“DNN-ЯРУУ НАЙРАГ” буланд Г.Сэр-Одын болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Нямжаргалын Минжинсайхан бүтээлүүдээс хүргэж байна.
Тэрээр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд мэндэлсэн билээ. Аймгийн Ерөнхий Боловсролын сургуулийг 2005 онд төгсөж, 2005-2009 онд “МНТ” Уран зохиолын дээд сургуулийг сэтгүүлч, утга зохиолын шүүмж, судлаач мэргэжлээр дүүргэсэн.
2009-2010 онд “Монголын мэдээ” сонинд сэтгүүлчээр ажиллаж байв.
МӨН ТЭРЭЭР
- 2010-2011 онд 7 хоног тутмын “Тойм” сэтгүүлд сурвалжлагч,
- 2011-2013 онд “Монголын Зохиолчдын эвлэл”-д утга зохиолын ажилтан,
- 2014-2018 онд уран зохиолын “Залуу нас” сонинд сэтгүүлч,
- 2019 оноос МҮОНР-ийн Нийгмийн нэвтрүүлгийн албанд сэтгүүлчээр ажиллаж байна.
ӨӨРИЙН БҮТЭЭЛ:
- 2008 онд “Он саргүй өдрүүд” шүлгийн анхны түүвэр,
- 2013 онд “Шувуудын ай” дууны шүлгийн түүвэр,
- 2013 онд “Навчис залбирахад” шүлгийн түүвэр,
- 2017 онд “Усанд хөвсөн намар”
- 2020 онд “Сэтгэл чамайг таньсан ч билүү” дууны хос цомог
- 2021 онд “Араг үүрсэн хавар” шүлгийн түүврээ тус тус хэвлүүлсэн.
ЭМХЭТГЭСЭН БҮТЭЭЛ:
- Эх орны сэдэвт шүлгүүдийн “Миний төрсөн нутаг монголын сайхан орон” түүвэр 2012 он,
- “Б.Явуухулан” шүлгийн түүвэр 2012 он,
- Зуун яруу найрагч Зуун хайрын шүлэг I,II боть 2014-2015 он,
- Алтан-Өд шагналт яруу найрагч Г.Баярын “Тэнгэрийн сүм эх орон” шүлэг дууны хос цомог, “Бугын толгойтын гарам” яруу найргийн боть 2018 он
- Төрийн шагналт, нэрт яруу найрагч Р.Чойномын “Эрх чөлөө” “Уур минь хүрч байна” шүлгийн хос цомгийн редактораар ажилласан.
СОНГУУЛЬТ АЖИЛ:
- МЗЭ-ийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгдлийн тэргүүн /2011он/
- Монголын Зохиолчдын Эвлэлийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүн/2017 он/
- Архангай аймгийн утга зохиолын “ХАНТАМИР” төвийн тэргүүн /2018 он /
ТА БҮХЭНД ЯРУУ НАЙРАГЧ Н.МИНЖИНСАЙХАНЫ ШҮЛГИЙН ТҮҮВРЭЭС ХҮРГЭЖ БАЙНА
НАМАР ҮДШИЙН ХӨРӨГ
Морин шоргоолж өвсний шилбээд өгсөж эрэлд гарсан
Наймдугаар сарын тунгалаг үдэш адууны дэл шиг амгалан
Нар жаргахад горхины хоржигноон, хусны өнгө улам тодорч
Буурал ижийн минь барьсан дэнгийн гэрэл шиг сар ургана
Тугалаа хашчихаад усанд явсан жаалхан бага дүү минь
Сарны домгийг сэтгэлдээ томж, шулхагнаг норгон гэр өөдөө тэмцэж ирээд
Ам цагааны үлгэрийг ахин дахин хэлүүлсээр давсанд явахад
Өнгөрсөн намрын гөлөгний дуу хол ойрыг боргох нь тод
Бүрэнхий өтгөрөх тусам хадны хэлбэршил улам илбийн болж
Сөд өвсний толгой “Цагаан уул” цэцгийн гэгээ бараадах нь нялхамсуу
Тооно өөд ширтээд амрагийн тухай цухасхан бодохуй
Тойромд зуссан хос хунгийн дэвээ цээжний гүнд элгэмсүү
Тэргэний мөөрөн дээр суусан бээвгэр бор шувууны
“Суух нь ихдэж, нисэх нь цөөрчээ” гэж Нагац хэлэх нь бүдэгхэн
“Хөөрхий дөө, зайлуул” гэж ижий хариу бас бүдэгхэн
Хөх аргалын галд ханын толгой ч бүдэгхэн
Айраг мөндөрлөж, ааруул эвэрхэд
Нэрсэн хавтгайн үнэр салхиар хийсч ирдэг
Аргамжтай хүлгээ амрааж унаагаа юүлэх тухай
Аядуухан бодох төдийд сар амгаланг олдог
Боронз уулсын дундах ахуй хөдөөгөө санахад
Бортоготой ус цалгих шиг аньсага нүд чийгтэх юм аа
Хадны хаг шиг алаг цоог амьдралын дундаас
Хадгалж миний үлдсэн нэгэн үдшийн хөрөг үү дээ…
2020.08.02
НҮҮХ ГЭТЭЛ…
Тэнгэр цэлийн хөхрөвч
Тэргэнд хөллөдөг хэдэн шар маань алга !
Ишээ дүүртэл ургаад өвс ногоод гандлаа !
Эрээд олдоггүй ээ, хэдэн шар маань алга !
Нуурын захаар идээшдэгсэн, алга !
Нуга хөндийд амардагсан, алга!
Урд уулыг самналаа, алга !
Хойд уулыг домнолоо, алга !
Тэргэнд хөллөдөг хэдэн шар маань алгаа, алга !
Тэнгэр цэлийн хөхрөвч хэдэн шар маань алга !
Нэрстэй уул руу хаа нэг шургалдагсан
Нэгжиж үзлээ, алга !
Нэг бүрчлэн дуран тавьлаа
Нэмэр алга аа !
Алгаа! хэдэн шар маань алга !
Айлын үхэр, тууврын мал
Аль алинд нь алга !
Нүүх гэсэн юм
Нөгөө хэд маань алга аа!
Мэргийн чулуунд бууж өгсөнгүй,
Хэдэн шар маань алга !
Миний хүүгийн зурсан зурганд
Үхэр тэрэг ч бүр алга!
2018.07.17
ГҮҮР
Орчлонд нэгэн гүүр урсан одож
Ондоо нэгэн гүүр гэрэлтэн босчээ
Урсгал усан чадал юүлэн түрхрэвч
Урьд байсан гүүрний модон хөл ёрдойно
Ахуй багад минь суурингийн хэдэн ах нар
Арын уулын модоор бахим бүдүүн гүүр барьсан юм
Олон ч өдөр ус бороонд нар, сартай дэвтэж
Орчлонд тэд мааньхоёр эрэг уулзуулсан юм
Ижийдээ яарах хүүгийн зам дөт болж
Эрлийн хүний мөр, жим богиносож
Хөсөг нүүдлийн бараа алгуур алгуурхан тодроод
Хөх усны дээр модон гүүр гэрэлтсэн юм
Өлзийт ах нарын илбэж барьсан гүүрийг
Үерийн ус мөлий толхин урсахдаа ч
Өвч хүйтний мөс хага ташин тэврэхдээ ч
Элээж ер чадаагүй сэн…
Он цаг хэдий ч өнгөрөө юм бэ дээ?
Ойл, хангинуурын дуу бүдэгтэн алсарч
Орчлонгийн сайхан ах нар модон гүүрээ орхиж
Олойр хөндий цээжинд тэнэмэл салхи хургана
Шинэхэн цутгамал гүүрэн дээр саяхан танилцсан хос
Шингэх нарны дор ажиг ч үгүй алхана
Урьд өмнө нь энд хэн ч байгаагүй юм шиг
Усны эргүүлэгт бөмбөрөх хөөс төдийхнийг сонирхоно
2020.12.07
УРТЫН НҮҮДЭЛД
Бор шувууны өндөг шиг хөх чулуудын хэвтэр лүү
Борог өвс шургалаад
Ботго ньэндсэн ингэний гунаганаан шиг
Хаврын салхи сандчаад байна
Аягатай цайны минь мэлтэгнээн дунд
Нэгэн шилбэ өндөлзөөд
Арын уулын сэтэрт хөх сарлаг
Зүүдэн дунд минь тонгочоод байна
Аавын зангидсан хазаар ногтны
Амгай зуузай нь алдраагүй байгаа…
Эгч нуурын минь хөх ус
Эргээ давж халиатаад
Элэг цагаан ногтрууны өд
Энд тэндгүй хийсээд байна
Хусны үйсээр ноцоосон атал
Тулган дахь гал намжаад
Хуруу инчдэхэд өвс бөхийж
Хувилгаан үүлс зангираад байна
Арал тэрэгний минь буулга, хударганы
Алтан шаргал дээс сулраагүй байгаа…
Шарга морьтой танил хүн
Урд тойрмоор алхуулаад
Шар хөллөсөн хөсөг нүүдлийн
Бараа үзэгдэвч бүдэгтээд байна
Усны эргүүлэгт нэгэн навч
Өдөржин шөнөжин ээрэгдээд
Урд уулнаас туулай дэгдэж
Модод гэнэтхэн нүцгэрээд байна
Жим дагасан уртын нүүдэлдээ
Жирэм сураа бид гээгээгүй байгаа…
2018.10.31 – 2019.01.02