Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​DNN-Тодруулга: Теле хичээл сонирхолгүй, уйтгартай. Багш нар нь маш хурдан, ойлгомжгүй заадаг

DNN-Тодруулга” буланд хөдөө орон нутгийн ЕБС-ийн сурагч, цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүд теле хичээл болон хөл хорио, ковидын талаар ярилаа.

Увс аймгийн Тэс сумын Ерөнхий боловсролын 1-р сургууль, 2б ангийн сурагч Д.Төгөлдөр: Хичээлээ эмээтэйгээ цуг хийдэг

No description available.

-Гэрээсээ хичээл хийх гоё байна. Теле хичээлээр монгол хэл, математик, хүн ба орчин, иргэний боловсрол зэрэг хичээлийг үзэж байна. Хичээлээ эмээтэйгээ цуг хийдэг. Бид мянгын дотор нэмж, хасаж, үржүүлж, хуваадаг болсон. Бас 1-9 хүртэлх бүх хүрдээ цээжилсэн. Гэхдээ ангийнхаа хүүхдүүдтэйуулзаж, тогломоор бас хичээлийнхээ гоё хувцсыг өмсмөөр санагддаг. Заримдаа телехичээлийнхээ цагийг мартаад, тасалчихдаг.Дараа нь нөхөж үзнэ ээ. Өвчин эдгэрсний дараа хичээлдээ явна. Ангийн багш болон найз нараа маш их санаж байна. Хоёрдугаар ангид ороод сургуульдаа цөөхөн явсан.

Увс аймгийн Тэс сумын Ерөнхий боловсролын 1-р сургууль, 9б ангийн сурагч Ч.Энхнасан: Интернэт сүлжээгүй, сүлжээ тааруугаас болж хичээлээ хийж чадахгүй хүүхдүүд байна

No description available.

-Би сүлжээтэй орчинд байдаг болохоор онлайн хичээлийг өмнө нь хийж үзсэн хичээлүүдээ бататган ойлгож, өгсөн даалгавруудыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байгаа. Харин сүлжээ байхгүй, байсан ч тааруухан ордог ангийнхаа хүүхдүүдтэй холбогдоход хийж чадахгүй хүүхэд хэд хэд байх шиг санагдсан. Ангийн багш бусад хичээл ордог багш нараас даалгавар авч сурагчдад өгөөд, хийж дуусгаад чатаар багш тус бүр рүүявуулж дүнгээ гаргуулж байгаа. Амралтаараа аль болох ойлгоогүй хичээлээ үзэж, англи хэлээ давтах төлөвлөгөөтэй байна. Манай орон нутагт халдвар илрээгүй байгаа ч хичээл, сургууль орохгүй нь муухай ч гэсэн урьдчилан сэргийлэх нь зөв байх аа. Гэрээсээ гарахгүйгээр ковидоос өөрийгөө хамгаалж байна. Түүнчлэн гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөж, гэртээ хүссэн зүйлээ хийх нь хамгийн сайхан.

Увс аймаг, Цогцолбор 2-р сургуулийн 11д ангийн сурагчБ. Заяа: Теле хичээл үр дүнгүй байна

-Минийхээр теле хичээл үр дүнгүй байгаа. Яагаад гэвэл 40 минутад орох ёстой хичээлийг 20-хон минутад заадаг. Маш хурдан учраас тэмдэглэж авахад ч хүндрэлтэй. Дээрээс нь эргэлзсэн ойлгоогүй зүйлээ лавлаж асуух боломжгүй. Хөдөө байгаа болохоор сүлжээ муу заримдаа, шалгалтаасаа хоцорчихдог. Одоогоор хичээлийн дүн гараагүй байгаа хэд хэдэн удаа хоцорчихсон болохоор дүн гарахад санаа их зовж байна. Амралт эхлэхээр өөрт хэрэгцээтэй сургалтад суумаар байна. Удахгүй төгсөх болохоор англи хэлээ сайжруулах төлөвлөгөөтэй байгаа. Хүн бүр гэрээсээ гарахгүй тэжээллэг хоол идэж, гарахдаа маскаа зүүгээд энэ муухай халдварыг хурдхан шиг л устгамаар байна. Сургуульдаа явмаар байна. Хичээллээ илүү их хиймээр байна. Гэрт хичнээн хийж байгаа ч багш, найз нөхөдтэйгээ хамт хийвэл хэд дахин илүү үр дүнтэй шүү дээ. Ялангуяа хөдөө байгаа хүүхдүүд цаг тухайн үедээ хичээллээ хийж чадахгүй их завсардаж байна. Гэртээ байгаа болохоор аль болох л ээж аавдаа туслах гээд хоол унд хийх, бусад ойр зуурын ажил хийсээр өдөр өнгөрдөг.

Төв аймгийн “Баянхангай” сургуулийн 6 “А” ангийн сурагч Б.Буян-Эрдэнэ: Теле хичээлийг ойлгомжгүй заадаг

-Хөл хорионы үед би хөдөө гэрээсээ теле хичээлээ телевизээр үзэж байгаа. Ер нь теле хичээлийг хийх явцад багшийн хэлснийг хааяа ойлгодоггүй. Учир нь хичээл зааж байгаа багш нар хичээлээ хурдан яриад заачихдаг болохоор багшийн хэлснийг дутуу ойлгоод, зарим ойлгохгүй байгаа зүйлээ асууж болдоггүй нь муухай байдаг. Их ойлгомжгүй заадаг. Ирэх долоо хоногоос дүн гаргана гэсэн. Хөл хориотой байгаа болохоор амралтаараа гэртээ байж эрсдэлээс хамгаална. Хөдөө хамгийн эрүүл агаартай байдаг болохоор гоё байдаг. Хэрвээ хөл хорио дуусвал хамгийн түрүүнд ангийнхантайгаа уулзана. Ах эгч нартаа хандаж маскаа сайн зүүгээрэй гэж хэлмээр байна.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал” сургуулийн 4 “А” ангийн сурагч М.Цогтбаяр: Ангийнхантайгаа хурдан уулзмаар байна

-Би теле хичээлээ өдөр болгон хийж багшдаа шалгуулдаг. Биеийн тамир, зургийн хичээл их сонирхолтой байдаг. Багш нар хичээлээ сонирхолтой заадаг. Би коронавирусийг агаараар дамжин халдварладаг гэж ойлгосон. Тийм болохоор маскаа сайн зүүгээд бээлий өмсөх хэрэгтэй гэж телевизороор байнга анхааруулж байгаа. Манайх гэртээ агаар оруулж, гаднаас орж ирэхдээ гараа угаагаад, аарц буцалгаж уугаад дархлаагаа дэмжиж байгаа. Бас хөл хорио бүр мөсөн дуусвал ангийнхантай хурдан уулзмаар л байна. Одоо хичээлийн дүн гараагүй байгаа. Манай ээж англи хэлний багш болохоор амралтаараа би ээжээрээ англи хэл заалгаад сурна гээд төлөвлөчихсөн.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын I дүгээр цэцэрлэгийн ахлах бүлгийн сурагч М.Есүй: Аарц сайн уух хэрэгтэй

-Ээжийнхээ нөүтбүүкээр теле хичээлээ хийх хамгийн сонирхолтой байдаг. Би коронавирусийг халдвар гэж бодож байна. Коронавирусээс хамгаалахын тулд гараа сайн угаах, нүүрээ угаах, маскаа зүүх бас аарц сайн уух хэрэгтэй. Би агаатайгаа хамт зураг зурдаг. Бас аав ээжтэйгээ хамт баримлын шавраар шинэ жилийн мод, бэлэг, алим хийгээд цэцэрлэгийнхээ уралдаанд оролцсон. Хүмүүст хандаж гэрээсээ битгий гараарай гэж хэлмээр байна

Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 6-р ангийн сурагч: Теле хичээл хөгжилтэй биш, маш уйтгартай. Багш нар нь уурлаж байгаа юм шиг ярьдаг

-Үнэнийг хэлэхэд теле хичээл хийхэд надад сонирхолгүй байдаг. Хүндрэлтэй, хэцүү зүйл байхгүй л дээ. Гэхдээ теле хичээл хөгжилтэй биш маш уйтгартай багш нар нь уурлаж яриад байгаа юм шиг.Яг л уй гашуу тохиолдсон мэтуйтгартай байдлаар хичээл явагддаг гэж боддог. Эерэг тал нь гэвэл зурагтаар зааж байгаабагш нар тайван, удаан хэмнэлээр ярьдаг болохоор бичиж авч хангалттай амждаг.

Дархан-Уул аймгийн 18-р сургуулийн 4-р ангийн сурагч О: Теле хичээл маш хурдан гараад өнгөрдөг

-Би дөрөвдүгээр ангийн сурагч. Теле хичээлийн хүндрэлтэй талууд нь гэвэл монгол хэл болон математикийн хичээлүүд орох явцад тоо болон өгүүлбэрүүдээ сонсож, бичиж амжаагүй байхад маш хурдан алга болчихдог, ер нь хэцүү санагддаг. Давуу тал нь гэвэл хичээл орж байгаа гэдэг утга нь юм даа. Биеийн тамирын хичээл дээр маш амархан хичээл ордог нь харин зүгээр санагддаг. Гэхдээ л сургууль карантилагдсан ч гэсэн бид хичээлээ сайн хийх нь бидний үүрэг шүү дээ. Тиймээс хүүхдүүд ээ. Хичээлээ сайн хийгээрэй.

Ховд аймгийн 3-р сургуулийн 5-р ангийн сурагч Н:

-Цахим хичээлийн ихэнхийг нь хийж болж байгаа ч гэсэн зарим нэг зүйлсийг нь мэдэхгүй байх хүндрэлүүд байнга тулгарч байгаа болохоор багшаасаа асуумаар байна. Танхимаар орох нь илүү дээр. Учир нь илүү сонирхолтой гэж миний зүгээс бодож байна.

-Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 2-р ангийн сурагч М.Молор-Эрдэнэ: Теле хичээл уйтгартай, сонирхолгүй

Зурагтаар хичээл үзэх нь амьд харилцаа биш болохоор бага зэрэг уйтгартай, сонирхолгүй санагддаг. Даалгавраа оройд ээжтэйгээ, хааяа ганцаараа хийдэг Ангидаа хичээлээ үзэхэд илүү гоё хөгжилтэй байдаг байсан. Тиймээс хичээл хурдан ороосой гэж бага ангийнхан бүгд л ярьцгаадаг.

admin.dnn.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *