Эрдэс баялаг, уул уурхайн нэгдсэн чуулган “Дисковер Монголиа-2019” ШангриЛа-д маргааш эхлэх гэж байна. Өмнөх жилүүдэд хоёр өдөр болдог байсан уг чуулган энэ жил нэг өдөрт болох юм. Чуулганыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Монголын уул уурхайн компаниудад өрсөлдөх чадварыг бий болгох нь” сэдэвт илтгэлээр нээх бол “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Уул уурхай салбар дахь төр хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр илтгэл тавихаар болжээ. Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Оюу толгой” төслийн явцын талаар илтгэл тавих юм байна. Чуулганы үдээс өмнөх хуралдааныонцлох илтгэлийг Фэнвэй эрчим хүч мэдээллийн үйлчилгээ лимитед компанийн ерөнхийлөгч Чанг Юү Жин тавина. Тэрээр “БНХАУ болон дэлхийн нүүрсний зах зээлийн дүн шинжилгээ” сэдвээр илтгэл тавих аж. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Эрдэнэс Таван толгой IPO: Төрийн өмчит компанийг олон улсын зах зээлд гаргах нь” сэдвээр илтгэл тавина гэж чуулганы хөтөлбөрт тусгажээ.
Үндсэн хуралдааны дараа чуулганы оролцогчид “Төслийн үнэлгээ хөгжлийг дэмжих нь” сэдвээрхуралдах нь. Тус хуралдааны үеэр “Лайон менежер лимитед” компанийн гүйцэтгэх захирал Хэдли Видапп “Олон улсын зах зээл: Өнгөрсөн жилийн хугацаанд хөрөнгө оруулагчийн хандлага хэрхэн өөрчлөгдөв” сэдвээр илтгэл тавих бол Оюу толгойнхэмжээний үнэ цэнэтэй дараагийн ордын хайгуулын ажлыг хийж буй “Кинкора коппер” компанийн ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирал Сэм Спринг өрөмдлөгийн явцаа танилцуулахаар болжээ. Тус хуралдааны үеэр “Эрдэнэ ресурс девелопмент” корпорацийн ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирал Сэм Спринг “Алтны өндөр агуулга бүхий шинэ дүүргийг хөгжүүлэх нь” сэдэвтэй илтгэл тавих юм байна. Хөвсгөлийн Овоотын ордоос нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж буй “Аспайр майнинг” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Дэвид Полл “Монголын дараагийн коксжих нүүрсний уурхайг байгуулах нь” сэдвээр илтгэл тавина гэж чуулганы зохион байгуулагчид хэлж байна.
“Дисковер Монголиа”-гийн үдээс хойшхи хуралдаан эрчим хүчийг онцолно. Эрчим хүчийг онцолсон хуралдааны даргалагч нь Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан. Тус хуралдааны үеэр “Эликсир энержи лимитед” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Нейл Йонг “Дотоодын зах зээлийг нүүрсний давхаргын метанаар хангах тухай” гэсэн сэдвээр илтгэл тавих юм. Үүнээс гадна “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Газрын тос боловсруулах үйлдвэр” гэсэн сэдвээр илтгэл тавихаар болжээ. Уг илтгэлүүдийн дараа “Монгол улсын геологийн боломжууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө.
“Дисковер Монголиа-2019” чуулганы сүүлийн хуралдаан “Монгол улсын хөгжлийг дэмжих нь” гэсэн сэдэв дор өрнөнө. Тус хуралдааны үеэр Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан “Нэгдсэн Ази хэмээх тодорхойлолт нь Монгол улсын хувьд ямар ач холбогдолтой вэ?” гэсэн сэдвээр илтгэл тавихаар болжээ. “Ковер Монголиа”-гийн үүсгэн байгуулагч Б.Мөнхдөл улстөрийн нөхцөл байдлын тухай илтгэл тавих аж. Уг хуралдааны хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УУХҮС-ийн дэргэдэх олон улсын зөвлөлийн дарга Камерон МакРей, Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан, Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Жийн Паскаль Н.Нгану нар оролцох юм байна.