Categories
мэдээ нийгэм

Доктор, профессор Х.Сэлэнгийг Б.Чимидийн нэрэмжит шагналаар шагнав

Үндсэн эрх зүйн тогтолцоог бэхжүүлэх цогц судалгаа хийж, “XIII зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл” бүтээл туурвисан профессор, хууль зүйн ухааны доктор Х.Сэлэнгийг өнөөдөр Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналаар шагнав.

Хөдөлмөрийн баатар Б.Чимидийн нэрэмжит шагналыг хууль зүйн шинжлэх ухааны салбарт томоохон хувь нэмэр оруулахуйц бүтээл туурвисан хүмүүст олгодог бөгөөд өмнө нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын гавьяат хуульч И.Дашням, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан, академич Х.Нарангэрэл нар тус тус хүртэж байв. Харин Х.Сэлэнгэ энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж буй анхны эмэгтэй юм.

Шагнал гардуулах үеэр УИХ-ын дарга М.Энхболд, “Б.Чимид гуай бол шинэ Үндсэн хуулийг эхийг барьж, Ардын Их Хурал 76 хоног төслийг хэлэлцэхэд ачааны хүндийг үүрсэн хүн юм. Энэ хүний эхийг барьж зарлан тунхагласан Үндсэн хуулиар орчин цагийн хууль эрх зүйн салбарын бүх харилцааг зохицуулж байгаа. 2019 оны шагналыг Таны туурвисан “XIII зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл” бүтээлд олгож байна” гэлээ.

Мөн үеэр хууль зүйн ухааны доктор Х.Сэлэнгэ “Энэхүү шагналд “XIII зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл” бүтээлийг нэр дэвшүүлэх боломж олгосон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүдэд талархал илэрхийлж байна. Миний энэхүү бүтээл монголчуудын төрт ёс, түүний уламжлал үнэт зүйлийг илрүүлэн гаргаж, орчин үеийн онол, арга зүйн үүднээс дахин үнэлэх оролдлого хийснээрээ онцлог юм. Мөн монголчуудын эв эеийн тухай сургааль нь хүн төрөлхтний оршихуйн үндэс, үнэт зүйл болохыг шинжлэх ухааны үүднээс нотлохыг хүссэн. Энэхүү шагнал миний бүтээлийн шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдлыг өргөж байгаад туйлын баяртай байна” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *