Мод тарих хөдөлгөөн улс даяар өрнөж, иргэд, байгууллагууд хаа сайгүй мод тарьж байна. Нөгөөтэйгүүр мод, суулгац тарьдаг улирал нь ч таарчихлаа. Иргэдээс мод тарьж буй энэ үйл явцын талаар сэтгэгдлийг DNN-SPEAK OUT буландаа сонслоо.
“Монголд мод тарихаас илүү шийдэх олон чухал асуудал байна” ГЭВ
Г.Далайжамц (өндөр настан): Монгол Улс цөлжилтийн тэргүүн байранд явж байна. Тиймээс мод тарьж, зүлэгжүүлэх ажил сайн хийвэл Монгол Улсад ч дэлхий нийтэд ч хэрэгтэй. Нэг гэм нь үрслүүлсэн мод нь их үнэтэй юм. Ахмад настнуудад хямдралтай үнээр зардаг бол бид тарихад бэлэн. Мөн тарьсан модоо эргэж тойроод, тайрах ёстой бол тайраад, услаад явах юм бол үр дүнд хүрнэ шүү гэж хэлье. Миний зүгээс хашаандаа 2,3 үрсэлгээ суулгасан.
Б.Баяндүүрэн (цагдаа): Манай БЗД-ийн Замын цагдаагийн бүх алба хаагчид хамт олноороо мод тарьсан. Мөн хувь хүний зүгээсээ хашаа байшинтай хүмүүс нь хашаандаа, зуслангийн газартай хүмүүс нь зусландаа модоо тарьж ургуулж байгаа. Нэгэнт ургуулна гэж тарьсан юм чинь байнга услах хэрэгтэй.
н.Баатар (өндөр настан): Энэ тэндгүй л мод тарьж байна. Би байранд байдаг болохоор мод тариагүй ээ. Үр хүүхдүүддээ л сайн тарьж ургуулаарай гэж захидаг.
Иргэн: Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг би дэмждэггүй. Монголд мод тарихаас илүү шийдэх олон чухал асуудал байна. Би мод тарихгүй.
Б.Лхагвадорж (хот тохижилтийн ажилтан): Мод тарихад анхаарах зүйл бол усалгаа арчилгаа. Тэгж байж үр дүнд хүрнэ.
Тэгэхгүй зүгээр мод тарьсан гээд л усалж, арчлахгүй хаячихвал ямар ч үр дүн гарахгүй.
Мөн мод тарихдаа газраа зөв сонгох хэрэгтэй санагддаг. Хүн амьтан сүйтгэж, үймүүлээд байхааргүй газар таривал дээр. Миний хувьд мод тарьж амжаагүй байгаа ч тарихдаа олон зүйл дээр анхаарна гэж боддог.
М.Чимэгбаяр (оюутан): Хойшоо өвөөгийн маань зуслангийн зүгт олон мод тарьж байгаа харагдсан.
Гэсэн ч мянга тариад арчлахгүй орхичих юм бол нэмэргүй шүү дээ.
Боломжгүй хүмүүс нь хэдэн сардаа, ядаж жилдээ нэг эргэж тойроод, хараад байх хэрэгтэй. Эсхүл ойр хавийн хүмүүстээ захиж үлдээгээд усалгаа хийлгээд байвал бас зүгээр байх. Өмнө нь цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж байсан. Очих болгондоо модоо хардаг. Сайн ургаж байгаа шүү.
н.Уранбаяр : Хүмүүс их мод тарьж байгаа л харагдаж байна. Хувь хүн, албан байгууллага аль нь ч байсан мод тарьсан л бол сайн арчилж ургуулах хэрэгтэй. Зарим албан газруудын гадна талбайн мод нь ургалт муу харагддаг.
Тэдгээр газрууд байнга арчилж, хамгаалагчдаа захиж үлдээдэг ч юм уу тиймэрхүү байдлаар хараа хяналттай байвал зүгээр. Миний хувьд нялх хүүхэдтэй учир мод тариж амжаагүй л байна. Уг нь их сайн юм гэсэн.
М.САЙНЗАЯА