“Люмино 22 жил” төрсөн өдрийн тоглолт энэ сарын 9-нд “Зайсан хилл”-д боллоо. Тус хамтлагийн DJ Zolo Т.Золбаяртай тоглолтын талаар ярилцлаа.
-Танайх сүүлд хэзээ тоглолт хийлээ?
-Хоёр жилийн өмнө буюу 20 жилийн ойгоороо тоглож байсан.
-Энэ удаагийн тоглолтыг хамтлагийнхаа төрсөн өдөрт зориулж хийсэн парти буюу үдэшлэг гэж ойлгож болох уу?
-Манай хамтлаг төрсөн өдрийн парти гэж ер нь хийж байгаагүй. Хэдийгээр төрсөн өдрийн тоглолт боловч бид тоглолт гэдэг тодотголоос аль болох татгалзаж, парти буюу үдэшлэг гэдэг хувилбар руу шилжүүлсэн юм л даа. Яагаад вэ гэвэл манай партинд зочин уран бүтээлчид ирж оролцсон. Нэгэн оройг концерт үзэж байгаа юм шиг суудал дээрээ суугаад үзэх биш, шоудангаа, партидангаа, хөгжилдөнгөө хамт олон, найз нөхдөөрөө сайхан уур амьсгал дунд сайхан өнгөрөөсөн гэсэн үг.
Билетээ дандаа онлайнаар Shoppy.mn сайтаар зарсан.
-Танай хамтлаг коронавирусийн хөл хорионы үеэр ч уран бүтээлээ хийж байсны нэг жишээ нь “Парист хоёулаа болзъё” дуу боллоо?
-“Парист хоёулаа болзъё” дуу маань аль хавар бэлэн болчихсон байсан юм. Бид цаг үе, цагийн байдлаа харж байгаад хөл хорионы нөхцөл байдлын улмаас нийтэд цацахгүй, хойшлуулчихаад байсан юм. Энэ дуу цацагдаад хоёр дахь долоо хоног руугаа орж байна. Өнгөрсөн хугацаанд 382 мянган хүн үзээд байна. Энэ бол Монголын хувьд бол өндөр тоо.
-Урлагийн тусламжтайгаар хүн хаана ч очиж болох юм байна. “Парист хоёулаа болзъё” дууг сонсоод, клипийг нь үзээд олон хүн Парист очсон байх шүү?
-Бид анх энэ дууны клипний зураг авалтаа Францад очиж Парист хийе гэж тооцоолж байсан юм. Гэтэл “Ковид-19” гарчихсан. Дууны маань нэр “Парист хоёулаа болзъё” гээд байдаг. Тэгээд Улаанбаатар зураг авалтыг нь хийнэ гэсэн чинь утгагүй ч юм шиг болоод (инээв). Гэхдээ мэргэжлийн тайз заслын баг ажилласан. Эрка гэж маш мундаг залуу ажилласан юм. Тэдний компани манай клипний зураг авалтын тайзыг бүрэн хариуцсан.
-Монголчууд ямар ч тоглолт, концертыг ягштал сууж үздэг. Хуучны гэмээр энэ хандлага, уур амьсгалаас салж, тоглолтыг өөр маягаар үзэх, босож бүжиглэх, илүү чөлөөтэй байх цаг нь болсон гэж залуус сошиалд бичих боллоо л доо. Танай хамтлагийн төрсөн өдрийн парти яг энэ шаардлагад нийцсэн үү?
-Манай партинд ирсэн хүн ерөнхийдөө зогсож үзэж, бүжиглэж, хамт дуулсан. 22 дахь төрсөн өдрийн парти болсон болохоор 22 дуу дуулсан. Сүүлийн үед анзаараад байхад хамтлаг, дуучид тоглолт хийнэ гэчихээд арав гаруй дуу дуулчихаад тэрийгээ тоглолт гэж нэрлээд байх шиг байна билээ. Манайх тийм биш ээ. Бид аль болох чанартай юмыг үзэгчдэдээ хүртээл болгохыг урьтал болгодог хамтлаг. Тоглолт маань хоёр хэсгээс бүрдсэн. Дундаа 30-40 минутын завсарлагаатай. Тэр завсарлагааны үеэр Золоо миний бие тоглочихно. Хоёр дахь хэсгийн дараа зочин уран бүтээлчид маань тайзан дээр гарч ирсэн.
-Монголчууд багийн спортод муу, багаар ажиллах чадваргүй ганцаарчилсан спортод өндөр амжилт үзүүлдэг гэж шүүмжилдэг. Гэтэл Монголын урлагт он удаан жил оршин тогтнож байгаа эрэгтэй гишүүдтэй хамтлагууд бий шүү дээ. Үүгээрээ дээрх шүүмжлэлийг зарим талаар нь няцаадаг. Танай хамтлагийг маш эв, найртай хамтлаг болов уу гэж хардаг?
-Манай хамтлагийн МС Beatz, Бажи, Анхаа гурав маань хар багын найзууд. Багаасаа нөхөрлөцгөөсөн хүмүүс. Тэр нь хамтлагийн эв нэгдэлд маш их эерэгээр нөлөөлдөг болов уу гэж боддог. Хамтлаг маань маш сайн дэг журамтай. Компанийн журмаар ажилладаг. Гишүүд болгон хүлээсэн үүрэгтэй. Үүргээ бүгд ухамсарлаж, урдах ажлуудаа чанартай гүйцэтгэдэг. “Люмино”-гийн хувьд 22 жилийн турш тасралтгүй уран бүтээл хийж байгаа Монголдоо цор ганц гэж хэлэх хип хоп хамтлаг.
-Сүүлийн үед урлагийнхан чих халууцуулаад, юм юманд нэр холбогдох гээд байдаг болсон. Ер нь ч холбогдож байгаа. Урлагийн амьдрал өөрөө их эрсдэлтэй. Та бүхний хувьд 22 жилийн турш “Люмино” гэдэг нэрийг бүтэн авч үлдэхийн тулд маш их хичээцгээсэн байх. Энэ бол суурь хүмүүжилтэй холбоо байх, тийм үү?
-Суурь хүмүүжил гэдэг чинь хүний бүхий л амьдралын суурь, үндсийг бэлдээд өгчихдөг юм шиг санагддаг. Хүний үйлдэл, хүнтэй харьцаж буй байдал гээд бүх зүйл чинь суурь хүмүүжилтэй нь холбоотой. Манай хамтлаг олон ч нэвтрүүлэг, шоу, цэнгээнд оролцох болгондоо л энэ талаар хэлдэг, захидаг. Залуучууд өөрийн гэсэн бодолтой бай, муу зүйл рүү нэг их битгий хошуугаа дүр, ер нь битгий сонирх. Сонирхоод дэмий. Дэмий юм дэмий дээ. Манай хамтлаг тийм зүйлийг жигшдэг.
-Танай хамтлагийнхан өөрсдийнхөө хоббинд их анхаарал хандуулцгаадаг юм шиг ээ?
-Би чинь олон төрлийн юм хийнэ ээ. Хүн харахад хамтлагийнхаа DJ боловчиг хамтлагийнхаа арын бүх ажлыг хариуцдаг. Гэрээ хийнэ. DJ-гийн ажлаа хийнэ, хувийн бизнесээ авч явна, ар гэрээ зохицуулна гээд ажил мундахгүй их дээ.