Гадны цахим сайтаар ДОХ-ын вирус бананаар дамжин халдварласан гэх хуурамч мэдээлэл цацагдаж, тус мэдээллийг Монголын зарим сайт шууд орчуулан тавьсан.
Уг мэдээллийн гадаад эх сурвалжаар нь хөөн тодруулга хийхэд энэ нь CNN-ийн албан ёсны эх сурвалжийн мэдээлэл биш. Төстэй домайн хаяг бүхий сайтаар хуурамч мэдээлэл тарсан болохыг тогтоожээ.
Энэ мэдээлэлтэй холбогдуулан АНУ-ын CDC /Өвчний хяналт сэргийлэлтийн төв/-өөс ДОХ-ын вирус хоол хүнсээр дамжин халдварлах боломжгүй бөгөөд уг мэдээлэл нь ор үндэсгүй хэмээн залруулга хийлээ хэмээн Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
CDC-гийн сурвалжаар:
1. ДОХ-ын халдвар хоол хүнсээр дамжих боломжгүй.
2. Хоол хүнс /жимс/-энд ХДХВ агуулагдсан байсан ч агаарт гарах, буцалгах болон хүний биеийн ходоодны хүчилд тэсвэргүй хэмээн дурдсан байна.
Жимсэнд шахсан байж болзошгүй ДОХ-ын вирусийн талаарх шуугиант, сенсаци уг мэдээ нь анхны тохиолдол биш бөгөөд олон жилийн өмнөөс АНУ-ын хэвлэл мэдээллээр ч ийм мэдээлэл үе, үе тархаж байжээ.
Иймэрхүү худал мэдээллийг тухай бүрт нь холбогдох албаны хүмүүс няцаадаг. Гадаадын хуурамч мэдээг Монголын сайтууд өлгөн авч манайд орж ирж буй Хятад жимс гэх мэтээр ор үндэсгүй мэдээлэл тарааж байгааг Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс анхаарууллаа.