О.Гүндэгмаа багаасаа л ааваасаа салдаггүй хүүхэд байжээ. Аав хаана явна охин тэнд. Түүний аав ээж нь марш тактикийн тэмцээнд их сайн бууддаг байсан гэдэг. Тэрээр “Аав минь цэргийн хүн болохоор марш тактикийн тэмцээний бэлтгэлдээ гуравдугаар сард гараад 45 хоногоор явдаг байсан. Тэр үед аав намайг авч явдаг байсан болохоор би гэдэг хүн аавынхаа куртик, дээлэнд орчихсон л явдаг байлаа. Зургаан настайдаа буудаж сурсан. Сайн буудвал аав нь шагнана шүү гэж урамшуулна. Тавдугаар ангид байхад аав минь гэрт байдаг нугалдаг хийн буугаар бай зурчихаад буудуулдаг байлаа” хэмээн аавынхаа тухай, өөрийнхөө бага насны тухай дурссан байдаг.
Буудлагын их спортыг сонгосон түүх нь гарцаагүй энэ аж. Монгол Улсынхаа нэрийг тив дэлхийд цуурайтуулах эхлэл нь бага балчираасаа хичээллэсэн түүний хичээл зүтгэл, ур ухаан хожмоо Дэлхийн аварга болоход хамгийн ихээр түлхэц болсон болов уу.
Монголчууд түүгээр бахархаж, шагшсан 2008 оны Бээжингийн олимпийг дурдахгүй байхын аргагүй. 2008 оны наймдугаар сарын 13-нд спорт гар бууны 25 метр онч сорьсон шилдэг буудагчдаас зөвхөн найм нь медалийн төлөө 20 сум буудахаар шалгаран үлджээ. Оноогоороо тэргүүнд Отрядын Гүндэгмаа жагсч байлаа. Буудаж ч эхлээгүй байхад түүний буу гацаж хүмүүс ихээр сандарч эхлэв. Тэмцээн өндөрлөсний дараа манай тамирчин хоёрдугаарт жагссан байлаа. Ийнхүү мөнгөн медалийн эзэн болж монголчуудын бахархал болж байсан юм. Тэр үед “Алт шиг мөнгөн медаль авлаа” хэмээн монголчууд шагшин ярьж байсан нь өчигдөр мэт л санагдана. Тэр ийм л түүхэн гавьяатай нэгэн.
Эмэгтэй хүн буудлагын спортоор хичээллэнэ гэдэг асар их зориг, тэвчээр шаардана.
Түүний ээж Ч.Хишигсүрэн мөн л аавынх нь адил Монголд хамгийн олон буулттай шүхэрчин. Шүхрийн спортын мастер, бэлтгэл Ахлах ахлагч цолтой нэгэн. Харин Агаарын спортын Зууны манлай тамирчин, олон улсын хэмжээний мастер Дагвын Отряд нь Монгол Улсад хамгийн олон буулт буюу 3820 удаа шүхрээр амжилттай газардаж өдгөө ч эвдэгдээгүй байгаа амжилтыг үзүүлжээ. Амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл шүхрийн спортоор хичээллэж, 21 аймагт шүхрийн спортыг дэлгэрүүлэх, улсын баяр наадмаар шүхрээр буух үзүүлбэрийг анх санаачилж байжээ. 1987 онд Сутай хайрханы /4130 м/ оргилд АН2 онгоцноос 4900 метрийн өндрөөс шүхрээр буусан нь дэлхийд хоёрт, Азидаа анхдагч болсон амжилт аж. Гүндэгмаа охин аавынхаа энэхүү спортын замналын тухай “Хүн шувуу” баримтат кино, дурсамж ном бүтээж Үндэсний төв архивд хүлээлгэн өгч сан хөмрөгийг нь баяжуулж байсан юм.
Түүхэн ховор гэрэл зураг, архивын баримт, хувийн цуглуулга, аавтайгаа хамт шүхрийн спорт, уулын спортоор мөр зэрэгцэн хичээллэж байсан найз нөхөд, хамт олных нь дурсамж яриа зэргийг тус номондоо багтаасан гэдэг.
О.Гүндэгмаа 1978 оны тавдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрж, хожмоо Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгсчээ.
Буудлагын спортоор 1993 оноос хичээллэж эхэлсэн тэрээр “Атланта- 1996” олимпод анх оролцсоноос хойш өдийг хүртэл олимп, дэлхийн тэмцээнд алгасалгүй оролцож ирсэн түүхтэй. Хийн гар бууны 10 м, спорт гар бууны 25 метрийн дасгалуудад өрсөлддөг түүний томоохон амжилтуудыг дурдвал, 1998 онд Д.Мөнхбаяр, Д.Оюун нарын хамт ДАШТ-ий багийн төрлөөс хүрэл медаль, 2006 онд 25 метрийн хийн гар бууны хувийн төрлөөр хүрэл медаль авч байв.
Буудлагын спортоор хичээллээд гурван жилийн дараа Индонезийн Жакартад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байлаа. Тэр үед түүний аав “ Охиноо спорт руу татсаны хэрэг бүтэх нь” хэмээн ярьж байсан гэдэг.
Ази тивийн аварга, Дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга, дэлхийн цомын цувралуудын алт, мөнгө, хүрэл медаль гээд дурдаад байвал түүний алдар цол дуусашгүй билээ. Москвагийн олимпийн наадмаас хойш олимпоос мөнгөн медаль хүртсэн Монголын тамирчин болсон тэрээр 2008 оны наймдугаар сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 2016 оны гуравдугаар сарын 18-нд дэд хурандаа цол хүртсэн юм.
18 настайдаа “Атланта”-гийн олимпод дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн галын шугамд зогсож байсан О.Гүндэгмааг өдгөө танихгүй хүн ховор биз ээ. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медалийн эзэн энэ жил долоо дахь олимпдоо цэц сорихоор бэлдэж байна.
Д.ОТГОНТУЯА