Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн хөрсний бохирдлын шинжилгээгээр нийт дээжийн 88 хувьд нь хөгц, мөөгөнцөр илэрч, гэр хороолол орчмын хөрсний дээжийн 93 хувь нь нянгийн бохирдол их, хүнд металийн бохирдлоор бохирдсон гэсэн дүн гарчээ. Тэгвэл хүнд металь болон хөрсний бохирдол ямар өвчлөл үүсгэдэг талаар онцоллоо.
НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Э.Энхмөнхөөс тодрууллаа.
-Хаврын улиралд хөрсний бохирдол нэмэгддэг. Хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж, ямар өвчлөл үүсгэдэг вэ?
-Ерөнхийдөө гэр хорооллын нүхэн жорлон, ил задгай бие засах, үнс, угаадас, хог хаягдлаа ил хаях, автомашины задгай угаалгын газраас бохирддог. Томоохон зах худалдааны төвүүдэд хөрсөн дэх хар тугалганы хэмжээ 1,35 дахин, хүнцэлийн агууламж 2,52 дахин их гарсан.
Мөн гэдэсний халдварт өвчин, малаас хүнд дамжин халддаг халдварт, мэрэгч амьтдаас хүнд халддаг өвчин, шимэгч хорхой, тоосны халдваруудын өвчлөл үүсгэдэг.
-Хөрсийг гэр хорооллын нүхэн жорлонгоос гадна хүнд металлын бохирдол ихээр бохирдуулж байна гэлээ. Үүнийг тодруулбал?
-Хөрсөн дэх хар тугалганы агууламжийг дээж авсан цэг тус бүрээр судлахад “Да хүрээ” автомашины захын хойд талд 150 мг/кг, “Нарантуул” захын хойд хаалганы зүүн талд 141 мг/кг, Төв Гандангийн зүүн урд талын гэр хорооллын төв замын ойролцоо 108 мг/кг, Бичил хорооллын арын гэр хорооллын авто засварын газар орчим 102 мг/кг, Чингэлтэй дүүргийн 7-р хороо 115 мг/кг, 13-р хороо 106 мг/кг байгаа нь стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.02-1.41 дахин их байна.
-Хөрс ямар замаар хүний эрүүл мэндэд нөлөөлдөг вэ?
-Бохирлогдсон хөрс нь хүнд хоёр замаар нөлөөлж болно. Нэгдүгээрт хөрстэй шууд харьцсанаас буюу хүүхдүүд бохирдсон хөрс шороогоор тоглох, бохирдсон хөрсний тогтмол уснаас уух, жимс, хүнсний ногоог угаахгүйгээр хэрэглэх, ялаагаар дамжин халдварлана. Хоёрдугаарт шууд бус хавьтлын замаар буюу бохирдсон хөрсөнд тарьсан ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, бохирдсон хөрснөөс нэвчсэн газрын доорх усаар дамжин хүнд гэдэсний халдварт үүсгэдэг байна.
–Ер нь ундны ус, газар тариаланд хэрхэн нөлөөлөх вэ?
– Ундны усны стандарт “MNS 900:2005”-д нийт нянгийн тоо 1 литр ундны усанд 100-аас ихгүй, E.coli болон эмгэг төрөгч нян илрэхгүй байхаар заасан байдаг. Хөрсний бохирдол нь худгийн усны чанарт нөлөөлж буй эсэхийг судлах зорилгоор худгийн уснаас дээж авч шинжлүүлэхэд зуны улиралд нянгийн тоо стандартад заасан үзүүлэлтээс 1.1 дахин их байна. E.coli, Proteus бактер илэрсэн нь ус бохирдолттой байгааг харуулах үзүүлэлт юм.
300 орчим дээжинд шинжилгээ хийхэд 88 хувьд бохирдол илэрсэн
ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Ө.Ганзоригоос тодрууллаа.
-Улаанбаатар хотын хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой гэсэн судалгаа гаргасан байна. Энэ хэр бодит тоо вэ?
-Улаанбаатарт хөрсний бохирдлын судалгааны дүнгээр хөрсний нянгийн бохирдлын 300 орчим дээжид шинжилгээ хийхэд 88 хувьд нь ямар нэгэн байдлаар бохирдол илэрсэн. Энэ нь зөвхөн нянгийн бохирдол. Мөн 5 элементэд хүнд металлын судалгаа хийхэд Монгол Улсын стандарт MNC 5850:2008 харьцуулахад 2,8-7,9 хувиар бохирдолтой гарсан.
–Нийслэлд хаагуур хөрсний бохирдол өндөр байна вэ?
-“Да хүрээ” болон хоёрдогч түүний эдийн цэгүүдийн орчим, харгиа цэвэрлэх байгууламж, томоохон зах худалдааны төвүүдийн орчимд хар тугалганы хэмжээ харьцангуй өндөр гарсан. 2021 онд Улаанбаатарын хэмжээнд 147 мянган нүхэн жорлон тоологдсон. Сүүлийн үеийн судалгаагаар гүний усанд нянгийн бохирдол ажиглагдсан. Зарим нэг гүний усанд нян илэрсэн. Тэгэхээр энэ их нүхэн жорлон бага багаар доошоо нэвчсээр бохирдол үүсгээд байгаа юм. Цаашид ч бохирдох эрсдэлтэй.
-Ер нь хөрсний бохирдлыг бууруулах ямар арга зам байна вэ?
-Техник технологи ашиглан жижиг оврын цэвэрлэх байгууламжаар бохирдлоо цэвэрлэх боломжтой. Өрхийн хэрэглээний усаа жижиг цэвэрлэх байгууламж руу хийгээд байгальд хаях боломжтой. Энэ нь 98 хувь хүртэл цэвэрлэнэ гэсэн үг. Ингэснээр хашаан дахь ногоогоо услах, автомашинаа угааж ч болно. Нүсэр байдлаар шугам сүлжээ байгуулахаас хялбар аргаар ч зохицуулах боломжтой.