Categories
мэдээ нийгэм цаг-үе

​DNN-ЯРИЛЦЛАГА: Аварсан амьтдаа хоолоо сайн идэж, тоглож байхыг хараад л аз жаргал мэдэрдэг

Өвдөж шаналсан, эзэндээ хаягдсан олон амьтдыг асарч хамгаалж, амьдралаа зориулж яваа М.Ариунсанаатай ярилцлаа. Тэрээр “UB Shelter” ТББ-ын тэргүүн юм.


-Танай байгууллага хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?

-Амьтанд хайртай залуус золбин гэх тодотголтой зовж шаналсан амьтдыг аварч хамгаалан, нийгэмд тэдний дуу хоолой болж хүн амьтанд ээлтэй эерэг нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулах зорилгоор 2017 онд байгуулагдсан. Манай байгууллага эзэндээ гологдож хаягдсан, харгислалд өртөн амь тэмцэж явсан амьтдыг авран хамгаалж, эмнэлгийн тусламж, асаргаа үзүүлж, хайр халамжаар тэтгэн сайн эзний гарт хүлээлгэн өгөх зорилготой.

-Хэдэн гишүүнтэй вэ?

-Манай ТББ дөрвөн гишүүнтэй. Манай гэр бүлийн хүн, тэгээд амьтанд хайртай, санаа зорилго нэгтэй бас хоёр хүн бий. Нэг нь төрийн албан хаагч, нөгөө нь хувийн компанид ажилладаг. Энэ хоёр маань ажлаа хийгээд тусалж дэмжээд үйл ажиллагаагаа хариуцан өргөжүүлдэг. Эхнэр бид хоёр эндээ амьтдаа асарч халамжлаад тэдэнтэйгээ хамт амьдарч байна.

-Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Мөнхжаргалын Ариунсанаа гэдэг. Одоо 30 настай. 2012 онд компьютер график дизайны чиглэлээр төгссөн. Мэргэжлээрээ ажиллаж байгаад амьтдыг аварч, асарч хайрлахын төлөө бүхий л амьдралаа зориулахаар шийдэж ажлаасаа гараад одоо “UB Shelter” ТББ үүсгэн байгуулж хариуцан ажиллаж байна даа.

-Өдийг хүртэл нийт хэчнээн амьтдыг аварч, асран амгаалсан бол?

-2017 оноос хойш 300-аад орчим амьтдыг аварч, асран хамгаалсан. Тэднээс 100-аад амьтдыг гэр бүлтэй болгож үрчлүүлсэн. Одоо манайд 70 нохой, 8 муур байна. Эд маань бүгд гудамжнаас олдож аврагдсан амьтад.

No description available.

-Хамтарч ажилладаг эмнэлэг, байгууллага байдаг уу?

-Одоогоор хамтарч ажилладаг эмнэлэг байхгүй ээ. Гэсэн хэдий ч амьтны эмнэлгүүд биднийг сайн таньдаг учир хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх үе бий. Гэхдээ үндсэн үнэ өртөгөөр нь эмчлүүлдэг. Тухайн газартаа бас хүндрэл учруулахгүй байх хэрэгтэй. Ер нь аль болох өөрсдөө эмчилж эдгээхийг хичээдэг. Бүр болохгүй болсон тохиолдолд л эмнэлэг бараадна даа.

-Амьтаддаа сард хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-Хоол, эм тариа жижиг хэрэгсэл гэх мэт зүйлсээс эхлээд хэрэглээний зардалд л гэхэд сардаа 3 сая гаруй төгрөг зарцуулдаг.

Хүмүүсийн бидэнд тусалж байгаа сэтгэлд талархаад барамгүй. Сэтгэлээрээ ирээд цэвэрлэгээ хийгээд өгнө. Жижиг сажиг хэрэглүүрүүд хандивлана. Хоол хүнс өгнө. Тэр болгон маш том тус дэм болдог.

-Амьтан үрчилж авч буй хүмүүс үүлдэртэй нохдыг илүү авах сонирхолтой байдаг уу?

-Тийм. Хүмүүс их царай хардаг. Тэгээд шууд л үүлдэр асууна. Өсдөггүй, үс унадаггүй амьтан байна уу гэж хүртэл асууна. Тиймэрхүү хүмүүст байсан ч байхгүй гэдэг. Тийм сэтгэл, сэтгэхүйтэй хүмүүст яаж амьтдаа өгч явуулчихаад санаа амар байхав дээ.

No description available.

-Үрчлүүлсэн амьтдынхаа эзэдтэй хэр холбоотой байдаг вэ?

-Манай байгууллагын гол шаардлагуудын нэг бол эргээд холбоо харилцаатай байх явдал. Даанч хүмүүс хэлсэн амандаа байж чаддаггүй. Анх авахдаа зөндөө сайхан үг хэлж, итгэл төрүүлж авчихаад дараа нь ингээд алдчихсан, эсвэл бүр эндчихсэн гэх мэт хайхрамжгүй үгсийг хэлдэг. Тиймээс одоо маш сайн судалж, үрчилж авах хүмүүсийнх нь гэрт нь очиж гишүүдтэй нь биечлэн уулзаж бүгд зөвшөөрсөн эсэх, бага насны хүүхэд байдаг, байдаггүй гэх мэтээр маш сайн судалгаа хийж байж үрчлүүлдэг болсон. Олон хүмүүсийн үйлдлээс хаширч суралцсаны эцэст одоо арвин их туршлагатай болсон доо(инээв).

-Амьтан үрчилж авах хүсэлтэй хүмүүст таны зүгээс өгөх зөвлөгөө байна уу?

-Хамгийн сүүлд л гэхэд нэг хүн холбогдоод “Хүүхэд маань дөрвөн настай. Удахгүй төрсөн өдөр нь болох гэж байгаа юм. Амьтан авч өгмөөр байна. Үрчлүүлэх амьтан байна уу” гэсэн. Би хариу бичээгүй. Иймэрхүү амьд амьтанг тоглоом болгож хардаг хүмүүст хандаж хэлэхэд таны хүүхдээс ялгаагүй шүү дээ. Хүүхдээ нас биед хүрэхээр нь юмны наадах цаадах учрыг мэддэг болсон хойно нь амьтанг хайрлах ухаанд суралцуулаарай гэж зөвлөмөөр байна.

-Ноход нь сонин содон нэртэй юм. Жишээлбэл мантуу, галуу гэх мэт…

-Тухайн амьтанг хаанаас ямархуу байдалтай олсон онцлогоос нт шалтгаалж нэрлэдэг. 22 товчооноос олдсон нохойг маань 22 гэдэг. Итгэл төрүүлж бидэнд ирсэн нохойг маань Итгэл гэнэ.Панда шиг биетэй ч хүүхэлдэйн кинонд мантуу иддэг панда гардаг учир Мантуу гэж нэр авсан нохой ч бий.Бүгд өөр өөрийн онцлог, содон дуудлагатай.

No description available.

-Итгэл нохойг хүмүүс андахгүй байх. Түүний түүхээс хуваалцаач?

-Жаахан гөлөг байхдаа машинд дайруулчихсан байхад нь таньдаг эгч маань олж авсан. Тэгээд эмнэлэгт үзүүлтэл хойд хоёр хөл нь ажиллагаагүй болсон. Үрчилж авч хайрлах хүн ч олдохгүй. Тиймээс унтуул гэсэн. Тэр үед би нэгэнт л энэ нохойг унтуулахаар болсон юм чинь хэдхэн хоног ч болов аз жаргал, халуун дулаан хайрыг мэдрүүлье гэж бодоод өөр дээрээ авсан. Хүнээр хайрлуулж, тэврүүлж унтах, бусадтайгаа тоглох зэрэг мэдрэмжүүдийг өгөхийг хүссэн. Гэсэн ч Итгэл маань тэр хэд хоногт огт зовуурлаж зоволгүй, маш цовоо сэргэлэн, хоол ундаа сайн идэж байсан учир унтуулах зориг хүрээгүй. Харин ч улам их хайрлаж, аврахыг хүссэн. Түүний нүднээс өвчин зовлон гунигийг биш амьдрах итгэлийг олж харсан учир Итгэл гэж нэрлэсэн.

Аварсан амьтдаа эрүүл саруул хоолоо сайн идэж, хоорондоо тоглож байхыг нь хараад л аз жаргалыг мэдэрдэг. Заримдаа бараг Итгэлийнхээ памперсийг хамт хэргэлчихнэ(инээв). Их л хөгжилтэй, жаргалтай амьдарцгааж байна даа 80-уулаа.

-Спэй заслагын талаар өөрийн тань бодол?

-Үржил хаалгаагүйн улмаас одоо ингэж замбараагүй амьтад төрж, үхэж, хаягдаж байна. Амьтдадаа спэй хийлгэх хэрэгтэй. Манай амьтдын 80 гаруй хувь нь үржлээ хаалгасан. Үлдсэн хэд маань нас нь болоогүй, зарим ньэрүүл мэндийн шалтгаантай учир спэй хийлгэж амжаагүй байна.


Хүнийг таних хамгийн хэцүү юм. Амьтдыг бол таниад болоод байгаа


-Амьтдаа асарч хамгаалахад ямар бэрхшээлүүд тулгардаг вэ?

-Нэн түрүүнд нохой муурны буудлага их хэцүү. Байнга санаа зовж, шөнө хүртэл босож хардаг. За тэгээд сайн гэр бүл олох бас хэцүү. Хайртай, дуртай гэж авчихаад л олон шалтаг хэлээд алчихна, алдчихна. Сэтгэлгүй хүмүүсийн балгаар олон амьтад хохирч байна даа.

No description available.

-Хүмүүс хэр их амьтан авчирч өгдөг вэ. Тэр болгоныг авах уу?

-Зөндөө их авчирч өгнө. Бараг л бүгдийг нь авдаг байлаа. Гэхдээ сүүлийн жилд авахаа больсон. Амьтдын маань тоо ихсэж, бидний хүн хүч хүрэлцэхгүй байна. Иймэрхүү асуудлаа хэлэхээр зарим хүмүүс “Тэгвэл яах гэж ийм газар ажиллуулдаг юм, чадахгүй байж” гэх муухай үгсийг хэлдэг. Зарим нь ч ойлгоод явдаг. Бид өөрсдийн гэсэн хашаа талбайтай болчихвол байсхийгээд нүүж суугаад байхгүй учир авчирч өгсөн амьтан болгоныг нь л авч асармаар байна.

-Одоо байгаа энэ хашаа та нарын эзэмшлийнх биш гэсэн үг үү?

-Тийм ээ. Биднийх биш. Анх энэ газрын жижигхэн хэсгийг нь 200 мянган төгрөгөөр түрээслэхээр тохирсон юм. Тэгээд сүүлдээ давраад энэ том хашааруугаа орж өргөжсөн(инээв).Энэ газрын эзэн ах их сайн хүн байдаг тулдаа намайг ойлгож дэмжиж туслаад өдий зэрэгтээ байлгаж байна. Даанч одоо энэ хашаа талбай маань зарагдах гэж байгаа учраас бид дулаан ортол л эндээ байх боломжтой болсон. Түрээсийн хашаа, талбай хайж л байна. Олон амьтантай үйл ажиллагаа явуулна гэхээр зөвшөөрөх хүн тун ховор. Өөрсдийн гэсэн газартай болчихвол санаа амар үйл ажиллагаагаа явуулж, олон шинэ зүйлсийг хийж үйл ажиллагаагаа өргөжүүлмээр байх юм. Бодсоноор болохгүй юм аа.

-Хүн хүчээ нэмж, байгууллагадаа үндсэн ажилтан авах бодол бий юү?

-Сарын 800 мянган төгрөгийн цалин өгөөд ажиллуулж үзсэн. Шантраад л яваад өгдөг. Сүүлдээ бүр ирсэн хүмүүсээ явуулчихгүйн тулд татдаг тамхийг нь хүртэл барьж гүйдэг байлаа. Тэгсэн ч яваад өгдөг. Нэмэргүй(инээв).

-Цаашдын ажил, зорилгынхоо талаар яриач?

-Хамгийн эхэнд байрлах байр олно. Тэгж байж санаа амар дараа дараагийнхаа ажлыг эрч хүчтэй хийнэ. Фэйсбүүк пэйжээ хөгжүүлж влог хийх бодолтой байгаа. Энэ нь амьтанд хайртай хүмүүстэй ойр байж амьтдадаа сайн эзэн олж, үрчлүүлэхэд их тус нэмэртэй болов уу.

М.САЙНЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *