Өнгөрсөн долоо хоногт ХДХВ-ын халдварын хоёр шинэ тохиолдол бүртгэгдэж, онош нь албан ёсоор батлагджээ. ХӨСҮТ-өөс “Халдварыг 30-45 насны хоёр эрэгтэй авсан бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн, вирус тээгч үе шатандаа байна. Тохиолдлуудыг идэвхитэй тандалт судалгаагаар илрүүлэн, эмчийн хяналтад оруулсан. Тандалт судалгаа үргэлжилж байна” гэж мэдээллээ. Дээрх тохиолдлууд нь Монгол Улсад бүртгэгдсэн ХДХВ-ын халдварын 201 дахь тохиолдол болж байна. Дархлалын тогтолцоог гэмтээх явц нь зургаан сараас 10 жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тухайн хүнд зовуурь илрэхгүй ч халдвараа тараах эрсдэлтэй байдаг ажээ. Халдвар авснаас хойш дархлалын тогтолцоо халдварыг эсэргүүцэж эхэлтэл ойролцоогоор гурван сар өнгөрдөг. Энэ гурван сарын хугацаанд цусны шинжилгээнд өөрчлөлт гарахгүй байж болох тул ХДХВ оношлогддоггүй учир “Цонх үе” гэж нэрлэдэг. Иймээс ямар нэгэн эрсдэлтэй үйлдэлд өртсөн бол гурван сарын дараа дахин шинжлүүлэх хэрэгтэй аж. ДОХ-ыг төгс эдгээх эмчилгээ хараахан гараагүй боловч амьдрах хугацааг уртасгах эмийн эмчилгээ байдаг юм.