Categories
мэдээ цаг-үе

Доллар өсөх бодит шалтгаан байхгүй учраас ногоон валютын ханш урууджээ

-Худалдаа хөгжлийн банкны гаргаж буй бондын 500 сая ам.доллармаргааш шийдэгдэнэ-

Өнгөрсөн долдугаар сараас өнөөг хүртэл ам.долларын ханш 1970-1997 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Гурван сарын турш 27 төгрөгийн хооронд хэлбэлзсэн гэсэн үг. Долларын ханш хоёр мянга дөхөж, давж байсан ч сүүлийн өдрүүдэд бууж эхэллээ. Ханш яагаад уруудсан шалтгааныг учир мэдэх хүмүүс “Эдийн засагт угаасаа долларын эрэлт байгаагүй. Ам.доллар сүүлийн өдрүүдэд өндрөө авч байсан нь эдийн засаг хямарна, сүйрнэ гэсэн буруу хүлээлтэд удирдагдсанаас болсон” гэж тайлбарлаж байна. Өнгөрсөн оны аравдугаар сараас өнөөдрийг хүртэл гадаад худалдаа ашигтай гарсан нь ам.долларын ханш өндрөө авахгүй байх суурь шалтгаан гэж эдийн засагчид онцолдог.

Гадаад худалдаа 2006 оноос хойш анх удаа тэнцвэржиж өнгөрсөн онд 538 сая ам.долларын ашигтай гарсан юм. Бид гадагш урсгадгаасаа илүү ам.доллар олсон гэсэн үг. Энэ оны эхний найман сард гэхэд л 705 сая ам.долларын ашигтай гараад байгаа. Оны эхний найман сарын гадаад худалдааны тэнцлийг 2011-2013 оны дундажтай харьцуулахад гадаад худалдааны тэнцэлд 2.8 тэрбум ам.долларын эерэг өөрчлөлт гарсан гэсэн статистик бий.

Төлбөрийн тэнцэл алдагдалгүй гарах нөхцөл бүрдэж байгаа. Удаан эдэлгээтэй хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт оны эхний найман сард 27 хувиар буурчээ. Тэр дундаа авто машины импорт 31 хувиар, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тавилгын импорт 26 хувиар буураад байна. Гутал, хувцас цүнх гаднаас худалдаж авдаг маань мэдрэгдэхээр танагджээ. 18 хувиар буурсан гэх мэдээллийг статистикийн хорооноос өгч байна. Хэрэглээний импорт 21 хувиар буурсан мэдээ бий. Гаднаас авдаг бараа, бүтээгдэхүүнийхээ хэмжээг 30 хувиар багасгана гэдэг том таналт.

Мөн эдийн засгийн өсөлт саарсан нь долларын бодит эрэлт буурахад нөлөөлжээ. Товчхондоо бизнесийн идэвхжил буурсан учраас ам.долларын хэрэгцээ багассан гээд ойлгочихож болно. Нэг гэгээтэй мэдээ дуулгахад долларын ханш тогтворжих суурь нөхцөл бүрдэж байгаа гэдгийг шинжээчид дуу нэгтэй хэлж байна.

Сүүлийн үед доллар уруудахад нөлөөлсөн шууд бус шалтгаанууд бас бий. Богино хугацаанд доллар орж ирэх хоёр суваг байна. Эхнийх нь Худалдаа хөгжлийн банкны гаргахаар ажиллаж байгаа 500 сая ам.долларын бонд. Эх сурвалжийн мэдээлснээр бол энэ мөнгө маргааш шийдэгдэх юм билээ. Арваннэгдүгээр сард Оюу толгой төслийн шугамаар орж ирэх 350 сая ам.долларын сураг ч ханш буух бодит бус шалтгаан болж байна. Урт хугацаанд орж ирэх долларын сувгийн нэг нь мөн л Оюу толгой. Ирэх оны хавраас Оюутолгойн дараагийн санхүүжилт болох 1.1 тэрбум ам доллар орж ирнэ гэсэн эерэг хүлээлт байгаа. Дараагийн том найдлага бол Таван толгой. Таван толгойн хэлэлцээр өнөө хүртэл үргэлжилж буй. Хэлэлцээр амжилттай болж коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог энэ ордын төслийг төмөр замтай нь цогц байдлаар хэрэгжүүлэх суурийг тавиад өгчихвөл ирэх дөрвөн жилд тав орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоо бий.

Ам.долларын ханштай холбоотой ийм эерэг мэдээнүүдээс гадна болгоомжлохоос аргагүй бодит шалтгаанууд байгаа. Эдийн засагт цэвэр дүнгээр орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй хэвээр байж. Энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр гадаадын шууд хөрөнгө оруулалт 44 сая ам.доллар буюу ДНБ-ий ганцхан хувьтай тэнцэх хэмжээнд болж буураад байна. Эдийн засгийг урт хугацаанд тогтвортой, эрүүлээр өсгөе гэвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дор хаяж ДНБ-ий 15-20 хувьтай тэнцэх хэмжээнд байлгах учиртай гэж эдийн засагчид онцолдог. Хөрөнгө оруулалтын бүтцэд анхаарах хэрэгтэй гэсэн зөвлөгөө ч сонсогддог. Дан ганц уул уурхайн хөрөнгө оруулалтад биш өөр салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн санаа. Гадаадын хөрөнгө оруулалт өнөөдөр, маргаашдаа шууд ороод ирдэг зүйл биш. Хөрөнгө оруулагчдад бүрэн итгэл төртөл хугацаа хэрэгтэй гэдгийг хөрөнгө оруулалт тэг рүү уруудсан өнөөгийн нөхцөлөөс харчихаж болно. Гаднаас хөрөнгө оруулалт орж иртэл гадаад валютаа зээл, багцын хөрөнгө оруулалт зэрэг замаар шийдэхээс аргагүй гэж шинжээчид хэлж байна. Хөрөнгө оруулагчдын хүлээлт ирэх онд ч үргэлжилнэ, дэлхийн эдийн засаг таагүй хэвээр лав л нэг, хоёр жил болно гэсэн муу мэдээ сонсогдоод удаж байна. Наад захын том жишээ гэхэд л Хятадын эдийн засгийн бодит өсөлт долоон хувиас буурах нь тодорхой болчихсон.

ОХУ-ын эдийн засаг ч ялгаагүй гундуу зурагтай байна. Энэ оны хоёрдугаар улиралд 4.6 хувиар агшаад байгаа. Ирэх өдрүүдэд үүнээсээ уруудаж оны сүүлийн хагаст 3.5-3.6 хувиар агшина гэсэн таамаг бий. АНУ, Евро бүс, Японы эдийн засгийн суурь асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр байна. Өнөөдөр нэгэнт үүсчихсэн тодорхой бус байдал цаашид ч үргэлжилнэ гэсэн гутранги таамгийг шинжээчид хэлсээр байгаа юм. Гадаад эдийн засгийн орчин сайжирч гадаад эрэлт нэмэгдэхгүй, эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгал, тэр дундаа гадаадын шууд хөрөнгө оруулалт сайжрахгүй, төсөв алдагдалтай хэвээр үргэлжилбэл эдийн засаг хэцүүднэ гэсэн сануулгыг эргэж харахаас аргагүй.

Гадаад валютын улсын нөөц энэ оны долдугаар сарын байдлаар 1.7 тэрбум ам.доллар буюу сүүлийн гурван сарын дунджаар тооцсон импортын 5.3 сарын хэрэгцээг хангах түвшинд байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *