Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2020 онд автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох шинэ журам баталсан. Энэхүү журмын 9.1. Улсын бүртгэлийн дугаарыг өөрчилж, сольсон тохиолдолд өмнөх улсын бүртгэлийн дугаарын тэмдгийг заавал хураан авч, устгалд оруулна гэж тусгажээ.
Харин иргэд өөрийн нэр дээрх хоёр автомашины улсын дугаарын суурь, хэлбэр нь таарч байхад хуучин дугаараа устгуулаад 90 мянган төгрөгөөр дахин хэвлүүлдэг гэх гомдол сошиалаар шүүмжлэл дагуулаад байгаа юм.
Энэ талаар Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадоржоос тодруулахад “Тээврийн хэрэгслийн гол зохицуулалтад автотээврийн хэрэгслийн улсын дугаарын бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам гэж байгаа. Энэхүү журмын 9.1 дээр зааснаар Улсын бүртгэлийн дугаарыг өөрчилж, сольсон тохиолдолд өмнөх улсын бүртгэлийн дугаарын тэмдгийг заавал хураан авч, устгалд оруулна гэсэн заалттай. Энэхүү заалтын хүрээнд бид иргэдээс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нь хурааж аваад устгалд оруулдаг байсан. Энэхүү журам хэрэгжиж эхэлсэн цагаас иргэдээс маш их гомдол ирсэн. Суурь, хэлбэр нь таарч байхад мөн өөрийнхөө тээврийн хэрэгсэл хооронд улсын дугаарыг нь сольж байгаа тохиолдолд хурааж авахгүй, устгалд оруулахгүй, дахин худалдаж авахгүй байх боломж бий юу гэх гомдол санал гарсан.
Бид судалж үзээд журамдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй юм байна гэдэг саналыг Зам тээврийн яаманд өгчихсөн байгаа. Одоогоор шинэ журам нь батлагдаагүй байна. Энэхүү шинэ журам батлагдсанаар зөвхөн өөрийнхөө машины дугааруудыг хооронд сольж байгаа тохиолдолд заавал устгалд оруулаад шинээр авах шаардлагагүй болно. Гэхдээ улсын дугаарууд нь машиндаа таарч байх ёстой. Стандарт хангасан тохиолдолд бид хурааж авахгүй байх боломжтой. Ийм шинэ журмыг аман байдлаар өгчихсөн байгаа” гэсэн тайлбарыг өглөө.
Д.БАТТОГТОХ