Categories
мэдээ нийгэм

Дилав хутагт Б.Жамсранжавт холбогдох 1039 хуудас баримтыг ил болгоно DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар, Тагнуулын Ерөнхий Газар /ТЕГ/-ын Тусгай архивын хөмрөгт хадгалагдаж байгаа Дилав хутагт Б.Жамсранжавт холбогдох нууцад хамаарах нийт есөн хадгаламжийн нэгж бүхий 1,133 хуудас баримтаас Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан мэдээлэлд хамаарахаас бусад 1,039 хуудас баримтыг төрийн нууцаас гаргаж ил болгохоор шийдвэрлэсэн гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сануулахад, Шинэ үеийн тагнуулын байгууллага 1922 онд Дотоодыг хамгаалах газар нэртэйгээр байгуулагдсан үеэсээ эхлэн улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахын төлөө олон арван тагнуулын арга хэмжээ хэрэгжүүлж ирсний томоохонд тооцогдох нь Дилав хутагт Б.Жамсранжавыг гадаадад суурьшуулсан тагнуулын арга хэмжээ байв…

Улмаар Тагнуулын байгууллагаас Б.Жамсранжавыг бурхан шашны томоохон зүтгэлтэн, нэр нөлөө бүхий хутагт лам учир Банчин Богдод итгэгдэх үндэслэлтэй хэмээн үзсэн ба мөн дээд ангийн ламын хувьд мал хөрөнгөө хураалгаж, Эрэгдэндагвын “38”-ын хэрэгт холбогдон баривчлагдаж, хоёр жил тэнсэн харгалзах ялтай суллагдсан, 1928 онд Дотоодыг хамгаалах газраас Банчин Богдод мөргөхөөр явах зөвшөөрөл хүссэн боловч хойшлогдсон зэрэг асуудалтай нь холбогдуулан түүнийг “Монголоос оргон ирэв” гэсэн халхавчаар Банчин Богд руу явуулах төлөвлөгөө зохион хэрэгжүүлж, 1931 оны хоёрдугаар сард Дилав хутагтыг хил давуулсны дараагаар Монгол, Өвөр Монголын нутагт болон Монголоос дүрвэн гарсан иргэдийн дунд түүнийг “Эрэгдэндагвын 38-ын хэрэгт шийтгэгдээд эх орноосоо оргон гарлаа” хэмээн зарласан нь эхэн үедээ хүмүүст үнэмшлийг төрүүлсэн халхавч болсон хэдий боловч хожим цаг үеийн ээдрээт нөхцөл байдлын улмаас энэ халхавч нь жинхэнэ “оргодол” болгон хувиргасан гэх түүх бий…

Монголын тусгаар тогтнолыг Гоминьданы Хятадаар хүлээн зөвшөөрүүлэхэд Чан Кайшигийн дэргэд америкийн нэрт эрдэмтэн О.Латтиморын хамт зөвлөхөөр зургаан жил ажилласан Дилав хутагт Б.Жамсранжавын нөлөө их байсан бөгөөд О.Латтимор Монголд ирэхдээ “Дилав хутагт Монголын тусгаар тогтнолыг хятадуудаар хүлээн зөвшөөрүүлэхэд зохих хувь нэмрээ оруулсан хүн шүү. Та нар зөвөөр ойлгох ёстой” хэмээн өгүүлсэн нь Монголын тусгаар тогтнолын төлөө Дилав хутагтын байгуулсан түүхэн гавьяаг тодруулах нэгэн баримт юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *