Categories
мэдээ цаг-үе

Доголон нулимс

Хүлэг морио хайрладаг хүн бүхэнд зориулав.

Аянч холын шувууд жигүүр амраан буудаллах талын нуур. Үй олноор шаагилдах энэ олон шувуудын дууг намрын найрал хөгжим гэлтэй. Нуур усандаа хоргодон чуулах энэ шувууд шиг намрын тал намиатан талимаарч ирэх улиралд халаа сэлгээгээ өгөхгүй хүлээх мэт. Энэ л нуурын дэргэд олон жил намаржсан Баянхүүгийнх яг л буудагтаа буужээ. Эхнэр Дэжид нь энэ намар гэрт орж эм, гадаа гарч эр болсоор бүр туйлдаж гүйцлээ. Өвчтэй нөхрөө бөөцийлөх, гарч мал ахуйгаа адгуулах гээд түмэн ажилд түүртэнэ. За энэ ч яахав хийж үзээгүй ажил биш. Даваад л гарна. Хамгийн гол нь сэтгэл санааны тух алдах л нэн хэцүү. Уг нь Дэжид дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн гэхэд толиотой сайхан өтөлжээ. Баянхүү гэдэг энэ л мал буянтай, тохь тухтай сайхан айлын эзэгтэй. Гэтэл энэ намар энэ айлыг хэлж ирдэггүй өвчин зовлон дайрчээ. Тэрбээр тархиндаа цус харваад нүд нь голгоноод осолдохгүй л амьтай голтой төдий хүний гарт орсон нь энэ. Хот хүрээнд суух хэдэн хүүхэд нь ээлжлэн ирж ээждээ хань бараа болж аавыгаа өргөлцөх боловч Дэжид туйлын ганцаардсан хэвээрээ л байх нь нэн сонин. Юм болгон дээр л Баянхүүгийн гар үгүйлэгдэж асуух зөвлөх хүнгүй ганцаардана. Энэ үед өвчтэй нөхөр лүүгээ харж санаа алдаад доголон нулимсаа сэмхэн шударна. Хорь гаруй жил ханийн хайранд хэрхэн умбаж явснаа энэ намар л мэдрэх шиг. Тэнгэр газар шиг, нар сар шиг, өдөр шөнө шиг, хос багана шиг амьдрахын утга учрыг яс махандаа тултал ойлголоо. Байгаа юмыг үгүйлдэггүй хорвоо юмсанж.

Энэ жил хойд нуурын шувууд бүр олон болсон бололтой ганганалдах нь чихэнд чийртэй. Дэжид өвчтэй нөхөртөө аяга бантан халбагадаж өгөөд хэдэн малынхаа араас мордохоор зэхэж байлаа. Гэтэл гэрийнх нь гадаа суудлын хөнгөн тэрэг санаа алдах мэт сүгхийн ирж зогсоод, пөгхийн хаалгаа хаах нь сонсогдлоо.

-Өө, миний хүү давхиад ирлээ, сайн явж ирэв үү?

-Сайн явж ирлээ. Аавын бие яаж байна?

-Хэвэндээ байна аа. За хүү минь эндээс л хурдан нүүе. Энэ нуурын шувууд ганганалдаад сэтгэл сэмлээд хэцүү юм. Арай гэж өдөр хоногийг өнгөрөөж байна.

-Энэ нуур чинь энэ жил гойд их шувуутай байх шив.

-Тийм байна. Энэ хэдэн мал л дассан бэлчээр усандаа сайхан байх шиг байна. Түүнээс ээж нь энд нэг ч хором байх арга алга.

-Тэгнэ ээ тэгнэ, ойлгож байна ээж ээ. Нөгөөдөр сайн өдөр, хэдэн унагаа тамгалаад малаа ах дүүсдээ тараагаад та хоёрыг аваад хот явна. Өөр эмнэлэг “домнолго” хөөцөлдье.

-Ээ мэдэхгүй. Сар гаруй эмнэлгээр яваад дээрдээгүй мөртлөө гэртээ ирээд царай зүс нь гэрэлтээд санаа дагаад ч тэр үү сайхан болоод байгаа шүү дээ.

-Цус харвасан хүнийг эмчилж эдгэрүүлдэг янз бүрийн л арга байдаг гэсэн. Ээж минь болохоос нь болохгүйг нь хүртэл үзнэ дээ.

-Бурхан минь! Эдгэрч л үзээсэй. Юм хөгжөөд мөн ч сайхан болсон байх юм. Тэгсэн мөртлөө энэ өвчинг л яаж ч чадахгүй юм. Тэгэхээр мөн ч гайтай эдээ. Ээж нь хэдэн хониныхоо араас мордъё.

-Би мордъё. Та гэртээ байж бай.

-Миний хүү олохгүй. Ээж нь яваад нааш нь эргүүлээд ирье. Ийн ярьсаар Дэжид гэрээс гарлаа. Нохой хамартаа хүрэхээр усч гэж хүн цагаа тулахаар юуг ч хийж дасаж даддаг бололтой.

Дэжид хониныхоо араас шогшуулж явлаа. Тэртээ нуурын хойд захад Баянхүүгийн хэдэн азарга адуу ижил зүсээрээ, цөм бүрнээрээ багшран зогсчээ.

Үгүй нээрээ муу хань минь юу дутлаа гэж тэр тууврын агтанд явсан юм бол доо?! Тэгээгүй бол ийм өвчин тусаа ч уу, үгүй ч үү?! Зун нуурын дэргэд Хятад руу гаргах адууг өндөр үнээр авч байгаа сургаар хэдэн адуу өгье гэсээр мордсон. Орой нь эргэж ирээд адуу худалдахаа ч больчихлоо, хэдэн залуустай хил хүртэл адуу туухаар боллоо. Гайгүй үнэ хөлс өгье гэнэ, юухан байхав” гэсээр ирсэн сэн. Дэмий юм биш үү гэж Дэжидийг дургүйцэхэд,

-Баахан учир мэдэхгүй залуучуудад найман мянган адуу хариуцуулах хэцүү байна. Та л эд нарыг нэг чиглүүлээд өг гээд гуйгаад байна. Одоо ямар нэг их ажил байх биш мал зарж байхаар ажил хийгээд л мөнгө олчихъё гээд инээж байсан. Эр хүн олзонд, эрвээхий зуланд гэж гайтай тэр өдөр тас зөрөөд болиулдаг байж дээ гэж Дэжид өнөө хэр амаа барьж яваа билээ.

Баянхүүгийн гадаа хүн мал багширчээ. Зун бариагүй тавь гаруй дошгин унага барьж тамгална гэдэг нүсэр ажил ажээ. Баянхүүгийн хүүхдүүд цөмөөрөө ирж ойр хавийнхан бүгд цуглаж хөлтэйхэн ажил боллоо. Баянхүүг дулаан хувцаслаж тэргэнцэртэй нь гадаа гаргасан боловч сэтгэл санаа нь тогтохгүй бие нь тавгүйрхээд байгааг Дэжид ажиглаад гэр лүүгээ оруулах үед Тавнан гэх нутгийн залуу ирж туслав. Багагүй халамцсан Тавнан:

-Дэжид эгч ээ, Баянхүү ах адуугаа харахаар сонин болоод байх шиг байна, тийм ээ.

-Мэдэхгүй, бие нь тааруу байгаа бололтой.

-Аргагүй аргагүй, тийм юм харсан хүн тэгнэ. Надад одоо ч гэсэн зүүдэнд үзэгдээд эвгүй оргиод хэцүү байх юм.

-Юу тэр вэ?

-Баянхүү ах хэлээгүй юм уу?

-Чи солиороо юу? Энэ хүн чинь юм ярьж чадахгүй байгаа шүү дээ.

-Өө нээрэн тийм л дээ. Зун биднийг хил дээр адуу тууж очиход хятадууд адууг эргэж гүйлгэж алдахгүйн тулд нүдийг нь сох сох цохичихсон. Нулимс асгартал эргэж үүрсээд ёстой хэцүү…

-Тавнаан, Чи битгий худлаа ярь. Юу гэж тийм муухай юм байдаг юм.

-Нээрэн, гайтай юм шиг Баянхүү ах бид хоёр тэр бүгдийг нь шөнө унтаагүй байж байгаад харчихсан юм. Тэрнээс л болсон гээд Тавнан нулимсаа арчлаа.

Дэжид нөхөр лүүгээ эргэн харвал хүний сүг болсон хөөрхий нөхрийнх нь нүднээс бөн бөн нулимс дусалж байлаа. Тэрээр ханийнхаа нэвт норсон хүйтэн энгэрт нь хацраа наалаа.

2016.10.22

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *