцангуй бие даацгаачихсан. Хүүхдүүд маань өвдөж, уйлаад байдаггүй юм. Хүүхэд өвчингүй л бол хурдан том болчихдог шүү дээ” гэж ярьсан. Бид тэднийд очно гэдгээ хэлээгүй гэнэтхэн яваад очсон.

Хүүхдүүдийг нь аваад гарах гэсэн чинь дөрвөн бага нь өмсөх гадуур хувцасгүй байсан. Гэхдээ тэдний гэрийн бүх зүйл эмх цэгцтэй маш цэвэрхэн, нэг ч халтар, хиртэй зүйл байхгүй. Хүүхдүүдийнхээ хэдэн хувцсыг бүгдийг нь угаагаад хураачихсан байна лээ. Би эмэгтэй хүний хувьд түүнийг үнэхээр хайрлаж, бахархах сэтгэл төрсөн” гэлээ. Мөн төслийг санаачлагч Т.Батцэнгэл ярихдаа “Эмэгтэй хүн машин угаалгын газар ажиллана гэдэг хүнд хөдөлмөр. Гэтэл тэр эмэгтэй хийж байгаа ажилдаа шантарч түүртэлгүй хөдөлмөрлөж байна. Бид Баруун салааны эцсээс баруун тийш байх Салхитын зусланд хашаа байшин барьсан. Мөн тэнд ойрхон сургууль, цэцэрлэгт хүүхдүүдийг нь сургана. Өөрийг нь тэндхийн бензин колонкод ажилд оруулж өгөхөөр колонкийн даргатай ярьчихсан байгаа. Бид цаашид энэ айлыг ингээд орхихгүй, байнгын6

харилцаа холбоотой байж, шаардлагатай үед тусалж дэмжиж байна. Энэ эмэгтэй бидний итгэлийг алдахгүй, хүүхдүүдээ сайн хүн болгоод, сайн ажиллаад, амьдралаа сайхан аваад явна гэдэгт бид бүрэн итгэж байгаа” гэж ярьсан юм.

Мөн тус хэлтсийн улсын ахлах байцаагч У.Ендон ярихдаа “Хэлтсийнхэн эрвийх, дэрвийхээрээ сэтгэл гарган тусалцгаасан. Мөн өөр байгууллагууд ч тусламж үзүүллээ. Байшин барьсны дараа манайхан илүү зурагт, хөргөгч, компьютер, хивс гэх зэргээ гэр, гэрээсээ боломжийнхоо хэрээр авчирч байшинг тохижуулсан. Уг нь бид хашаан дотор нь гүний худаг гаргаад өгчихье гэсэн боловч үнэхээр чадал хүрсэнгүй. Эдийн засгийн хямралтай байгаа болохоор танайх туслаач гээд хэн нэгнийг гуйж чадахгүй юм. Энэ байшинг барих ажилд маш олон хүн сэтгэлээсээ тусалсан. Удахгүй бид хамтран ажилласан байгууллагууддаа батламж гардуулж, талархал илэрхийлнэ гэж төлөвлөж байгаа” хэмээн ярилаа.

Эндээс гараад бид Д.Солонго руу залгаж, ярилцлага авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд “Хэзээ ирэх юм. За тэгэлгүй яахав, хүрээд ирээрэй. Өнөөдөр нүүх гэсэн амжсангүй, би нэг байгууллагад очиж, ажлын анкет бөглөх гээд явж байна. Маргааш нүүнэ” гэлээ. Ингээд тохирсон ёсоор маргааш нь буюу өчигдөр Сонгонохайрхан дүүргийн “Хилчин хотхон”-ы ойролцоо байх тэднийхийг зорилоо. Очиж буйгаа утсаар хэлчихээд дөхөж явтал урдаас 20 гаруйхан настай болов уу гэмээр бүсгүй сайн байна уу, сэтгүүлч мөн үү хэмээн инээд алдсаар хүрээд ирлээ.

Д.Солонго биднийг угтах зуураа манайх энд аавынхтайгаа хоёр гэрээрээ байсан юм. Сая НМХГ-ын ДБХХ-ийн залуус ирээд манай гэрийг ачаад явсан, эргэж ирээд энэ гэрийг ачих болохоор аав, эгч бид гурав гэрээ буулгаад хоцорлоо. Хүүхдүүд эмээтэйгээ байшиндаа оччихсон байгаа гэв.

Ингээд Д.Солонгоос зарим зүйлийг тодруулж ярилцлаа.

-Хашаа байшинтай болсноо мэдээд их баярласан уу. Танайх аль нутгийн айл вэ. Хэзээ хотод орж ирсэн бэ?

– Маш их баярласан. Зүүд юм уу, ямар их аз завшаан бэ гэж их догдолсон. Энэ хүмүүсийнхээ итгэлийг алдахгүйг хичээж ажиллаж сайхан амьдарна. Манайх Дорнод аймгийн Чойбалсан хотын айл. Намайг 13 настай байхад буюу 2000 онд хотод нүүж ирсэн. Хотын айл болсон цагаас хойш аав,ээж хоёр маань энд, тэнд ажил хийж, би ч мөн хоолны газар, үйлдвэр гээд янз бүрийн л ажил хийж байсан. Би доороо гурван дүүтэй айлын том охин. Нэг дүү маань сургуульд сурч, нэг нь надтай хамт машин угаалгын газар ажиллаж байна. Нэг эмэгтэй дүү маань гэр бүлтэй болоод тусдаа гарсан, удахгүй төрөх гэж байгаа.

-Залуу хүн гэхэд долоон хүүхдийн ээж болоод алдарт эхийн нэгдүгээр одонгийн болзол хангачихсан юм байна. Хэзээ гэр бүлтэй болж, анхны хүүхдээ хэдэн настай төрүүлж байсан бэ?

-Би 17 настайдаа нөхөртэйгөө танилцаад, 18 настайдаа анхны хүүхдээ төрүүлсэн. Том охин маань энэ жил 11 настай. Би өөрөө 29 настай. Том гурван хүүхэд маань нэг хоёр насны зөрүүтэй, дараагийнх нь хоёр ихэр, дараагийнх нь мөн хоёр ихэр. Алдарт эхийн хоёрдугаар одонгоо авчихсан. Удахгүй нэгдүгээр одонгоо авна. Би ганц хүү, зургаан охинтой.

-Та хоёрын хэн нь ихрийн удамтай вэ. Нөхөр тань бурхан болоод удаж байна уу?

-Хоёулаа ихрийн удамтай. Нөхөр маань өнгөрсөн жилийн аравдугаар сард самар түүхээр яваад л эргэж ирээгүй. Тогтсон ажилгүй болохоор гэр бүлээ тэжээхийн тулд хар бор ажил хийдэг байсан. Гэр бүлээ тэжээх хэдэн төгрөг олох гэж яваад л золгүй байдлаар өөд болсон. Тухайн үед хоёр бага маань гэдсэнд байсан. Аавыгаа өнгөрснөөс хоёр сарын дараа төрсөн юм.

-Орчин үеийн бүсгүйчүүдийн ихэнх нь олон хүүхэдтэй байх хэцүү гэж ойлгодог. Шантармаар үе их тохиолдож байна уу?

-Би өөрөө эцэг эхээс наймуулаа байсан ч одоо дөрвүүлээ үлдсэн. Олуулаа бужигнаж өссөн. Олон хүүхэдтэй байх сайхан, хүүхэд өвдөхгүй л бол зовж шаналаад байх юм байхгүй шүү дээ. Хүүхэд хурдан том болдог. Би хүүхдүүдээ мэдлэг боловсролтой сайн хүн болгохыг хүсэж байна. Миний хүүхдүүд ухаантай, сурлага сайтай. Залуу бүсгүйчүүд үр хөндүүллээ гэж ярихыг сонсоод би үнэхээр гайхдаг. Жирэмсэн болсон юм бол хүүхдээ төрүүлэх хэрэгтэй шүү дээ. Хүүхэд төрүүлж, өсгөж чадахгүй юм бол анхнаасаа жирэмслэхгүй байх хэрэгтэй. Хүний амьдралын утга учир, аз жаргал болсон амьд бурхдад тийм хэрцгий хандаж яаж чадаж байна аа гэж гайхдаг. Хүүхдийг би бурхны бэлэг гэж боддог. Ээж, аав маань байгаа болохоор хүүхдүүдийг минь харж өгөөд надад их тустай байна. Одоо манай хашаанд бууна гэлээ.

Эдний гэрийг нүүлгэхэд тусалж байсан Д.Солонгын нагац эгч У.Бямбаатай ярилцахад “Би Сонгонохайрхан дүүргийн зургадугаар хороонд харьяатай, манайх Эмээлтэд айлын гахай малладаг юм. Өнөөдөр группээ хөөцөлдөх гээд ирсэн чинь эднийх нүүж байна. Би цус харваад өрөөсөн тал мэдээгүй болсон. Долоо хоног бүр тариа хийлгэдэг. Группт орох санаатай хөөцөлдөөд л байгаа, бүтээгүй л байна. Хэд хоногийн өмнө утас дугарахаар нь авсан чинь Д.Солонго манайх байшинтай боллоо гэж байсан. Би бие муутай болохоор буруу сонсоод байгаа юм болов уу гэж гайхаад, толгой эргээд чихэндээ ч итгээгүй, чи ярь даа гээд нөхөртөө утсаа өгчихсөн чинь нөхөр Д.Солонгынх цоо шинэ хашаа, байшинтай болсон байна. Хүмүүс хандивласан гэж хэллээ. Тэгэхээр нь л баярлаад уйлчихсан, нулимсаа барьж дийлэлгүй олон цаг уйллаа. Манай охин ээж одоо болиоч, яасан их уйлдаг юм гэж байгаа юм. Д.Солонгын нөхөр их сайн залуу байсан. Энэ хоёр хар багаасаа нэг гэрт ороод л чадлынхаа хэрээр амьдарч байлаа. Даанч уул руу самарт яваад эргэж ирээгүй юм. Би тэр үед харвалт өгчихсөн, ухаан санаа орж гарч байсан болохоор учрыг нь нарийн ойлгодоггүй юм” гэлээ.

Ингээд бид Солонгын шинэ байшин руу яваад очтол байшингийнх нь доод талд ачаатай портер нь цасанд суучихсан, МХГ-ын залуучууд зарим ачааг нь хувийн жижиг тэргээр зөөгөөд, ачааны машинаа цаснаас гаргах гэж чадах ядахаараа хичээцгээж байлаа. Харин байшинд ороход Д.Солонгын ээж “Миний дүү нар дээшээ суу, хар ч гэсэн халуун цай уучих, боорцог ид, манайх гурил будаагаа авч чадаагүй юм. Хэдэн хүүхдүүдээ хар шөл талхтай идүүлж унтуулчихаад байж байна. Хүүхдүүдийн минь заяа буян ивээж, сайхан сэтгэлт залуусын буянаар сайхан байшинтай боллоо” гэсээр угтлаа. Тэрээр ярихдаа “Манай хүргэн самранд яваад л эндчихсэн юм. Их сайн залуу байсан. Хүргэн самарт явж байгаад ууланд толгой, шанаа нь хөхөрч гэмтсэн байдалтай нас барсан олдсон юм билээ, тухайн үед цагдаад бүртгүүлсэн чинь цагдаа нар хоёр гурван сэжигтэн олсон, шалгаж байна гээд л таг болсон. Бид хөөцөлдөж чадахгүй болохоор үнэн мөнийг тогтоолгож чадахгүй юм. Нөхөр бид хоёр хүүхдүүдийг нь харж өгөхөөс илүү тус хүргэж чадахгүй байна. Энэ муу охин минь л амьдралаа ав явж байна” гэв.

Солонгын энэхүү шинэ байшин 56 метр вадрат талбайтай, гал тогоотойгоо нийлээд гурван өрөөтэй, ханан пийшинтэй тохилог дулаахан байшин байв. НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийнхэн барилга, байшингийн чанар стандарт зэрэгт хяналт тавьдаг учир мэргэжлийн өндөр түвшинд хамгийн сайн чанарын байшин бариулсан гэж байв. Д.Солонгын долоон хүүхдэд хүүхдийнхээ жижигдсэн хувцас, хоол хүнсний зүйлс, түлээ түлш зэргийг боломжийнхоо хэрээр илүүчлэхэд их дэм болмоор харагдаж байлаа. Д.Солонготой 88640162 утсаар холбогдож болох юм билээ.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *