Categories
гадаад мэдээ

“Дивали” баярын дараа Дели хотын агаарын чанар аюултай түвшинд хүрчээ

Энэтхэг орон даяараа хинду шашны “Дивали” баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Баялгийн бурхан Лакшмиг тахих уламжлалт баярыг энэтхэгчүүд өргөн дэлгэр тэмдэглэж, салют буудуулж, сүрэл шатааснаар агаарын чанарын үзүүлэлт эрс муудаж, Дели хотыг саарал манан бүрхжээ.

Өнөө өглөө гэхэд Дели хотод агаарын чанар аюултай түвшинд хүрсэн тухай мэргэжилтнүүд онцоллоо. “Дивали” баяр өнгөрсөн жил цар тахлын улмаас нэг жил хойшлогдсон байна. Тиймээс бүтэн жил өнжсөн шашны баяраа энэтхэгчүүд өргөн дэлгэр тэмдэглэж, их хэмжээний салют буудуулжээ.

Агаар мандлын тоосонцор PM-2.5-ын агууламж нь шоо метр тутамд 999 буюу хамгийн дээд үзүүлэлт болсон гэж Засгийн газрын агаарын чанарын хяналтын мэргэжилтнүүд мэдэгдсэн байна.

Харин хэд хэдэн бүс нутгийн хэмжээнд PM-2.5 тоосонцор шоо метр тутамд 500-тай бүртгэгдсэн нь агаарын чанар муу гэсэн ангилалд оржээ. Гэвч зарим хүн “Хинду шашны баярыг гутаах гэсэн оролдлого. “Дивали”-гийн салют нь баяр ёслолын салшгүй хэсэг бөгөөд Дели хот жилийн турш агаарын бохирдол ихтэй байдаг. “Дивали” баяр үүнд хамаагүй” гэсэн сэтгэгдлүүдийг цахим орчинд илэрхийлсээр байна.

Энэтхэг бол дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой улс юм. Дэлхий дээрх хамгийн их бохирдолтой 30 хотын 22 нь Энэтхэгт оршдог. Тус улсын хортой агаар жил бүр нэг сая гаруй хүний аминд хүрдэг гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Өнгөрсөн жил Дели хотод жижиг тоосонцор PM-2.5-ын хамгийн өндөр концентраци бүртгэгдсэн нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн аюулгүйн хязгаараас 14 дахин их байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *