Өнгөрсөн зунаас ам.долларын ханшийн огцом өсөлтөөс шалтгаалж доллараар зээл авсан иргэд, аж ахуйн нэгжүүд ихээр хохирох болсныг өнөөдөр иргэдийн “218.1 хөдөлгөөн”-өөс мэдээллээ. Тэд ам.долларын ханш одоогоос таван жилийн өмнө 1300 орчим төгрөг байсан. Гэтэл тэр үед 20 мянган доллар буюу 28 сая төгрөг зээлж авсан хүн өнөөдрийг хүртэл зээлээ тасралтгүй төлж байгаа ч эргээд 40 гаруй сая төгрөгийн өртэй үлдэж буйг онцолж байна. Өөрөөр хэлбэл долларын ханшны өсөлтөөс болж ам.доллараар зээл авсан иргэд тодорхой хэмжээний мөнгийг ханшны зөрүү, хүүд төлөх болжээ. Гэтэл Иргэний хуулийн 218.1-дэхт хэсэгт “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэсэн заалт бий. Тухайлбал, “Иргэнд зээл олгохыг банкнаас зөвшөөрч, зээл нь иргэний дансанд шилжсэн тэр өдрөөс хойш зээл төлж дуустал мөнгөний ханш өссөн, буурсан ч тухайн зээл олгосон өдрөөр ханшийг тооцно” гэсэн агуулгатай хуулийн заалт юм байна. Гэвч өдийг хүртэл энэ хуулийн заалтыг Монгол банк болоод арилжааны банкууд хэрэгжүүлж чадахгүй байгааг иргэдийн төлөөлөл хэллээ. Өөрөөр хэлбэл энэ заалтыг хэрэгжүүлэхгүй байгаагаас үүдэн доллараар зээл авсан иргэн, аж ахуйн нэгжүүд хохирсоор байгаа гэлээ.
Ам.долларын зээлүүдийг Иргэний хуулийн 218.1 заалтын дагуу төгрөгийн зээлд шилжүүлэх асуудлыг шийдэх боломжтой. Мөн Монгол банк, Монголын банкуудын холбоотой хамтран банк бүрээр олгогдсон ам.долларын зээлийн олгогдсон үеийн төгрөгийн ханшаар тооцсон дундаж шилжүүлэх, ханшийг тодруулж баталгаажуулах шаардлагатай гэж “218.1 хөдөлгөөн”-ийнхэн мэдээлж байна.