Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Disability expo 2022” өдөрлөгийн үеэр 187 ажлын байр зарлажээ DNN.mn

ӨРӨГ.МН

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн “Disability expo 2022” өдөрлөгийг “Хүртээмжтэй хөгжлийн дэвшилттэй шийдэл, хүртээмжтэй эрх тэгш байдлыг дэмжихэд инновацийн үүрэг” уриан дор энэ сарын 20-нд зохион байгуулав.

Өдөрлөгт 45 ажил олгогч байгууллага 187 ажлын байр зарлаж, санал болгов. Ажил сонирхсон 106 иргэн оролцсон бөгөөд ажил мэргэжлийн зөвлөгөө, мэдээллийг давхардсан тоогоор 783 иргэнд хүргэж, ажилд орохоор 113 хүн анкет бөглөжээ. Харин байнгын ажлын байранд хөгжлийн бэрхшээлтэй 14 иргэн орсон бол өдөрлөгийн үеэр 4,650,000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн борлуулжээ. “Ард шоп” онлайн дэлгүүрээр бараа, бүтээгдэхүүнээ байнга борлуулахаар 6 хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэрээ байгууллаа.

Мөн “UBCAB” ХХК-ас тулгуур эрхтний бэрхшээлтэй 20 иргэнийг сонгон авч, энэ он дуустал такси үйлчилгээ үзүүлэх батламж гардууллаа. Такси үйлчилгээний хөлсийг нийгмийн хариуцлагаа ухамсарласан 20 компани хандивлаж, “Халамжаас хөдөлмөрт” бодлогын хүрээнд эхний ээлжинд ажил хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй 20 иргэнийг сонгосон байна.

Өдөрлөгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх, тохирох ажлын байранд нь зуучлах, тэдний хийсэн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, технологийн шийдлийг танилцуулсан юм.

ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, ХАҮГ, “Hand Pro” ХХК, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн газар, хэлтэс хамтран зохион байгуулсан энэ удаагийн “Disability Expo 2022” нь зөвхөн хөдөлмөр эрхлэлтээр хязгаарлалгүй боловсрол, эрүүл мэнд, технологийн шийдлийн хүрээнд төрийн байгууллага хувийн хэвшлийн хамтарсан түншлэлд тулгуурласан өдөрлөг болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *