Categories
мэдээ спорт цаг-үе

DNN-ЯРИЛЦЛАГА: Спортоор дамжуулж өөрийгөө өөрчилж болдог DNN.mn

Монголын багийн спортын анхны легионер тамирчин, Рагбигийн спортын ОУХМ, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Г.Хосбаяртай ярилцлаа.


Хүүхэд насныхаа тухай хуваалцаач?

-1984 онд Улаанбаатар хотод төрсөн. Бага байхын их том биетэй хүүхэд байлаа. Том биетэй ч их хөдөлгөөний эвсэлтэй хүүхэд байсан юм. Өсвөр насандаа спортын хажуугаар реп бүжиг бүжиглэчихдэг өөрийгөө муугүй урлагийн мэдрэмжтэй гэж боддог доо. Тэр үед атаман ихтэй дээрэм тонуул, зодоон цохионоос авахуулаад хэцүүхэн нийгэм байлаа ш дээ. Би дунд ангиасаа архи, тамхийг маш ихээр хэрэглэдэг болсон. Одоо бодохдоо спорттой амьдарлаа холбоогүй байсан бол Г.Хосбаяр гэдэг хүн өдийд яаж яваа бол гэдгийг төсөөлөхөөс ч айдаг. 17 настай байхдаа Д.Ганбаатар багшийн удирдлага дор бөхийн дугуйланд хамрагдаж байсан.. Тэр цагаас эхлэн спортоор идэвхтэй хичээллэж эхэлсэн дээ. Бага ангиас багш нар намайг бөх барилдуулдаг байсан. 2000 оны эхээр нохойн зодоон(WWE) гэж бага зэргийн тавилттай холимог тулаан од болж миний сонирхлыг их татсан.

Тэрхүү тулааны спортын мэргэжлийн тамирчин болно гэж мөрөөддөг хүүхэд байсан даа(инээв).

-Рагби гэх энэ спортоор хэзээнээс эхлэн хичээллэх болсон бэ?

-Хотын дарга асан Д.Сумъяабазар аварга 2003 онд Монголд анх миний сонирхдог тулааны спортын холбоо байгуулж байгааг мэдээд олимпийн хорооны 407-н тоотод очиж нэлээн айдастай бүртгүүлж байлаа. Харамсалтай нь анхны бэлтгэлдээ МУГТ Ж.Нарантунгалагтай тулалдаж байгаад бэртэж байв. Тухайн үедээ Ж.Нарантунгалагт их л уур хүрдэг байсан гэхдээ одоо бол бид гэм хоргүй сайхан найзууд. Бэртэл аваад эмнэлэгт хэвтэж байх үед миний багын найз ОУХМ Г.Дашдэндэв маань анх Рагби спортын бөмбөг авч ирж надаа үзүүлэн, танилцуулж байлаа. Тэр цагаас хойш бид хоёр энэ спортоор хичээллэх сонирхолд автан өдөржин бөмбөгөө дамжуулан гүйдэг, багтай болоод олуулаа тоглохыг хүсдэг байсан даа. Харин одоо бол нэг үеээ бодвол олуулаа болжээ. Манай спортыг дэмждэг, хичээллэдэг хүмүүс их болсон байна. Рагбигийн холбоо нь МҮОХ-нд гишүүнээр бүртгэлтэй мөн 2021 оны арванхоёрдугаар сард Олон Улсын Рагбигийн холбооны бүрэн эрхт гишүүн болсон. Хүүхэд насны мөрөөдөлдөө хүрэхийн тулд бага багаар урагшилсаар л байна даа.

-Монгол улсад Рагбигийн хичнээн тэмцээн зохион байгуулагддаг вэ?

-Манай холбооны зүгээс энэ жил олон улсын гурван, дотоодын 6 тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ оны гуравдугаар сард хаврын улирлын тэмцээн амжилттай зохион байгуулагдсан. Энэ тэмцээнд холбоонд бүртгэлтэй мэргэжлийн клубууд оролцдог. Мөн ЕБС-ийн аварга шалгаруулах тэмцээн, Их дээд сургуулиудын аварга шалгаруулах тэмцээн, Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээн гэх мэт арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд буй. Олон улсын тэмцээний хувьд гэвэл Зүүн азын гутгаар түвшний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхээ авч чадсан юм. Одоогийн байдлаар дэлхий дахинд нүүрлээд буй асуудлуудаас хамааран оролцох багууд хараахан гүйцэд тодроогүй байна.

-Холбооны зүгээс энэхүү спортыг сурталчлан хөгжүүлэхийн тулд ямар зарчмаар ажиллаж байгаа вэ?

-Бид ирээдүйн боловсон хүчин, хүний нөөцдөө их анхаарал хандуулан ажиллаж байгаа. Саяхан нийслэлийн ХУД, БЗД, СБД, ЧД-үүдэд ЕБС-ийн сургуульд рагбигийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээсэн. Дараагийн хичээлийн шинэ жилээс эхлэн МУБИС-ийн сургалтын хөтөлбөрт рагбигиийн дасгалжуулагчийн анги оруулахаар ажиллаж байна. Мөн хөдөө орон нутагт спортоо сурталчлах тал дээр анхааран ажиллаж Баруунхараа, Дархан гэх газруудаас тэмцээнд идэвхтэй хамрагддаг. Рагбигийн холбоо болон клубууд сайн үйлсийн аянд их хамрагддаг. Жишээлбэл, Модны нүх ухах, хог цэвэрлэх (субботник) асрамжийн газруудад хандив тусламж үзүүлэх гэх мэт ажлуудад их идэвхтэй оролцдог шүү.

-Хүмүүс энэ спортыг бэртэж гэмтэх эрсдэл өндөр гэж боддог. Энэ талаар тайлбарлаж өгөхгүй юү?

-Рагби нь биеийн хүч их шаарддаг ширүүн тэмцэлтэй спорт. Гэхдээ харагдах байдал болон талбай дээр өрнөж буй үйл явц тэс өөр гэдгийг хэлье. Спорт л болсон хойно бүх зүйл дүрмийн дагуу явагдана. Мөн унах техник, унагаах техник гэх мэт зүйлсийг сурдаг болохоор тэгж их бэртэх явдал гардаггүй.

-Рагбигийн тамирчид болон санхүүгийн хувьд…

-Одоогийн байдлаар монголд рагби тоглоод цалин авна гэдэг ер нь боломжгүй гэж хэлэхэд болно. Рагби нь өөрөө монголд хараахан сайн хөгжиж олонд танигдаагүй спорт учраас санхүү талаас дэмжих спонсор байгууллага олоход маш их хүндрэлтэй. Манай залуучууд бор зүрхээрээ энэ спортоор хичээллэж байгаа.

-Та “Sport for Change” илтгэлийнхээ талаар яриач?

-Миний хувьд нийгэмдээ сайн сайхныг түгээхийг маш их эрмэлздэг. Залуустаа үнэгүй өгч чадах үнэт зүйл маань миний мэдлэг болон урам зориг. Энэхүү илтгэлийн агуулга нь хувь хүн спортоор дамжуулан өөрийгөө хэрхэн өөрчилж болох талаар юм. Спорт гэдэг зүйл нь хүнийг автоматаар хорт зуршлаас салгадаг гэдэгт би итгэдэг. Би өөрөө том жишээ. Би чинь өсвөр насандаа өдөрт бараг хоёр хайрцаг тамхи татдаг, өдөр болгон архи үнэртүүлж явдаг байлаа. Харин спортоор хичээллэснээр өөрийгөө бүрэн өөрчилж чадсан. Ядаж л хүн өөрийнхөө бие галбир, харагдах талаа хүн өөрөө бүтээдэг байх хэрэгтэй шүү дээ.

Тархиндаа мэдлэг өгөхөөс гадна ковидын хөл хорионы үед хүмүүсийн бие бялдарт анхаарахын тулд сошиал хуудсаараа фитнесс дасгалууд хичээл болгон зааж байсан.

-Та албаны болон сайн дурын ажлуудыг хийх хугацаанд шантрах үе байв уу?

-Миний албаны ажил бол тэр чигтээ спорт гэж хэлэхэд буруудахгүй. Ямар нэгэн ажлын боол болоогүй. Сонирхлоо ажил болгоод тэр зүйлээрээ хоолоо олж иднэ гэдэг бол том аз жаргал шүү. Нийгэм рүү чиглэсэн ажлын хувьд илтгэл тавьж байх явцад ч тэр сошиал дээр сэтгэгдэл үлдээж буй хүмүүсийг харахад үнэгүй зүйл гэсэн хандлагаар хандаж буй хүмүүс их анзаарагддаг. Хүний хамгийн үнэтэй зүйл бол цаг хугацаа, сэтгэл энэ зүйлсийг мөнгө эд баялагаар хэмжиж болохгүй шүү дээ. Би залуучууддаа ч гэсэн хэлдэг хүний тэр сэтгэл, цаг завыг битгий үнэгүйдүүл. Үнэгүй юм үнэгүй л байдаг гэх хандлагатай хүнд би үнэхээр дургүй.

-Саяхан болж өнгөрсөн залуучуудын жагсаалын талаар таны байр суурь?

-Миний хувьд олон жил буруу удирдсан энэ улс орныг манай залуучууд одоо цэгцлэх цаг нь болсон гэж би бодож байгаа. Манай монголчуудын муухай зан байдаг нь залуу үеэ огт хүлээн зөвшөөрдөггүй. Хөгшин гээд ухаантай бус, Залуу гээд тэнэг гэсэн үг биш шүү дээ. Саяны жагсаалын хувьд залуучуудын дуу хоолой төр засагт хүрч залууд маань өөрсдийн хүчийг мэдэж авлаа. Би ч гэсэн талбай дээр очиж үзэл бодлоо илэрхийлсэн. Тэнд очоод залуучуудаараа үнэхээр бахархсан шүү.

Ц.ОРГИЛМӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *