Categories
мэдээ цаг-үе

Доктор, дэд профессор Д.Одгэрэл: Хүүхдийн онцлогт тохирсон ганцаарчилсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

МУБИС, Нагояа Их Сургуулийн хамтарсан “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”-ийн эрхлэгч доктор, дэд профессор Д.Одгэрэлийн манай сонины “Багш” буланд явуулсан нийтлэлийг хүргэе.


Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд бүрийг хөгжүүлэх, чанартай боловсрол эзэмшүүлэх, судалгаанд суурилсан сургалтын үйл ажиллагаа явуулах зэрэг асуудлууд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Боловсролын хууль, МУБИС-ийг хөгжүүлэх бодлого болон холбогдох бусад эрх зүйн баримт бичгүүдэд тусгагдсан байдаг. Боловсролын чанарын шинэчлэлийн нэг чиглэл бол “Тэгш хамруулан сургах боловсрол”-ыг хэрэгжүүлэх явдал юм. Дэлхий нийтийн боловсролын хөгжлийн чиг хандлага нь хүүхэд бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн арга зүйг сургалтад нэвтрүүлэх нь чухал гэсэн үзэл санаагаар баяжин хөгжиж байна. Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулан сургах үзэл санааг хэрэгжүүлэн сургалтын чанар, үр өгөөж хүртээмжийг дээшлүүлэхийн тулд тусгай хэрэгцээтэй хүүхдийн онцлог хэрэгцээг таньж мэдэж, тэдэнтэй ажиллах арга зүйг эзэмших хэрэгцээ, шаардлага шинэ зууны багш нарт тулгарч байна. Гэсэн хэдий ч хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, зан төлөв нийгэмшихүйн хөгжлийн онцлогийг хэрхэн яаж ямар аргачлал стандартаар оношлох, хэрхэн дэмжлэг үзүүлэх асуудлууд тулгамдсан хэвээр байна. Олон улсын туршлагаас үзэхэд хүүхдийн хөгжлийн онцлогийг илрүүлэхдээ эрүүл мэнд, боловсрол мөн нийгмийн халамжийн талаас нь цогцоор авч үзэн зохицуулалтуудыг хийж, сэтгэл зүйн болоод боловсролын үнэлгээ, оношилгоон дээр тулгуурлан боловсролын үйлчилгээ үзүүлдэг байна.

Хүүхдийн хөгжлийг үнэлэх явдалд цогц байдлаар хандвал урт удаан хугацаанд үр өгөөжөө өгөх, улс орны эдийн засагт ч хувь нэмрээ оруулсан ажил болох нь дамжиггүй. Иймээс бид Монгол Улсад хүүхдийн боловсролын, сэтгэл зүйн, физиологийн оношилгоо, үнэлгээ хийх зайлшгүй шаардлагатай байгааг үндэслэн МУБИС болон Япон улсын Нагоя их сургуультай хамтран “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв” (ХХДТ)-ийг байгуулсан. Бид бүхэн Япон улсын хүүхдийн сэтгэл зүйн болоод боловсролын үйлчилгээг тусгайлан үзүүлэх тогтолцоог Монголд нэвтрүүлэх зорилгоор эцэг, эх багш нарт зөвлөгөө өгөх, мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, сурах бичиг, гарын авлага боловсруулах, хүүхдийн судалгааны аргачлал боловсруулах гээд олон чиглэлийн үйл ажиллагаа явуулж байна. Манай төв МУБИС-ийн Багшийн сургуульд байрладаг бөгөөд ажиглалтын, зөвлөгөөний, тоглоомын гэсэн гурван өрөөтэй. Тодруулбал, тоглоомын өрөөнд бага насны хүүхдүүдийг хүлээн авч тоглоомоор тоглуулангаа ажиглалт хийдэг. Эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнд МУБИС-иас Д.Одгэрэл, Ц.Дэлгэрсайхан, Б.Оюунцэцэг, Б.Булган, Г.Энхжаргал, Н.Оюунтунгалаг, Д.Ганболд, Б.Хадбаатар, Б.Мягмаржав, Г.Батжаргал, Ц.Оюунбилэг Д.Баяраа нар, Нагоя Их сургуулиас Нагата Масако, Номура Кенжи, Вакабаяаши Сүмино, Канеко Хитоши, Канай Ацүко, Мацэмото Марико , Фүкүмото Риэ нар байдаг.

Хүүхдийн хөгжлийг үнэлэхдээ хүүхдийн чадварт тулгуурлан, хөгжлийн бүхий л хүрээг хамруулан сэтгэл зүйч, сэтгэц мэдрэлийн эмч, багш, тусгай боловсролын багш, эцэг эх, асран хамгаалагч, шаардлагатай гэж үзвэл тухайн хүүхэд, мөн нийгмийн ажилтан нараас бүрдсэн баг илрүүлэн оношилж үнэлгээ хийдэг. Манай мэргэжлийн багт МУБИС-ийн сэтгэл судлаач, тусгай боловсролын багш, Нагоя их сургууль /НИС/-ийн сэтгэц-мэдрэлийн эмч, клиник сэтгэл судлаач нар ажиллаж байна. Бид хүүхдийн бүхий л мэдээллийг цуглуулан эрхтэн системийн үйл ажиллагааны, ерөнхий хөгжлийн, боловсролын, эцэг эхийн, багшийн мэдээлэл болон бусад мэдээллийг ашиглан хүчин төгөлдөр, найдвартай үнэлгээний сорил, хэрэглэгдэхүүнийг ашиглан үнэлгээг хийдэг. Хэрэв хүүхдэд хөгжлийн асуудал тогтоогдвол ганцаарчилсан хөтөлбөрийг дээр дурдсан баг боловсруулж эцэг эх, асран хамгаалагчид тухайн ганцаарчилсан хөгжлийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрвөл хүүхдэд тохирсон үйлчилгээг хүртэж эхэлдэг юм. Ийм байдлаар нийт 20 гаруй хүүхдэд (хөгжлийн хоцрогдолтой хоёр, оюун ухааны бэрхшээлтэй найм, аутизмын хүрээний эмгэгтэй долоо, хэт хөдөлгөөнтөх, анхаарлын дутмагшилтай /ADHD/-3) дараагийн шатны байгууллагыг танилцуулах, давтан зөвлөгөө өгч дэмжих үйлчилгээ үзүүлээд байна.

“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-ийн үйл ажиллагаагаар дамжуулан бид зөвлөгөө өгөх, үнэлгээ хийх чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэж, хүүхдийн хөгжлийн талаар судалгаа хийдэг судлаачдыг бэлтгэх, ном, гарын авлага гаргах, мэргэжилтнүүдэд зориулсан эрдэм шинжилгээний хурал, сургалт семинаруудыг тасралтгүй зохион байгуулсаар байна. Тухайлбал, 2013 онд МУБИС-ийн Багшийн сургууль, Боловсрол судлалын сургууль, СӨБС, Архангайн Багшийн сургууль, УБ хотын Тусгай болон ЕБС-ийн багш нарт “Хөгжлийн бэрхшээлийн илрүүлэлт, оношилгоо“ сэдвээр сургалт зохион байгуулж байсан бол 2014 онд МУБИС болон бусад их, дээд сургуулиудын багш нарын “Бага насны хүүхдийн оношилгоо, судалгааны өнөөгийн байдал, цаашдын төлөвлөлт” эрдэм шинжилгээний онол практикийн олон улсын хурлыг, 2016 онд МУБИС-ийн багш нарын “Монгол, Японы хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон тусгай хэрэгцээт боловсролын талаарх хамтарсан судалгаа-2016”, “Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүд”, “БТХШХ-ийг судлах судалгааны арга зүй” сэдэвт сургалтуудыг тус тус Нагоя хотноо зохион байгуулсан. Мөн МУБИС-ийн болон бусад их, дээд сургуулийн багш нарын “Боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай сурагчдыг дэмжих судалгаа” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал, ЕБС болон цэцэрлэгийн нийт 150 багш оролцсон “ТХБ-ын сургалт арга зүй” сэдэвт сургалтуудыг УБ хотноо, 2017 онд МУБИС-ийн багш нарын “Боловсролын үнэлгээ хийх сэтгэл зүйн сорилын тухай”, Сэтгэл судлал, боловсрол судлалын мэргэжлийн багш нар, магистрантууд болон эмч нарын “Клиник сэтгэл судлалын онол практикийн асуудал”, ЕБС-ийн 100 багшийг хамруулсан “Боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийн үнэлгээ” сэдэвт сургалтуудыг тус тус зохион байгуулав. 2018 онд ЕБС ба тусгай сургуулийн нийт 70 багшийн “Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажиллах арга зүй”, УБ хот болон Хөвсгөл аймгийн сорил авагч, тэмдэглэл хөтлөгч нарт зориулсан “Танака Бинет оюун ухааны сорил” онол, арга зүйн сургалтыг явуулсан. Энэхүү “Танака Бинет оюун ухааны сорил” онол, арга зүй сургалтын мөн 2019 онд УБ, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий аймгийн 130 багш нарт амжилттай зохион байгуулаад байна. Энэ 2020 онд бид сорилын боловсруулалт болон дүн шинжилгээ хийхээр ажиллаж байна.

Тус төвийн үндсэн нэг үйл ажиллагаа бол эрдэм шинжилгээ, судалгааны ажил юм. Бид байгуулагдсан цагаасаа хойш багагүй хугацаанд Нагоя Их сургуультай хамтран МУБИС болон бусад байгууллагууд, үндэсний хэмжээнд олон чиглэлээр өргөн хүрээнд багагүй сургалт-судалгааны ажлыг амжилттай хийгээд байна. Судалгаа, сургалтын ажлын төлөвлөгөөгөө хамтаар хэлэлцэн тохирч, төсвийн нарийн задаргааг гарган сургуулийн удирдлагаараа баталгаажуулж жил бүр хамтын ажилагааны гэрээгээ дүгнэн хэлэлцэж улмаар гэрээгээ сунган ажиллаж ирлээ. Санхүүгийн эх үүсвэр маань хоёр их сургуулийн Эрдэм шинжилгээний төсөл, хамтын ажиллагааны болон бусад эх үүсвэрээс бүрддэг. “ХХДТ”-ийн судалгааны гол чиглэл бол “Хүүхэд судлал”. Бид НИС-ийн эрдэмтэн багш нартай хамтран Хүүхдийн оюун ухаан, физиологи, танин мэдэхүй, зан төлөв, нийгэмшихүйн, суралцахуйн хөгжлийн талаарх хамтарсан судалгаанууд хэрэгжүүлж байна. Одоогоор “ХХДТ”-ийн судлаачдын баг Японы “ТАНАКА БИНЭ” судалгааны хүрээлэнгийн “Танака Бинэ” (ТБ) сорилын албан ёсны зохиогчийн эрхтэйгээр “Танака Бинэ оюун ухааны сорилын Монгол хувилбар”-ыг Монголын нийгэм, хэл соёлын онцлог, Монгол хүүхдийн хөгжлийн онцлог, хот хөдөөгийн ялгаатай байдал зэргийг харгалзан судалгааны ажлыг үе шаттайгаар амжилттай хийж төгсгөлийн шатандаа орж байна. Энэ ажлын хүрээнд анх 2016 онд ТБ сорилын монгол хувилбарыг боловсруулах гэрээг НИС, МУБИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан бол 2017 онд сард сорилын орчуулагдсан даалгавруудыг хэлэлцэж, монгол хувилбарт хөрвүүлсэн сорилын даалгавар боловсруулан сорилын даалгавруудын тохирцыг шалгахын тулд 68 хүүхдээс туршилт судалгаа авсан юм. Ингээд 2017 оны арваннэгдүгээр сард монгол хүүхдүүдийн өдөр тутмын амьдралд нийцэхүйц агуулга бүхий даалгавруудыг туршиж тухайн насанд тохирсон эсэхийг дахин нягталж үзэх зорилготойгоор “Туршилтын судалгааны үр дүн”-гийн боловсруулалтыг хийн урьдчилсан судалгааг Улаанбаатар хот, Архангай аймгаас 320 хүүхдээс авав. 2018 онд урьдчилсан судалгааны үр дүнгийн боловсруулалт сорилын дүнг нэгтгэн, хот хөдөөгийн хүүхдүүдийн судалгааны үр дүнд анализ, боловсруулалт хийж хэрэглэгдэхүүнийг шинэчлэн захиалах, үйлдвэрлүүлэх, гарын авлага дээр ажиллах, шинээр хэвлүүлэх зэрэг ажлыг амжилттай хийсэн юм. Улмаар сорил авагч, тэмдэглэл хөтлөгч нарт зориулсан сургалтын модуль боловсруулж, сургалтыг УБ, Өмнөговь, Завхан, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын 130 гаруй багш нарт зохион байгуулж МУБИС-ийн баг 544 хүүхдээс, ЖАЙКА баг УБ хот, Хөвсгөл аймгийн 256 хүүхдээс үндсэн судалгааг нийт 800 хүүхдээс тус тус авсан. Өнгөрсөн 2019 онд бид цуглуулсан датаг ангилах, өгөгдлийг шивж оруулах, кодлох, орчуулах, оноожуулах, давтан судалгаа авах, баталгаат чанарыг шалгах, стандарчилах,боловсруулах ажлуудыг хийгээд байна.

Энэ онд “Сорилын гарын авлага”, “Онолын гарын авлага”, “Оноожуулах гарын авлага” гаргах, сорилын хэрэглэгдэхүүнээ эцэслэх цаашид ТБ сорилыг ашиглах сургалт явуулах, түгээн дэлгэрүүлэхээр төлөвлөсөн. Одоогор бид энэ аргачлалыг боловсруулж дуусах шатандаа ороод байга ба энэ зун “МОНГОЛ ТАНАКА БИНЭ ОЮУН УХААНЫ СОРИЛ-1”-ын нээлтийн ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлуудаа хийж эхлээд байна. Энэхүү аргачлалыг боловсролын системд нэвтрүүлснээр бид хүүхдийн оюуны хөгжлийг тодорхойлж улмаар тэгш хамруулах-чанартай боловсролын үзэл санааг сургалтын орчинд нэвтрүүлэх томоохон боломжийг нээнэ гэж үзэж байгаа.

МУБИС, Нагоя их сургуулийн хамтарсан “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”-ийн эрдэмтэн багш нарын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд хүүхэд нэг бүрийн ялгаатай байдалд нийцсэн сургалтын орчин, агуулга, арга зүйг хөгжүүлэх, баяжуулах хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ гэдэгт бид итгэл төгс байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *